Ц.Элбэгдорж: Ц.Бямбажав генерал хууль, дүрмийг чанд сахиж ажилласан тул Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилсон юм. Төрийн тэргүүн Батлан хамгаалах яаманд очиж Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ даргыг үүрэгт ажилд нь оруулж түүнд хошууч генерал цол гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн биеэр очиж төрийн албыг хүлээлцүүлэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нь төрийн албанд хүндэтгэлтэй хандах шинэ жишиг болж байна хэмээн ёслолд оролцсон хүмүүс үзэж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Бямбажав хуулийн дагуу хүсэлтээ гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Бямбажав генерал Монгол Улсын Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэлтэй сайн ажилласан. Үе үеийн төр, засаг, командлалын зүгээс тавигдсан үүрэг даалгаврыг сайн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн хууль, дүрмийг чанд сахиж ажиллаж ирсэн. Тийм учраас өнөөдөр Ц.Бямбажав генералын ажиллаж ирсэн хичээл, зүтгэлийг үнэлж Монгол Улсын төрөөс Сүхбаатарын одонгоор шагналаа.

Өнгөрсөн хугацаанд Ц.Бямбажав генералтай хамт олон болж ажиллаж ирсэн та бүхний ажлын үр дүнг мөн Монгол Улсын төр, Монголын ард түмэн ингэж үнэлж байгааг энд хэлэх нь зүйтэй юм.

Сүүлийн жилүүдэд манай Зэвсэгт хүчний зүгээс явуулж ирсэн үйл ажиллагаа, цэргийн хууль дүрмийг хэрэгжүүлэх, командлалын зүгээс тавигдсан үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд идэвх санаачлагатай сайн ажиллаж ирсэн. Энэ үйл ажиллагааг Монголын төр, манай ард түмэн өндрөөр үнэлдэг юм.

Өнөөдөр БХЯ,Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлийн удирдлагууд энд хүрэлцэн ирээд байна. Цаашдаа ч Монгол Улсын өмнө, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэхийн төлөө Монголын ард түмний зүгээс Монгол Улсын хуулиар бидэнд даалгасан үүрэг, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллах болно. Та бүхний санал бодол, хийж байгаа үйл ажиллагааг Монголын ард түмэн сонсдог, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг үйл ажиллагаа улам цаашаа үргэлжлэх болно. Ингээд Ц.Бямбажав генералдаа улам урт удаан насалж, Монгол төрийн төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэх үйл ажиллагаандаа сэтгэл тавьж, цэргийн хамт олондоо тусалж дэмжиж зөвлөж ажиллаж байгаарай гэдгийг бас хүсэн ерөөе.

Өнөөдөр хошууч генерал цолоор шагнагдсан, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг хүлээж авч байгаа Д.Даваа генералыг та бүхэн сайн мэднэ.

Д.Даваа генералд цэргийн мэргэжлийн хүний хувьд Зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажиллах, цэргийн дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах чиглэлд идэвхтэй сайн, санаачлагатай ажиллаж чадна гэдэг итгэлийг хүлээлгэж байна.

Энэ үйл ажиллагааг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс биш, өнөөдөр УИХ дээр бас гишүүд ярилцаж, УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох нь зүйтэй гэсэн чиглэл гаргасныг зөвшилцөж ирүүлсэн. Энэ бол Монголынтөрийн зүгээс, Монголын төрд сонгогдон ажиллаж байгаа хүмүүсийн зүгээс төр төлөөлөн үүрэг даалгавар хэрэгжүүлж, үүргээ биелүүлж яваа төрийн удирдах дээд байгууллагын зүгээс, Монголын ард түмний зүгээс Д.Даваа генералд үзүүлж байгаа, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаанд үзүүлж байгаа хүндэтгэл, нөгөө талаас том хариуцлага юм.

Энэ хариуцлага, хүндэтгэлийг дааж нэр төртэй сайн ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэн нэгэн хамт олон болж тавигдсан үүргийг сайн биелүүлж, хууль, дүрмээ сайн хэрэгжүүлж ажиллана гэсэн итгэлтэйгээр Д.Даваа генералыг би өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.

Д.Даваа генерал болон түүнтэй хамтран ажиллах бүх хүмүүс, Зэвсэгт хүчний байгууллагын удирдлагууд, анги, нэгтгэлийн нийт удирдлагуудад ажилд нь улам их амжилт хүсч, улам сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол Улсын төлөө бүгдээрээ хамтран хууль дүрмээ хэрэгжүүлж сайн, шударга ажиллаж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийг улсдаа төдийгүй дэлхийн олон улс орнууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө өндрөөр өргөхөд та бүхний үүрэг хариуцлага, хөдөлмөр чухал. Ингэж ажиллана гэдэгт итгэж байна. Өнөөдөр шинээр томилогдсон Д.Даваа генералд амжилт хүсч, та бүхэнд баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэлээ.






СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин