Их мастер Б.Мөнгөнтуул 3,5 оноотой тэргүүлж явна

Шатрын ААШТ Филиппиний нийслэл Манила хотод тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн ААШТ-д манай улсаас найман шатарч оюун ухаанаа сорьж байна.

Филиппиний нийслэл Манила хотноо шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ явагдаж байгаа билээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер Ц.Батчулуун, Их мастер Б.Гүндаваа, ОУМ Г.Мөнхгал, FM С.Билгүүн, залуу тамирчин Б.Галмандах, эмэгтэйчүүдийн ангилалд Их мастер Б.Мөнгөнтуул, Фиде мастер У.Лхамсүрэн Б.Ану нар оролцож байна. Одоогоор шатарчид дөрвөн өрөг тоглоод байна. Их мастер Б.Мөнгөнтуул 3,5 оноотой эмэгтэйчүүдийг тэргүүлж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд эхний таван байрт шалгарсан шатарчид харин эмэгтэйчүүдэд зөвхөн түрүүлсэн шатарчин Дэлхийн цомын АШТ-д оролцох эрх авна. 4 өргийн дараах байдлаар Их мастер Б.Гүндаваа 1,5 оноотой, Ц.Батчулуун 2,5, Г.Мөнхгал 2,5, С.Билгүүн 2.0 Б.Галмандах 1.0, эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнтуул 3,5, У.Лхамсүрэн, Б.Ану нар 1,5 оноотой явж байна.

Шатрын ААШТ-д Бангладеш, Иран, Хятад, Монгол, Малайз, Казахстан, Энэтхэг, Индонез гэсэн 14 орны шатарчид оюун ухаанаа өрсөлдүүлж байгаа юм. Энэ тэмцээн 5-р сарын 26-ны өдөр өндөрлөнө.

Дэлхийн цомын АШТ нь хоёр жилд нэг удаа явагддаг. Харин эрх хүртсэн эрэгтэй 128, эмэгтэй 64 шатарчин хасагдах /knock-out/ системээр тоглодог юм. Энэ тэмцээнд урьд нь Б.Мөнгөнтуул 2008, 2010 онуудад өрсөлдөж тухай бүртээ нэг давж шилдэг 32-т үлдэж байсан билээ.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ