Бизнес чуулга уулзалт энэ сарын 15-нд болно
Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж буй өргөн цар хүрээтэй ажлын хүрээтэй ажлын хүрээнд зохион байгуулагдах энэхүү чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн хувьсгал хийх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Мөн Улаанбаатар хотыг нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх алсын зорилготой уулзалт болно гэж албаныхан үзэж байна.
Чуулга уулзалтад УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцоно. Зохион байгуулагчид чуулга уулзалтаас Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, оролцогчид Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төслүүдийн талаарх мэдээлэл авах, худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөтэй танилцаж, харилцан санал солилцох зэрэг үр дүнг хүлээж байна. Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглалыг зарлах бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.
Чуулга уулзалтыг зохион байгуулахад 94 150 000 төгрөг шаардлагатай гэсэн тооцоог ажлын хэсгээс гаргасан бөгөөд тус хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн удирдлагууд тус чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэж тооцож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ