УИХ Сентерра Гоулдад ухамсрын шанаа өгөв
2012-2016 оны УИХ хамгийн оргил буюу улс эх орон, ард тvмнийхээ төлөө түүхэн шийдвэр гаргаж чаддагаа харуулсан хуралдаан өчигдөр болоод өнгөрөв. Хэдийгээр Засгийн газрын 10 гишvvн хуралдаанд оролцоогүй ч тэд иргэний зориг, эх оронч ухамсар гарган 70 тонн алтны нөөцтэй Гацууртын ордын хувь заяаг ард тvмнийхээ талд уу, харийнхны гарт өгөх үү гэдэг түүхэн сонголтын өмнө “Үгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлснээрээ лав л сүүлийн гурван жилд үзэгдээгvй “зангидсан гар” байв.
“Хууль зөрчөөд ч хамаагvй Гацууртын 50 хувийг авъя”, “Гацууртыг ашиглахгүй бол монголчууд турж үхэх гээд байна уу” гэсээр Гацууртын ордод төр хувь эзэмших тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав. Хэдийгээр УИХ-ын дарга З.Энхболд санал хураалт дууссаны дараа “Гацууртын ордыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Арван сайд алга. Засгийн газар өөртөө гомдох хэрэгтэй. Хохь нь” гэсэн ч асуудлын гол нь хуралд суухаас “хулчийсан” 10 сайдад хамааруулж тэрхүү үгийг хэлээгүй нь тодорхой.
Монголчуудын энэ үеийнхний амьдралд амин чухал хамаатай стратегийн ордуудад төрийн хувь, эзэмшил тогтоох асуудалд тогтоод байсан буруу жишгийг халахад Засгийн газрын 10 сайд УИХ-ын чуулганд суулгүй эсэргүүцэл үзүүлж байгаад ч гэсэн зөв жишиг тогтоох эхлэл тавьснаараа, УИХ-ын “Эрхэм гишүүд” эх оронч эр зориг гаргаснаараа өчигдрийн чуулганыг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацааны оргил хуралдаануудын нэгэн гэж түүхэнд тэмдэглэвэл зохилтой.
Сайн муугаараа дуудуулан байдаг УИХ-ын гишүүд эцсийн эцэст нэг хүн шиг эвлэлдэн нэгдэж эх орон улс Монгол, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө “Бид Монголчууд” гэсэн зоримог шийдвэр гаргаж чадлаа.
Хамгийн гол нь эцэг өвгөдийнхөө шарил, бунхан оршдог хэдэн мянганы тvvхтэй Ноён уул, Гацууртын ордоо бид энэ удаа авч үлдэж чадлаа.
Магадгүй Ноён уулыг дархалж, тэндээс “Сентерра гоулд”-ыг хөөж гаргах дараагийн алхмыг ч “Тийм” хэмээн хийж чадах эр зориг, нэгдмэл сэтгэл, магадгvй хожмын өдөр муугаар бодоход Арбитрын шvvх дээр ч ялалт байгуулах эв, ухаанаа эрхэм гишvvд маань зангидаж чадлаа. “Албан ёсны компанид өгөх үү, нинжад өгөх үү гэдэг тэмцэл явж байгаа” гэдэгтээ бус Ноён уул энэ удаа Монголчууддаа үлдсэн нь, эрхэм гишүүд маань хөрөнгө оруулагч л гэвэл чөтгөр ч байсан тэвэрч авах гэж уралдан гүйлддэг ичгэвтэр байдалдаа хожимдсон ч гэсэн хатуухан дүгнэлт хийснийх, өчигдрийн УИХ-ын чуулганы гол ялалт байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ