“Самсунг” Монголд цахилгаан станц барьж харагдаач
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр ЭХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж ДЦС-5-ыг барих газрын байршлын талаар мэдээлэл хийлээ. Гурван Засгийн газар дамнан яригдаж, хоёр удаагийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн энэ асуудлын талаар Я.Содбаатараас эхлээд ямар ч мэдлэггүй атлаа их мэдэгчийн дүр эсгэх нь өрөвдөлтэй. Монгол Улс гал алдах дээрээ тулж, өнөөдөр нийслэлд энд тэндгүй цахилгаан хязгаарлаж байна.
Таван жил цаасан дээр яригдсан ДЦС-5-ыг Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын орчим Хөлийн голын хөндийд барихаар товлосон. Гэвч газар чөлөөлөх, техник. эдийн засгийн судалгаа хийх гээд зөндөө ажил зуун задгай байна. Уг нь жил гаруйн өмнө ТӨХ-ноос “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” хамтарсан консорциумыг концессын гэрээний дагуу давуу эрхтэй оролцогчоор шалгаруулсан юм. Гэтэл шинэчлэлийн Засгийн газрын өнгөнд хэн нэг нь хар муур гүйлгэж, БНСУ-ын “Самсунг” компаниар гүйцэтгүүлэхээр болжээ. Үүнд эрхэм гишүүн асан “Очир төв”-ийн босс, замыг там болгодог Д.Дамба-Очирын гар хөл оролцсон гэх юм билээ. Тэр өмнө нь “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв” гэсэн консорциумын нэрээр ороод өвдөг шороодсон мөртлөө хаширсангүй. Өдгөө тендер задарсан шалтгаан нь ердөө “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллараас хялбархан хумслах санаархал.
“Самсунг” арав хүрэхгүй жилийн өмнө Казахстаны Балхашт Дулааны цахилгаан станц барьж өгнө гэж тендер авчихаад одоо хэр шав тавьж чадалгүй орхисон. Ер нь Өмнөд Солонгосын “Самсунг” авлигаар Азидаа гаршсан гэгддэг. Анх элсэн чихрийн бизнесээр гараагаа эхэлсэн энэ компани одоо электроникийн салбараас эхлээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч байсхийгээд л шүүхийн хаалга татахад хүрдэг. Элсэн чихэр дотроо мансууруулах бодис,нууж хил давуулахаар завдсан, эцэг хүү хоёр босс нь нэг хүүхэнтэй явалдаж байгаад шившгээ хутгасан дуулиант баримт цөөнгүй бий. Ямар сайндаа л тэр хүүхэн нь Америкт нүүр буруулж байхав. Нүүрсээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх станц барих ямар ч туршлагагүй гэдгийг нь Казахстаныг хулхидсан жишээнээс бэлээхэн харж болно. Казахстан эрчим хүчний салбараа америкчуудад хувьчлаад гал алдахын даваан дээр хоёр дахин их үнээр арай чамай буцааж авч байсан гашуун сургамж амссан улс. Тэр гашуун сургамж бидэнд ч нэгийг сануулж байна..
Хүн төрөлхтөн гал гаргаж чадсанаар хөгжлийн шинэ шатанд гарсан шиг улс орны эдийн засгийн өсөлтийг эрчим хүчгүйгээр төсөөлөх нь нэгэнт өнгөрчээ. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун шинэ эринд шилжих талаар хэлэхдээ, дэлхий дахинд хоол хүнсний хэрэгцээ даруй 50 хувь, эрчим хүч хоёр дахин, цэвэр ус 35 хувиар нэмж шаардагдана гэдгийг анхааруулсан билээ. Гэтэл манай улстөрчид гадаадынхны гар хөлийн үзүүрт гал голомтоороо тоглосоор байх уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ