Гацууртын ордын лицензтэй талбайд булш, дурсгал илрээгүй гэв

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан тайлбар дүгнэлтийг хүргэж байна.

Ноён уул, түүний орчны бүс дэх Археологийн дурсгалын хадгалалт, хамгаалалтын тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулахаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ноён уул, түүний орчны бүс дэх археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтын талаарх бодит мэдээллийг танилцуулж байна. Ноён уулын дурсгал нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон дагалдах булшнаас бүрдэнэ. 1912 онд анх санамсаргүй байдлаар олдож, 1924- 1927 онд хийсэн Оросын археологчдын малтлагаар алт, мөнгөөр хийсэн амьтны загварт урлагийн бүтээлүүд, ханз үсэгтэй лаакан аяга сав, хивс нэхмэл эдлэл, дээл хувцас, сүйх тэрэг зэрэг олон тооны үнэт олдвор илэрсэн нь дэлхийн XX зууны их нээлт хэмээн зарлагдаж байв. Үүнээс 20 гаруй жилийн дараа тус дурсгалт газарт Монголын үндэсний археологчид Ц.Доржсүрэн, Д.Наваан нар малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсэн байдаг. 2006-2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-угсаатан зүйн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд Ноён уулын Сүжигтийн аманд язгууртны дөрвөн булш, Зурамтын аманд нэг жижиг булш малтан шинжилсэн. Энэхүү судалгаагаар Хүннүгийн түүх, соёл, аж ахуй, зан заншил, гадаад харилцааны асуудлыг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулах олон гайхамшигт олдворуудыг нээн илрүүлж, сэргээн засварласан юм. Хэнтийн нурууны томоохон салбар уулын нэг болох Ноён уул нь ойролцоогоор 650 ам км талбайг эзлэн орших бөгөөд Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуун мод, Булагтай зэрэг 20 орчим ам бүхий томоохон бүс нутаг юм. 1990-ээд оноос манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж ирсэнтэй холбоотойгоор тухайн бүс нутаг уул уурхайн лицензийн талбайд хамрагдаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор 1999- 2000 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн (тухайн үеийн) археологийн судалгааны баг Монгол Улсын холбогдох хууль журмын дагуу "Каскадиа Майнинг” компанийн захиалгаар Ажнайн даваа, Билүүтийн ам, Улаан Билүүтийн ам, Зуун модны ам, Гацууртайн ам, Булагтайн аморчимд хайгуул судалгааг гүйцэтгэж 81 дурсгал олж илрүүлсэн юм. 2005 онд “Сентерра Гоулд” ХХК-ний захиалгаар МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн судлаачид Сүжигт, Зурамт, Гацуурт, Зуун модны аманд хайгуул гүйцэтгэж, нийт 63 дурсгал илрүүлсэн байна. Ийнхүү Ноён уулын бүс нутагт нийт хүрэл зэвсгийн үе, хүннү, дундад зууны үед холбогдох 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байгаа юм. ШУА-ийн Археологийн хүрээлэн нь сүүлийн жилүүдэд соёлын биет өвийг судлах, сурталчлах, хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2014 онд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд гэсэн номинацад Ноён уулын дурсгалыг бусад дөрвөн дурсгалт газрын хамт ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн үндэсний урьдчилсан жагсаалтад албан ёсоор нэр дэвшүүлээд байна. 2012 онд Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолоороо Сүжигт, Зурамт, Хужиртын амны Хүннүгийн язгууртны булшийг оролцуулан 129.6 га талбай хамгаалалтын хилийн бүсийг тогтоосон. Гацууртын ордын олборлолтын талбай нь Ноён уулын Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрын зүүн захын цэгээс шулуунаар зүүн хойш 5.8 км зайтай оршдог. Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд 1999, 2000, 2005 онуудад хийсэн хайгуул судалгааны явцад булш, дурсгал илрээгүй байна. Харин лицензийн талбайн хилээс зүүн урагш 200-800 метрийн зайтай таван тооны чулуун дарааст жижиг булш, зүүн хойш 800 метрийн зайд ваарны хагархай бүхий илэрц, хойш 2.2 км зайд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш нэг тус тус бүртгэгдсэн байна.

ШУА-ИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ