З.Энхболд: Чөлөөт худалдаа нь Монголчуудад цоо шинэ ойлголт биш

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхний амрыг эрэн мэндчилье.

Энэ жилийн эдийн засгийн чуулган нэг талаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан бизнесийн мөчлөгийн хүнд үе, нөгөө талаас Монголын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг илүү бодитойгоор томъёолох шаардлага тулгарсан онцгой үед болж байна.

Үнэхээр ч өнөөгийн эдийн засагт үүссэн хүндрэл нь бидэнд эдийн засгийнхаа салбаруудын харилцан үйлчлэлийг зөв ойлгох, бодлогын гажуудлаа засаx, төлөвлөсөн бүтээн байгуулалтаа шамдан хийхийг шаардаж байна. Энэ жилийн эдийн засгийн чуулган нь Монголын эдийн засгийн богино хугацааны савлалт, урт хугацааны чиг хандлагыг олон талаас нь хөндөн ярилцсан нь сайшаалтай байна.

Монголын бодит эдийн засгийн онцлог, түүнд тулгарч буй шинэ сорилт, шинэ боломжуудын талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя.

Хэдхэн жилийн өмнө манай эдийн засгийн өсөлт жилийн 17 хувьд хүрч дэлхийд гайхагдаж байсан. Харин энэ их өсөлт 3-хан жилийн дотор 7.8 хувь хүртлээ буурлаа. Эдийн засгийн өсөлт ингэж хүчтэй саарахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө.

  • 1 дүгээрт, манай эдийн засаг түүхий эдийн үнэ, эрэлтээс шууд хамааралтайбайна.

  • 2 дугаарт, эрдсийн үнийн савлагаа, динамик чиг хандлагаас хамааран энэ чиглэлд орох хөрөнгө оруулалт огцом өсч, буурдаг нөлөөлөлтэй.

  • 3 дугаарт, нэгэнт нийт эдийн засгийн хэмжээ бага, бас уул уурхайн хөрөнгө оруулалт нь богино хугацаанд огцом цутгасан хэлбэрээр явагддаг тул манай эдийн засагт маш том савлагааг бий болгож байна. Жишээлбэл, 2011-2012 онуудад 4 тэрбум ам.доллар давж байсан гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь зөвхөн Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалт байсан.

  • Түүнчлэн, манай төсвийн орлогын 20-30 хувийг уул уурхайн салбараас олдог гэдгээрээ манай улс дэлхийд маш дээгүүр, эхний 30-д жагсдаг. Тиймээс уул уурхайн салбар манай төсөвт хүчтэй нөлөөлдөг. Үүнийг үл харгалзан уул уурхайн салбарын орлогоос хамааран зардлаа хүчтэй тэлсэн хэт "pro-cyclical" төсвийн бодлого явуулсан нь асуудлыг улам хүндрүүллээ.

Уул уурхайгаас хамааралтай жижиг эдийн засагт хүчтэй савлaгаа байнга нүүрлэх юм байна гэдгийг бид хатуу ойлгож, сургамж авсан жилүүд байлаа. Манай улсшиг хөгжиж буй орны хувьд бизнесийн мөчлөг нь гүнзгий савлагаатай байдаг нь түгээмэл үзэгдэл юм.

Монголын эдийн засгийн бас нэг онцлог нь дэд бүтэц, уул уурхайн бус салбарууд харьцангуй сул хөгжсөн байдал мөн.

Тэгэхээр манай эдийн засгийн үндсэн бодлого нь түүхий эдийн богино хугацааны мөчлөг бүхий савалгаатай зөв харьцах, урт хугацааны өсөлтийг бий болгох дэд бүтэц, аж үйлдвэрээ тэтгэсэн хөрөнгө оруулалтыг хангах гэсэн хос бодлогоор тодорхойлогдоно.

Аж үйлдвэржилтийн суурийг тавих нь улс орны хувьд чухамдаа хүүхэд эхлээд уншиж, бичиж сурдагтай адил зайлшгүй дамжих ёстой хөгжлийн үе шат юм. Нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байж бид үндэсний баялгаа бодитойгоор өсгөж чадна. Ингэснээр манай эдийн засаг илүү тогтвортой болж хурдтай өснө.

Хамгийн энгийн жишээ хэлье. Дэлхийн зэсийн үнэ ганц жилийн дотор 2-3 дахин өсч буурах нь энгийн үзэгдэл байхад зэс ашиглан хийдэг тоног төхөөрөмжийн үнэ бараг савладаггүй гэж хэлж болно. Ямар ч зэсийн нөөцгүй Япон, Солонгос, Тайвань гэсэн 3 улс нийлээд электрон төхөөрөмжийн доторх хэвлэмэл зэс хавтангийн дэлхийн зах зээлийн 40 хувийг үйлдвэрлэж байна. Тэгвэл бид өөрсдийн зэсээ ашиглан энэ харьцангуй энгийн технологи бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлийн тэн хагасыг эзэлье гэсэн амбицтай байж яагаад болохгүй билээ.

Аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ манай нийт өрхийн тэн хагас нь хамрагддаг ХАА-н салбарын хөгжлийг мөн онцгой анхаарах ёстой. Ингэх нь ажил эрхлэлтийг тогтворжуулж, дотоодын зах зээлийг хөгжүүлэх суурь болно. Азийн орнуудын туршлагаас үзэхэд ХАА-н салбар нь дундаж давхаргыг бэхжүүлэх, дотоод зах зээлээ тэлэх суурь болж улмаар экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болж өгчээ.

Бид үндэсний баялгаа арвижуулахдаа ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах ёстой. Эс тэгвэл, түүхий эдийн зах зээлийн савлагаа нь хөдөлмөрийн зах зээл дээр маш том сөрөг цохилтыг байнга үүсгэнэ. Энэ нь үндэсний чадварлаг ажиллах хүчин тогтвортойгоор дадлагажин, бойжиход саад болж улмаар хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлнө.

Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Бид сүүлийн хоёр жилийн турш төгрөгийн ханш уналаа гэж хэт улстөржсөн. Гэтэл төгрөгийн ханшны уналт нь уул уурхайн бус салбарын экспортод маш таатай орчин бүрдүүлж байгааг одоо хүртэл зохих ёсоор нь үнэлэлгүй явж иржээ. Төгрөг сул байсан сүүлийн ганц жилийн дотор манай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн зарим салбарын экспорт 25-60 хувиар нэмэгдсэн байна. Уул уурхайн бус экспорт.

Өргөн уудам нутагт хүн ам нь сийрэг тархан суурьшсан манай улсын хувьд дэд бүтцийн зардал их байдаг тул Засгийн газрын зардал ч өндөр байхаас өөр аргагүй. Мэдээжээр, Засгийн газрын орлогод уул уурхайн салбар том жин дарж байгаа. Тиймээс уул уурхайгаас хэт хамааралтай энэхүү бодит байдал ойрын ирээдүйд хүссэн хүсээгүй үргэлжилнэ.

Мөн түүхий эдийн үнэ, эрэлт огцом унасан үед бид зээл авах замаар амин чухал хөрөнгө оруулалтаа унагаахгүй авч явж чаддаг байх ёстой.Дашрамд хэлэхэд, манайхаас өөр өрийн таазтай улс тийм ч олон биш. Жишээлбэл, 2013 оны 8-р сарын байдлаар АНУ, Дани, Кени, Малайз, Намиби, Пакистан, Польш зэрэг цөөн улс өрийн таазтай байжээ. Эдгээр орнууд олборлох үйлдвэрлэл багатай байгаа нь санамсаргүй хэрэг биш байx.Манайхаас илүү байгалийн баялгийн орлоготой хэрнээ, өрийн таазтай улс гэвэл зөвхөн Малайз байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь олборлох салбараасаа хүчтэй хамаардаг олон улс өрийн таазгүй байгааг харж болно.

Байгалийн баялгаас олж буй орлогыг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад төр, иргэд, компаниудын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын түншлэл гэж байдгийг та бүхэн сайн мэднэ. Монгол улс 2006 онд энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхээ тунхагласан. Манайд үйл ажиллагаа явуулдаг Centerra Gold, Rio Tinto, Sumitomo зэрэг дэлхийн том уул уурхайн компаниуд энэ санаачлагад нэгдсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор, УИХ-ын чуулганы 2015 оны 2 сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрдэс Баялгийн Салбарын Ил Тод Байдлын Тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл батлагдсанаар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, мэдээллийг нээлттэй байлгах, нэг цэгт төвлөрүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн, уул уурхайн компаниудын талаарх үнэн бодитой мэдээлэл авахад хялбар болно.

Манай эдийн засагт үүсээд байгаа бас нэг шинэ боломж нь манай хоёр хөрштэй холбоотой. Өнгөрсөн намар Хятадын ерөнхийлөгч Си, Монгол Хятад Оросыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх саналыг дэвшүүлсэн.Энэ нь Монгол, Орос, Хятадын хоорондын зам тээврийн уялдааг сайжруулах, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх боломж олгоно. Мөн энэ санаачлагын хүрээнд улс дамнасан цахилгаан эрчим хүчний шугам барихыг зорьж байгаа. Энэ шугамыг ашиглан бидэнд Хятад руу эрчим хүч экспортлох боломж бүрдэнэ.Хятадын хотуудын хурдтай хөгжлөөс үүдэн эрчим хүчний эрэлт хэрэгцээ маш хурдтай өсч байгааг энд тэмдэглэе.

Манай улсын хувьд АНУ, Япон, ХБНГУ, БНСУ зэрэг чадалтай 3 дахь хөршгүйгээр хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх нь амаргүй. Сар гаруйхны өмнө Монголын эдийн засагт гарсан нэг том онцлох үйл явдал бол Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Монгол Улсын Их Хурал уг түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэж баталсан.Япон улсын парламент ойрын хугацаанд батлана гэдгээ илэрхийлээд байна.

Япон улс өмнө нь 14 оронтой түншлэлийн гэрээ байгуулсан. Харин манай хувьд Япон нь чөлөөт худалдааны гэрээ хийсэн анхны орон болж байна. Гэхдээ чөлөөт худалдаа нь монголчуудын хувьд цоо шинэ ойлголт биш. Тухайлбал Монголчууд 13-15 дугаар зуунд Торгоны Зам, Номхон Далайн эргийн замаар холбогдсон Евразийн өргөн уудам нутгийг бүрхэх худалдааны чөлөөтэй, аюулгүй бүс нутгийг бий болгож байлаа.

Японтой байгуулсан түншлэлийн гэрээ нь Торгоны замын нэгэн адил манай гадаад худалдааны эргэлтийг сайжруулах нь ойлгомжтой.Гэхдээ энэхүү түншлэлийн цар хүрээ нь дан ганц гадаад худалдаагаар хэмжигдэхгүй.Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж буйтай холбоотойгоор, манай улс нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч, Японы аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орохыг зорьж байна.

Аж үйлдвэр өндөр хөгжсөн Японтой хамтран ажиллаж боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Японы компаниудийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч хууль эрхзүй, дэд бүтцийн орчинг бүрдүүлэх талаар цаашид анхаарч ажиллана. анхаарах нь зүйтэй. Японы хөрөнгө оруулалтаар технологийн чиглэлийн үйлдвэрүүд байгуулагдан амжилттай ажиллаж байгаа нь сайшаалтай. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь зөвхөн өндөр технологид суралцах давуу талтай төдийгүй аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлэхийн үндэс болсон менежментийг нутагшуулах, хөдөлмөрийн хүний ухамсрыг бүрдүүлэх, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Монголын эдийн засаг нь олон талтай, маш баялаг динамиктай эдийн засаг. Энэ бүхнийг бид жилдээ ганц удаа цугласнаар хэлэлцэж дуусахгүй. Энэхүү чуулганаар яригдсан асуудлууд болон хөндөж амжаагүй олон чухал сэдвийг бид тогтмол хэлэлцэж, илүү нарийн тоо баримт түшин судалж, үр дүнг нь Монголын эдийн засаг, нийгмийн бодлогод бүтээлчээр тусгах нь зүйтэй.

Чуулганы нийт оролцогчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Улаанбаатар хот 2014.04.03

СЭТГЭГДЭЛ БИЧИХ