“Скайтел” ХХК-д газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/519 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.5 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн дэд бүтцийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “Скайтел” ХХК-д үүрэн холбооны станцын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд авто замын баруун талд 64 м2, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын аманд авто замын хойд талд 64 м2, “Эн Би Си” ХХК-д дахин дамжуулах станцын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд байрлах 90 м2 газрыг тус бүр 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.
Газар эзэмших эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ