П.Баттөр: Өмсөх хувцсаа биш өөрийгөө брэнд болго

"Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөртэй ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Гадны фестивальд явах уран бүтээл дээр ажиллаж байгаа. Одоогоор нэр нь нууц. Түүнээс гадна хувиараа нэг зүйл хийх гээд бэлтгээд явж байна. Бэлэн болохоор нь хүмүүс мэдсэн y, дээр байх. Би аливаа зүйлийг бүтсэн хойно нь ярих дуртай.

-Уран бүтээлтэй холбоотой зүйл биз дээ?

-Мэдээж. Нэлээн том асуудал болохоор цаг хугацаа ч их шаардах байх.

-Таны цээж нүцгэн авахуулсан зураг фэйсбүүкээр цацагдсан. Хүмүүс энэ хэзээ ийм булчин шөрмөстэй болчихсон юм бэ гэж их ярьж байсан?

-Хүний хийсэн зүйлийг муулаад, шүүмжлээд байдаг хүмүүс үнэхээр муухай. Өөрсдөө юу ч хийж чадахгүй, хийгээгүй байж бусдын хийж, бүтээж, хөдөлмөрлөсөнийг илүү харах өөдгүй. Гоё биетэй болчихвол энэ хэзээ тийм байсан юм гээд л атаархаж сууснаас би энэ хүнтэй яаж адилхан болох вэ, яаж илүү гарах вэ гэж өөрөө хичээж хөдөлмөрлөж, хөгжих хэрэгтэй гэж боддог.

- Хүмүүс эвлүүлэг байх гэж ярьж байсан?

-Хүмүүс итгэхгүй байна билээ. Би “IC” гээд фото студитэй хамтарч ажилладаг юм. Тэр чинь студи юм болохоороо хүний зурганд элдэв сүүдэр хийж, уран сайхны өнгө аяст оруулна шүү дээ. Тэгэнгүүт нь хүмүүс өөр хүний толгойн дээр эвлүүлсэн байна гэх мэтчилэн маш олон сэтгэгдэл бичсэн байна билээ. Би фитнессээр оюутан байхаасаа л хичээллэж эхэлсэн. Бараг найман жил болсон байна. Хүмүүс юм үзэх гэж театр, урлагийн байгууллагыг зорихдоо кайф авах гэж очдог. Уран бүтээлч хүмүүс авьяас чадвар, гоо сайхнаараа үзэгчдийг баясгаж байх ёстой юм. Тусгай салаа кинонд тоглохоос өмнө 2008 онд бодибилдингийн тэмцэээнээс хүрэл медаль авч байсан.

-Та “Тусгай салаа” кинонд их доожоогүй залуугийн дүр бүтээсэн болохоор хүмүүс таныг тэр дүрээр нь хүлээж авдаг байх?

-Түвшингийн дүр их сульдаа, бөгтийчихөөд л явж байдаг дүр л дээ. Би ч том хувцас өмсөж тоглосон. Хүмүүс тэр дүрээр маань хүлээж авчихаад энэ хэзээдээ ийм сайхан бие хаатай болчихов оо гэж гайхаад байх шиг байсан. Надад хүн хуурах шалтгаан, шаардлага байхгүй ээ.

-Улаанбаатар хотын амьдрал, амьдрах орчин нөхцөл ямар байна?

-Азийн цагаан дагина гэж ярьдаг. Яг үнэндээ шороо тоосондоо дарагдсан хот л болжээ. Сая тэр гадны сайдууд ирэхэд хичнээн цэвэрхэн болов. Уг нь болдог л юм байна билээ. Зам нь чөлөөтэй, олон цагдаа хяналтад гараад л. Даанч дөрөвхөн хоног мэдэрлээ дээ. С.Зоригийн хөшөөний урд талын никель хаалтыг савандаж угаасан шүү дээ, бүр. Сайд нар яваад л байхгүй. Гадныханд зориулагдсан улс юм уу. Иргэд нь нээрээ хэн ч биш ч юм уу. Манай залуус сайхан цэвэрхэн биеээ авч явдаг болжээ. Гэтэл амьдарч байгаа хот нь ийм шороо тоосондоо дарагдсан байхад хичнээн сайхан, цэвэрхэн байлаа гээд хэрэг алга аа. Зарим залуус ч ухамсар муутай байна. Сайхан, сайхан машин тэрэг уначихаад цонхоороо хогоо хаяад явах юм . Өнөөдөр л гэхэд түгжрээд явж байтал зам цэвэрлэж байгаа нэг эгч хажууд нь хогийн сав байсаар байхад хогоо шүүрдсээр байж усны хоолой руу оруулчихлаа. Би тэссэнгүй очоод хэлсэн л дээ. Та яаж байгаа юм бэ гэсэн чинь дуугарахгүй урдаас том нүд гаргаад хараад байснаа намайг эргээд явахад тэнэг энэ тэр гээд амандаа үглээд үлдсэн. Энэ мэтчилэн асуудал их байна даа.

-СУИС-д анх орж байсан үеээ дурсаач?

-Арван жилээ төгсөөд завсардсан л даа. СУИС-д ороход их мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд энд тэнд зөөгч, бармен хийгээд явж л байлаа. Сургалтын төлбөрөө олох гэж. Тэгээд СУИС-д 2004 онд анх орж байсан. Намайг анх Лхаасүрэн багш өлгийдөж авч байсан даа. Хүмүүс “Гарын таван хуруу”киноны Шагдарын дүрээр нь багшийг маань сайн таних байх. Багшийн бие нь өвдөөд хоёрдугаар курсээсээ Н.Ганхуяг багшийн ангид ороод төгсөж байсан. Төгсөөд УДЭТ-т шалгалт өгч тэнцээд тэнд дөрвөн жил ажиллаж байгаад гарсан. Одоо чөлөөт уран бүтээлч хийгээд явж байна даа. Дуртай юм аа хийгээд явж байх шиг сайхан юм байдаггүй л юм байна.

-Ямар дүр бүтээх юмсан гэж боддог вэ?

- Манай багш надад “Чи дүрийг голохгүй, дүр чамайг голно шүү” гэж хэлдэг байсан. Нээрээ л үнэн үг шүү. Жүжигчин хүн ямар ч дүрд хувирч тоглож чаддаг байх хэрэгтэй. Би хүний дургүй хүргэсэн зэвүүн дүр, бас эр хүний тэсвэр тэвээрийг харуулсан тулааны урлагтай ч юм уу, тийм кинонд тоглох юмсан гэж бодож явдаг. Тэгэхийн тулд бэлтгэл их хийдэг. Ер нь уран бүтээлч хүн хэзээд бэлэн байдалд байх ёстой. Би гүзээгээ унжуулаад байж байвал намайг тийм тулаантай кинонд тоглуулахгүй шүү дээ. Гадны жүжигчид булчин шөрмөс нь зангираад л гоё харагддаг. Монгол жүжигчин яагаад тийм байж болохгүй гэж.

-Та амьдрал дээр ямархуу зан ааштай хүн бэ?

-Их нээлттэй хүн шүү дээ. За бол за, үгүй бол үгүй гээд хэлчихдэг. Амласан бол амласандаа хүрдэг. Хүн бүр магтаалд дуртай. Шүүмжлэлд дургүй байдаг. Сайн шүүмжлэл сонсч чаддаг хүн амжилтад хүрдэг гэж би боддог. Өөрөө ч үүнийг биелүүлэхийг хичээж явдаг. Найзуудтайгаа хөгжилтэй байх үедээ хөгжилдөнө, шулуухан талдаа.

-Гэр бүл зохиосон уу?

-Амжаагүй явна.

-Яагаад амжихгүй байна вэ?

-Санаснаар болдог бол амьдрал зохиочихмоор л байна. Амьдрал баялаг болохоор нэг нартай сайхан өдөр ханьтайгаа учрах байлгүй дээ. Хүн бүр л одоо оройтлоо шүү дээ. Ихэр чинь эхнэр хоёр хүүхэдтэй болчихоод байна шүү дээ гээд л байнга хэлдэг. Ажил мэргэжлээс ч бас болдог байх. Ер нь болох ёстой юм болдгоороо болох байлгүй дээ.

-Таны сэтгэл санаанд нийцэх эмэгтэй хүн гарч ирэхгүй байгаа юм болов уу?

-Нэг өдөр гараад ирэх байх аа

-Танд ямар бүсгүй таалагдаг юм бэ, ер нь эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй юм бол?

-Маш их ухаантай л байх хэрэгтэй. Миний ажил мэргэжлийг ойлгодог, тийм л хүн хэрэгтэй. Манай монгол бүсгүйчүүд сайхан ч, сайн ч. Ер нь амжилтад хүрсэн эрчүүдийн ард дандаа сайхан бүсгүй хүн, халамжит хань нь байдаг. Хүмүүс залуудаа гэр бүл зохиогоод л тэгээд салалт их байна. Дунд нь хүүхэд хохирч үлдэх юм даа. Хүлээцтэй зан манай залууст дутагдаж байна. Хүлээцтэй байж, буулт хийснээрээ хэн ч , хэзээ ч буруудахгүй.

-Тусгай салаа кинонд гардаг шиг амьдрал дээр эхнэр тань таныг хардаж зовоогоод байвал кинон дээрх шигээ хүлцэнгүй байж чадах уу?

-Яг тийм хартай бол хэцүүл дээ. Ер нь их хартай хүмүүс өөрсдөө цаанаа ямар нэг асуудалтай хүмүүс байдаг гэж би боддог. Миний хувьд эхнэртээ үнэхээр хайртай бол тэгээд тэвчээд, засаад авахыг л бодно доо.

-Хайр сэтгэлд жендерийн асуудал бас их яригддаг шүү дээ. Эрэгтэй нь ингэх ёстой, эмэгтэй нь тэгэх ёстой гээд л?

-Үнэхээр нэг хүн таалагдаж байвал эмэгтэй хүн ч гэсэн яагаад сэтгэлээ илчилж болохгүй гэж. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх зүйл дээр 50:50 байгаасай л гэж хүсдэг. Эмэгтэй хүн гэхээрээ хоол хийдэг, хувцас угаадаг биш, эрэгтэй нь ч гэсэн завтай үедээ хийчихдэг хэн хэндээ дэм тустай л амьдрах хэрэгтэй юм даа.

-Таныг топ модель Одгэрэлтэй холбоотой, хамт амьдардаг гэж цуураад байсан. Хариулт өгөөч?

-Наран эгчийн нэг дууны клипэнд хамтарч тоглосон биш топ модель Одгэрэлтэй явдаг , бүр хамт амьдардаг энэ тэр гээд их л бичсэн дээ. Би тэр хүнийг хамт клипэнд тоглосноос нь хойш хараагүй. Хэрвээ үнэхээр явж байсан бол би шулуухан хэлчихнээ. Нууж хаах юу байхав дээ. Хүний амьдрал шүү дээ.

-Мөнгөний үнэ цэнийг юу гэж боддог вэ?

-Бүхл зүйл мөнгөөр хэмжигддэг болчихож. Залуучууд хэтэрхий мөнгө гээд мөнгөний араас яваад байна. Явахгүй бол болдоггүй л байх л даа. Мэдээж ар гэр, авгай хүүхэд нь хэцүүднэ. Хүн хүссэн зорилгынхоо араас явж чадвал хүссэн хүсээгүй мөнгө өөрөө ороод ирнэ. Багш маань мөнгөний араас явах биш, мөнгийг өөрийнхөө араас явуулдаг болоорой гэдэг байсан.

-Стиль имиж, гоо сайхандаа анхаарна биз дээ?

-Мэдээж шүү дээ. Ер нь урлагийн ч бай, биш ч бай ямар ч хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй. Өөрөө арчаатай байж бусдад үлгэр дуурайлал болно. Гоо сайханд ороод яваад байдаггүй . Зүгээр гэртээ гоо сайхны бүтээгдэхүүн авчихсан, оройд нүүрээ цэвэрлээд л өөрөө өөртөө гоо сайханч хийнэ. Өөрт чөлөөтэй л байвал ямар ч хамаагүй хувцас өмсөнө. Дуртай, таалагдсан юм аа өмсчихнөө. Цэвэрхэн байвал болоо. Ер нь бол таалагдсан юм аа үнэ хайрлахгүй авдаг. Эцсийн эцэст нэг л амьдарна шүү дээ. Өөрөөсөө харамлаад яах юм бэ. Гэхдээ зохицуулдаг байх хэрэгтэй. Өмсөх хувцсаа брэнд болгохоосоо илүү өөрөө өөрийгөө брэнд болгохын төлөө хичээх хэрэгтэй гэж би боддог. Хамт олон дундаа ажилдаа сайн, үнэхээр мундаг, нэр хүндтэй хүн байлаа гэхэд хичнээн хямдхан хувцас өмсөөд ч нэр хүнд нь доошоо унахгүй. Хийж байгаа ажил үйлсээрээ л манлайлах хэрэгтэй юм. Хүнийг битгий дуурай. Гагцхүү өөрөөрөө л бай.

-Таны сарын дундаж орлого хэд вэ?

-Хэлмээргүй байна. Ямар ч байсан болгоод л явж байна. Хүмүс хэлдэг юм билээ. Би бүх юмаа тоочоод байдаггүй.

-Ямар утас барьж байна?

-Iphone барьдаг.

-Царайлаг хүн гэж хэнийг хэлэх вэ?

-За яахав гаднаасаа харахад царайлаг хүмүүс зөндөө байна . Гэхдээ миний бодлоор царайлаг байна гэдэг бүх зүйл нь гоё байхыг хэлдэг болов уу. Сайхан сэтгэл, ааш зан гээд л цаанаасаа татагдаад байдаг хүнийгл хэлэх байх. Хүн бүр өөрийгөө царайлаг гэж боддог байлгүй дээ.

-Та ч бас тэгж боддог уу?

-Би өөрийгөө царайлаг гэж бодож байгаагүй ээ. Аятайхан, биеэ цэвэрхэн аваад явчихдаг тийм л залуу гэж боддог доо.

- Та ихэртэйгээ их адилхан уу?

-Өөр. Хоёр эсийн ихэр гэж байдаг юм байна л даа. Тэр нь бид хоёр. Сахал үс, биеийн байдал бол адилхан. Надаас өтгөн хөмөг, сахалтай. Ер нь их сайхан залуу бий.

-Хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөө байна?

-Доод тал нь гурав. Тэгээд тэрнээс дээшээ л болно. Олон хүүхэдтэй байх сайхан шүү дээ. Би өөрөө эхээс дөрвүүлээ л дээ.

-Орчин үед хүүхэд хүмүүжилгүй байна гэж ярьдаг болсон. Таны бодлоор?

-Нийгмээсээ л болоод байх шиг байна. Байнга зурагтаар элдэв юм үзээд л, компьютер тоглоом тоглоод л . Эцэг эх нь хүссэн юм болгоныг нь авч өгөөд л. Ер нь бол хүндхэн байгаа л даа. Бидний үед хонины толгой чанаж идчихээд, эрүүний яс бариад сууж байдаг байсан. Шороогоор байшин барилга барьж тоглоод, тэвэг өшиглөөд сайхан байж дээ. Ер нь хүүхдийг хайраар л дутааж болохгүй. Хайр мэдэрч өссөн хүүхэд зөөлхөн, энэрэнгүй, хүнлэг болдог. Хүн гэдэг амьтан гол нь хүнлэг байх хэрэгтэй.

-Фитнесээс гадна спортын ямар төрлүүдээр хичээллэдэг вэ?

-Биллиард, сагс тоглочихно, усанд сэлнэ, үсэрч харайсан юманд ер нь дуртай даа.

- Бүжиглэх дуртай байх нь ээ. Ер нь хамгийн сүүлд хэзээ цэнгээний газар орсон бэ?

-Нэлээн уджээ. Бараг хэдэн сарын өмнө манай найз гадагшаа явах гээд гаргаж өгөх гэж орсон. Тийм газар ороод ууж идэхгүй болохоор хэцүү байдаг юм аа.

-Архи уудаггүй, тамхи бас татдаггүй гэсэн үү?

-Тийм ээ. Манай ах, ихэр хоёр бас тамхи татахгүй. Ээждээ л баярлах юм даа. Ийм хүмүүжилтэй болгож өсгөсөнд нь. Тамхины хууль гараад үнэхээр гоё байна. Төр засгийн том дарга нартаа ганц удаа ч гэсэн баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ