Япон 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээлээ. Энэхүү хэлэлцээр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг зэрэг урагшлуулахад чухал үндэс суурь бөгөөд хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа Ерөнхий сайд нар илэрхийлсэн.

Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор болсон зэрэг бодит үр дүн авчирсан айлчлал боллоо. Тухайлбал, JBIC-ийн хүрээнд Японы техник технологи оруулж ирэх хамтын ажиллагааны туршилтын хугацаа энэ зургадугаар сард дуусна. Тиймээс дараагийн ажиллагаанд шилжих төслөө ярилцжээ. Мөн байгаль орчныг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн, энэ төслийн гуравдугаар шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон байна. Мөн иений хоёрдугаар шатны Монгол улсад санхүүжүүлэх зээл олгох энэ боломжийн талаар ярилцсан гэв. Хамгийн гол нь зээл гэдгээр нь асуудалд хандалгүй, эдийн засгаа тэлэх, шинэ эх үүсвэр олох чиглэлээр хамтарч ажиллах олон боломж байгаа гэдэгт голлож ярилцсан аж.

Мөн хөтөлбөрт ороогүй ч хэд хэдэн үйл явдал болжээ. Жишээлбэл, Японы хамгийн том гурван сүлжээ буудлын нэг “Окура” 2016 онд болох ACEAM-ийн чуулга уулзалтын гол танхимыг барьж өгөх асуудлыг ярьж байна. Парламентын гишүүдтэй яриа хэлэлцээрийн сэдэвт ороогүй ч гэсэн дипломат паспорт эзэмшиж байгаа иргэдэд тус улсад визгүй зорчих боломж гаргах, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох хүсэлт тавьсан. Энэ асуудал ойрын үед шийдэгдэх боломж байгаа гэнэ.

Ерөнхий сайдын айлчлалын араас УИХ-ын даргын айлчлал залгана. Тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцохоор төлөвлөж байгаа юм. Монголчуудын олон жил хүлээсэн энэ асуудал дараагийн айлчлалын хүрээнд шийдэгдэх бололцоо гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ