Хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг төсвийн тодотголын төсөлд тусгалаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх, 2015 оны төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлээр төлөвлөгдсөн ажлуудыг хийж, гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажилласан байна.
Тухайлбал, нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд эмнэлгүүдэд хүүхдийн тасаг шинээр байгуулах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөтгөн эмчилгээ, тоног төхөөрөмжөөр хангахад 2,8 тэрбум төгрөг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт хандивласаншээсний шинжилгээний зөөврийн аппаратыг оруулж ирэх татварын зардалд 130 сая төгрөг, Бага сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 3,8 тэрбум төгрөг төсөлд тусгажээ.
Нийслэлийн 2015 оны төсөвт Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоход 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан бол төсвийн өөрчлөлтийн төсөлд 2 тэрбум төгрөг нэмэхээр санал оруулсан байна. Бичил бизнесийг дэмжих зээлийг хэрэгжүүлэхэд 2014-2015 он дамжин 6,7 тэрбум төгрөг зарцуулах бол тодотголоор 7,5 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөжээ. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад 3 тэрбум төгрөг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихад 500 сая төгрөг тусгалаа.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл эдийн засаг хямралтай байгаа ч ажлынхаа цар хүрээг улам нэмэгдүүлж, ажлын хурдаа ахиулах хэрэгтэйг нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд анхааруулсан. Үүний дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг төсвийн төсөлд боловсруулахад бүрэн тусгасан гэдгийг онцлон хэлсэн юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, нийслэлийн 2015 оны төсвийн өөрчлөлтийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар болж, цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах санал гаргалаа.
Тодруулбал, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаас бүрдүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн 2015 оны төсөвт 434,3 сая төгрөг бүрдүүлэхээр тусгасан бол тодотголоор нэмж 282 сая орчим төгрөг тусгасан байна. Энэ нь чамлалттай тоо. Тиймээс өмчит газруудын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэлээ.
Харин нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай: Олон жил алдагдалтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж, үйл ажиллагааг нь сайжруулах, төрийн ачааллыг багасгах замаар хувьчлах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм.
Нийслэлийн 2015 оны төсвийн өөрчлөлтийн төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 03 дугаар сарын 12-ны өдөр НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ