Эмсийн хүрээлэн эртхэн байгуулъя

-Монголын 10 аймагт ДОХ-ын халдварт таржээ-

Дорнод, Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл гээд нар зөв тойрон, Улаанбаатарт төвлөрснөөр манай орон ХДХВ/ДОХ-ын вирусын довтолгоонд аалзны тор мэт сүлжүүлээд авчээ.

Дээрх тоог нуудаг ч улсын нууц биш юм. Яг л ерээд оны Тайланд, Макао, Тайванийг санагдуулам дүр төрх ажиглагдаж эхлэв. Тэд болгоомж алдсанаас түүнд ёстой л живсэн билээ.

Хөгшин Европын халзан өвгөчүүлийн хөлд дарагдан, секс туризм/секс жуулчлал/-ын төв болсон байв. Манайд ч энэ нь ажиглагдсаар удаж байна. Усны шувууд шиг урин цагаар ирээд, улаа бутарсан хөөрхөн охидыг маань хөтлөн зугаалдаг, цагаан толгойтой, шонхор хамартай, шар нөхдийг сонирхлын жуулчид гэж бодож байна уу? Үгүй дээ, тэдний дийлэнх өнөө секс туристууд шүү дээ.

Үнэнийг хэлэх цаг болсоон.Бид сүүлийн үед ганцхан мэдээг л тун ойрхон авдаг болсон нь сайны ёр биш байх. Долоон хоног өнжилгүй ДОХ гарлаа гэх болжээ.

Тэдний тоо 140 хүрчихлээ. Сэргийлэх арга нь уг нь их энгийн л дээ. Даан ч бид хэрэгжүүлж чадахгүй бололтой. Тайландууд ч чадаагүй гэдэг юм. Бэлгэвчийн хэрэглээг хэвшил болгочиход л гүйцээ шүү дээ.

Хотын захаар нэг тарсан дэн буудлуудаар үйлчлүүлэгчид бэлгэвч бараг авдаггүйг тэдний эзэд, үйлчлэгч, ресепшин нар нь ярьдаг. Бэлгэвчтэйгээ ирсэн юм уу гэхээр хэрэглэсэн нь харагддаггүй гэх. Ийм байхад яаж ч сэргийлэх билээ. Тэнд жинхэнэ замбараагүй секс өрнөж байна. Яг адгуус, мал шиг. Согтуу галзуу улс тэр талаар яаж ч бодохов.

Тэгэхээр яах ёстой вэ? гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Тайландын туршлагыг л нэвтрүүлнэ дээ. Тэд бүр цөхрөнгөө бараад хэрэгжүүлсэн ганц зүйл нь эмсийн хүрээлэн байсан юм. Бүр албан ёсны шүү. Үзэсгэлэнтэй сайхан охид тэнд үйлчлэх хөдөлмөр эрхэлнэ гэсэн үг. Янхан бус үйлчлэгч болно. Цалин авна. Нийгмийн даатгалаа төлнө.

Сургалтын төлбөрөө төлнө. Эцэг, эхдээ нэмэр болно. Өөрийгөө хувцаслаад, хооллочихно. Мэргэжлийн ажилчин юм даа. Эмнэлгийн нарийн хяналтад байх тул айлтгүй. Тэд бэлгэвчгүй секс хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэдэн мянган ам.доллар амлаад ч бүтэхгүй.

Манай биеэ үнэлэгчид адил үйлчлүүлэгчээ хэзээ ч “сэгсрэхгүй”. Сэтгүүлчийн ёсзүй гэдэг шиг өөрийн ёсзүй, хэм хэмжээтэй байх нь мэдээж. Тэгэхээр өөрийгөө ч, өрөөлийг ч халдвараас найдвартай хамгаалж буй хэрэг байгаа биз. Дам, дамаа эх орон, элэг нэгтнүүдээ хамгаалчихна.

Яг энэ аргаар тэд ХДХВ/ДОХ-ын халдварыг хазаарлаж чадсан билээ. ДЭМБ-аас сайшаагдан, үлгэр жишээ орноор тодорч байсан удаатай. Бид дэлхийн жишгээс хаагуур нь явах юм бэ, дагах үлдлээ. Эмсийн хүрээлэн эртхэн байгуулъя. Эс тэгвэл эргэлтгүй алдана. Бид дэндүү цөөхүүлээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ