Н.Удвал сайд Мянганы Сорилтын Корпорацийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберт Рийд-ийг Монгол Улсад ажиллах хугацаа дууссантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Монгол Улс болон АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээний дагуу олгосон нийт 285.0 сая гаруй ам.долларын санхүүжилтийн хөрөнгөөр Монгол улсын гол зургаан салбарт хэд хэдэн төслүүд хэрэгжиж байгаа нь тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ ялангуяа эрүүл мэндийн салбарт 41.0 сая ам.долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төсөл хэрэгжиж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй үйл ажиллагаа болж байгааг онцлон тэмдэглэв.

Ноён Рийд энэхүү компакт гэрээний дагуу төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төсөл нь нийслэл хотын 9 дүүрэг болон 21 аймгийн хүн амыг хамран хэрэгжиж байгаа бөгөөд цаашид олон улсын оношлогоо, эмчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэн хэллээ.

Уулзалтын явцад талууд төслийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа зарим бэрхшээлтэй асуудлуудаар харилцан санал солилцож, Сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ноён Рийд-д дахин талархал илэрхийлж, түүний цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ