О.Сүрэн: Төмөр зам үндэсний аюулгүй байдлын баталгаа шүү дээ
Б.ПҮРЭВДАШ (СГЗ)
Х.БҮРЭНТОГТОХ
УИХ-ын гишүүн асан, инженер О.Сүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа толилуулж байна. Тэрбээр ухамсарт бүх л насаа төмөр замын байгууллагын ажил, амьдралтай холбож ирсэн хүн юм. Улс орны хөгжил цэцэглэлтэд төмөр замын ач холбогдол, түүний эргэн тойрон дахь асуудлаар хөөрөлдлөө.
- Та төмөр замын суурь бүтцийн талаар сонирхолтой ярилцлага “Үндэсний шуудан” сонинд манай нэртэй сэтгүүлч Г.Отгонбаяртөгсөн байсан. Бид ч гэсэн энэ сэдвийг мөлжье гэж бодлоо. Төмөр зам барих тухай Монголчууд ярьдаг болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтаар барих тухай бас ярьж байна. Энэ нь аль зэрэг зохистой байдаг юм бол?
- Төмөр замыг яаж, хэнээр хэрхэн бариулах нь чухал биш ээ. Гол нь баригдсан төмөр замын өмчлөлийн асуудал л байгаа юм. Учир нь өмчлөлийнхөө хэлбэрээс бүх юм хамаардаг. Энэ нь төмөр замаар явах ачаа тээврийн тарифийн асуудлаас эхлээд Монгол үндэстний оршин тогтнох аюулгүй байдал хүртэлх том орон зайны асуудал болж хувирдаг.
- Сонирхолтой асуудал байна. Хэрвээ хувь хүн, хувийн байгууллага өмчилбөл хувийн монополь ч үүсч болох нь ээ?
- Тэгнэ. Нарийвчилбал хэр зэрэг саадтай явах вэ, хэр зэрэг хурдан явах вэ гэдэг асуудал ч яригдана. Бүр зах зээлийн зарчмаараа явах уу, үгүй юу гэдэг хүртэл энд чинь хамаарна. Төмөр замын хуульд суурь бүтцийг ач холбогдлоор нь 51-ээс дээш хувийн өмчлөлийн асуудлыг шийдэхээр хийчихсэн нь их төвөгтэй байдлыг үүсгээд байна. Стратегийн дэд бүтэц бол улсын мэдлийн байна аа гэдэг бол дэлхийн нийтэд аль эрт ойлгомжтой болсон ойлголт.
- Эргэлзэх хэрэггүй юу?
- Огт хэрэггүй.
-Тэгвэл одоогийн манай төмөр зам чинь 50 хувь нь Оросын, 50 хувь нь манай талынх байхаар өнөө стартегийн дэд бүтэц маань 100 хувь тухайн улсынх байвал зохилтой гэсэн санаа алдагдаад байна аа даа?
-Энэ өмчлөлийн асуудлаас болж хэр зэрэг бэрхшээл үүсдэгийг би их ярьдаг, бичдэг. Манай төмөр замчдын төдийгүй Монголын эдийн засаг, аж ахуйд учирдаг маш төвөгтэй асуудлын нэг. Хойд хөршийн нөхөд маань гайгүй харилцаатай улс тулдаа л ингээд найзан дундаа яваад байдаг л даа.
-Суурь бүтэц гэдгийг ойлгомжтой хэлж өгөөч? Бид хоёр ч төсөөлж байна л даа. Гэхдээ...
-Стратегийн суурь бүтэц, орон нутаг дахь суурь бүтэц, байгуулагын суурь бүтэц гэж гурав ангилна. Стратегийн суурь бүтэц нь эрүүл тогтоцтой, эрүүл эдийн засагтай улс оронд бол төрийн мэдлийнх байдаг.
-Эрүүл төртэй улс оронд ч гэдэг юм уу, хариуцлагатай төртэй гэдэг ч юм уу улс оронд нэг хувийг нь ч байгууллага болон бусад субьектэд эзэмшүүлдэггүй үндсэн шалтгаан юу билээ?
-Төмөр зам бол онцгой обьект. Стратегийн бүтэц нь нийт иргэд, байгууллагад тэгш эрхтэйгээр үйлчлэх ёстой. Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш гэдэг шиг. Баян ядуу, эрх дархаас үл хамаарна. Аливаа хувь хүн, байгууллагын ашиг сонирхол, тухайн үеийн сэтгэгдлээс үл хамаарах ёстой. Энэ бол язгуур нь.
-Энэ бол аксиом юм байна, тийм ээ?
-Тийм. Стратегийн суурь бүтцээс гадна орон нутгийн суурь бүтэц гэж бий. Тэр нь стратегийн суурь бүтцээсээ салаалаад аймаг, сум руугаа тавьж байгаа суурь бүтэц.
-Ойлгомжтойгоор бол үндсэн төмөр замаасаа салаалаад орон нутагт тавигдах төмөр зам болоод өртөө, буудал энэ тэр юм аа даа.
-Зөв ойлгож байна. (инээлдэв) Энэ нь Хятад, Орос бүх л дэлхийн улс орнуудад байдаг эд.
-Бас л төрийн өмч үү?
-Орон нутгийн төрийн өмч. Гуравдахь нь байгууллагын суурь бүтэц. Төмөр замын хуульд буй өнөө ач холбогдлоороо 51-ээс дээш хувийн өмчлөл нь бусдын өмч байж болно оо гэсэн санаа бол зөвхөн энд л хамаарна. Төрийн мэдлийн суурь бүтцээ дэмжих зорилгоор салаалсан суурь бүтэц тавьж болохыг л хэлээд байгаа юм. Гадаад орнуудад дээрх хоёр суурь бүтцээ дэмжих зорилгоор байгууллагын суурь бүтцийн 51 хувийг төр гаргадаг жишээ олон бий.
- Та УИХ-ын гишүүн байхдаа Төмөр замын тухай хууль дээр голлож ажилласан хүн. Тэгэхээр тэр төөрүүлээд байгаа 51 хувь гэдэг чинь зөвхөн энэ байгууллагын суурь бүтэц дээр л үйлчлэх учиртайгаар хийжээ дээ? Тэгж ойлгож болох уу?
-Тийм.
- Ойрын жишээ хэлэхэд, АНУ-д тусгаар тогтнолын зам гээд хөндлөн үндсэн зам байдаг гэсэн. ОХУ-д тэр БАМ-ын зам гээд хөндлөн урт зам байдаг. Зарим нь бүр ашиглагддаггүй ч байж л байдаг.
-Манайд бол олон улсын жишгээр явж байгаа төмөр зам алга л даа. Харин энэ Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлээр баригдах гээд буй 267 км замыг бусад улс гүрнүүдийн жишгээр барьчихаасай гэж л яваад байна. Төмөр замчин хүний хувьд. Өөр өчүүхэн ч ашиг сонирхол надад алга.
- Тэр жишиг стандарт нь яг юу юм?
- Бид Варшавт төвтэй Олон улсын төмөр замын холбооны гишүүн. Бид энэ байгууллагынхаа дүрэм журмыг бүрэн утгаар нь ашиглаж чаддаггүй. Бид бүрэн утгаараа стартегийн суурь бүтцээ эзэмшээгүй учраас ашиглаж чаддаггүй.
- Энэ зам бол бүтэн утгаараа Монгол улсын зам биш учраас...
- Тийм учраас Олон улсын төмөр замын холбооны дүрмээр тоглож чаддаггүй байхгүй юу. Та нарын түрүүн дурдсан Америкийн тэр зам чинь бас л хувьд байгаад тэгээд Ерөнхийлөгч нь буудуулан байж улсынх болсон шүү дээ.
Энэ нь анх монополийн эсрэг хууль гаргах нөхцөл болж байж төрийнх болж байсан юм. Тэр монополийн эсрэг хууль чинь төмөр замын суурь бүтцийн өмчлөлийн зөрчил дээрээс бий болсон эд шүү дээ.
-Бид тантай уулзахаар ирэхдээ элдвээр л фантаазалж явлаа. Хэрвээ гадны талын 50 хувь стартегийн бүтцээ бүрэн утгаар нь эзэмшихэд садаа болоод байдаг юм бол өөрийн 100 хувийн төмөр замаа хажуугаар нь давхар барьчихаж болдоггүй юм байх даа гэдэг ч юм уу. . .
-Стратегийн суурь бүтцийн 50 хувь эзэмшигчээсээ асууж, тохирч байж л барих байх даа. Тэд маань тэгээд зөвшөөрөх үү!?
-Нутаг дэвсгэр нь манайх юм чинь яагаад бид барьж болохгүй гэж. Хоёр ижил зам зэрэгцээд явж болохгүй гэсэн олон улсын конвенц элдэв юм байна уу?
-Нэг өртөөтэй хос зам уу? Наадахь чинь маш төвөгтэй. Техник технологи талаасаа ч тэр. Өөр холуур бол болох л байх. Гэхдээ нөгөө хамтрагч маань та нар хамтарсан юмаа яагаад үнэгүйдүүлэх гээд байгаа юм гэдэг асуудал гаргана биз дээ. Олон улсад зарга үүснэ. Гэрээ, хэлцэл зөндөөн юм бий шүү дээ.
-Энэ гэм хоргүй хөнгөхөөн фантааз байлаа. (инээлдэв.)
-Би ч тэгэж бодсон юм. Энэ бол ямар ч боломжгүй.
-Бид мөнхийн хөрш гэдэг шиг л ойлголт юм байна л даа.
-2000 оноос хойш Ерөнхийлөгчийн Орос Улсад хийсэн бүх айлчлал, уулзалт яриа 1949 оны хэлэлцээгээ эргэж харъя гэдэгт чигэлсэн ч ганц алхам урагшлахгүй байгаа. Энэ бол стратегийн суурь бүтэц тойрсон стратегийн асуудал.
-Бидний яриад байгаа 267 км замын асуудал урьдын алдаагаа дахин давтах нь ээ гэж та үзээд байгаа юм аа даа?
-Одооныхоос ч муу хувилбар. 267 км бол консерциумын Хятад дахь замын салаа зам болж ирэх гээд байна. Энэ хувилбараар явахад тэр хавийн ашигт малтмалын лицензүүдийг энэ консерциум худалдан авч Монголын баялаг үнэгүйднэ. Цаашид хувийн хэд хэдэн яг ийм хилээ огтолсон салаа зам үүснэ. Нэг компанид өгсөн бол өөр засаг гарч ирээд өөр компанид өгч л таарна.
-Улс орны түрүүвч нимгэн байна. Та түрүүчийн ярилцлагадаа Америкийн Мянганы сорилтын сангийн мөнгөөр бариулах гарц байна гэсэн. Хятадаар бариулаад нүүрс, эрдэсээ зөөхөд юу нь болохгүй байгаа юм?
-Хэн яаж барих нь чухал биш шүү дээ. Зөвхөн өмчлөл нь хэнийх байх юм, монголчуудын нийтийн өмч болоод бидэнд тэгш үйлчилж чадах юм уу гэдэг гол зүйл.
-Консерциум хөрөнгөөрөө бариад 30 жилийн дараа төрд өгье л гэж байна шүү дээ.
-30 жилийн дараа 51 хувийг өгье гэж байгаа. Улс орны стратегийн суурь бүтцийн нэг ч хувь байгууллага болон бусдад байж болохгүй гэдгийг та хоёр чинь яагаад ойлгодоггүй юм бэ? Бүр ямар ч хугацаагаар байж болохгүй. 30 жилд юу ч болж болно шүү дээ. Ингэж явбал Монгол улс хэзээ ч дэлхийн жишгийн стратегийн суурь бүтэцтэйболохгүй. Хэрвээ энэ суурь бүтэц байгууллагын мэдэлд байх юм бол цаашдаа хэний ч гарт орж болно. Надад бол тэр консерциум юу байдаг юм, тэрний эсрэг ямар ч санаа байхгүй. Санаачлагатай, алсын ухаантай улс байна. Гэвч суурь бүтэц гэдэг чинь газраас салдаггүй юмыг хэлээд байгаа юм. Иймд бид маш няхуур хандах хэрэгтэй. Нэг суурь бүтцээр нэг галт тэрэг явсан арван галт тэрэг явсан яг адилхан зардалтай байдаг л гайхамшигтай эд шүү дээ.
-Таны энэ замаар нүүрс, эрдэс зөөгөөд тэр нь дуусахаар аяндаа хаагдаад ач холбогдолгүй зам болно гэсэн хялбархан ойлголттой хүмүүс ч байна. Энэ үнэний ортой юу?
-Манай төмөр замчид бол нэг км замын өртөг бол нэг сая орчим доллар гээд байгаа. Одоо яригдаж байгаа хурдны галт тэрэгний нэг км замын өртөг бол 3,6 сая. Хэрэв биднийхээр төмөр замаа тавибал гурван жилийн дотор зардлаа нөхнө. Аа, тэр хурдны суудлын галт тэрэгний гэх том тоогоор барьвал 10 жилийн дараа зардлаа нөхнө. Жилд 20 сая тонн ачаа тээвэрлэхэд шүү дээ. Хэрэв миний вариантаар үзвэл энэ зам дөрөв дэхь жилээсээ ашгиа өгөөд 100 км уртсах боломжтой.
-Зам сунана гэсэн хэрэг.
-Тийм. Тэгээд Улаанбаатар руу ч юм уу, аль эсвэл стратегийн хэрэгцээт газраа зорино гэсэн үг. Тэр сунасан 100 км- ээ нэмэхээр 20 сая биш 25 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн үг. Тэгвэл тав дахь жил нь нэмээд 170 км зам тавих нөөцийг хуримтлуулна. Ингэж арифмети́кийн прогре́ссээр өссөн зам маань 10 жилийн дараа гэхэд Монгол Улс 2000 км өөрийн гэсэн стратегийн суурь бүтцийн сүлжээтэй болно гэсэн үг. Хэрвээ 3.6 сая доллараар барих юм бол 11 дэхь жилээсээ ашгаа өгнө. Тэгэхээр энэ хоорондох хөгжил золиослогдоно гэсэн үг. Ийм учраас энд энэ улс төрчид, бизнесийнхний ашиг сонирхлыг хазаарлаж мэргэжлийн төмөр замчдад нь эрхийг нь өгөөсэй гэж л байгаа юм.
-Мэргэжлийн хүний хувьд нэг сая доллар манай говь нутагт нэг км зам тавихад хангалттай гэж бодож байна уу?
-Хангалттай. Хэрвээ надад 100 цэрэг өгөөд 50 км замыг нэг зун барь гэвэл 2-3 инженерээ аваад гэртээ байгаа хэмжилтийн багажуудаа аваад явахад нэг зун барина. 500 мянган доллараар ч барина.
-Хэний эзэмшлийн ачаа байна тэдний вагонд ачина гэсэн ойлголт байна биз?
-Байна. Суурь бүтэц эзэмшиж байгаа улс орны давуу тал байна. Түүнийг дэмжсэн маш олон ойлголтууд Олон улсын төмөр замын холбооны дүрэмд байдаг юм. Бид Эрээн лүү вагоноо гаргачихдаг. Орос руу чаддаггүй. Жишээ нь, Дорноговиос орсууд жонш зөөхдөө өөрийнхөө вагонд л зөөнө. Бид хүсээд яриад нэмэргүй.
-Америкаас 40 тонны бараа Монголд ирэхэд 5000 доллар. Нийт замын урт 20 мянга орчим км. Гэтэл Замын Үүдээс энэ барааг Улаанбаатар хүргэх төмөр замын тариф 1200 доллар. Замын Үүд Улаанбаатарын зам нийт замын 25-ны нэг хэр нь нийт зардлын дөрөвний нэг болчихож байгаа биз. Манай тариф өндөр байна аа?
-Төмөр зам авто замын тээврээс 10 гаруй дахин хямд байдаг. Манайх бол 2-3 дахин хямд. Олон улсын жишгээр тэр шүү дээ.
-Өрсөлдөх чадваргүй тариф гэж үү?
-Тийм. Бид суурь бүтцээ бүрэн эзэмшиж чаддаггүйн нэг гай. Үүн дээр мөнгө хийдэг улс төрчид, ажилтан албан хаагчид бий. Нэг жишээ. Сарын өмнө улс төрийн шахаасаар орж ирсэн хангамжийн нэг нөхрийг түрүүчийн дарга нь “Чи хулгай хийгээд байна аа” гээд халсан чинь тэр нөхөр “Чамайг явахаар би ирнэ ээ” гэсэн гэнэ. Тэгээд хуучин даргыг явахад нөгөө эр хүрээд ирчихсэнд манай төмөр замчид гайхсан байгаа юм.
-Амлалтаа сүрхий биелүүлдэг нөхөр юм.
-Амлалтаа биелүүлж байна шүү дээ.
-Тариф өсөх нь вагоны толгой өөр бусад юмыг үнэтэй авсан энэ тэр шалтгаанаас болж өсдөг гэсэн үнэн үү?
-Ердөө энэ шүү дээ. Түүнийгээ компенсаци хийж өсгөж байна. Муусайн төмөр замчдын цалин өсөв үү? Түлшний үнэ тарифын өсөлттэй харьцуулахад тэгтлээ өсөв үү? Үгүй шүү дээ. Манай тариф маш өндөр. Үүнд нь ард түмэн дасчихсан.
-Энэ чинь суурь бүтцийг өөрийн болгож бизнес хийх үндэс юм биш үү?
-Харин тийм. Консерциумын энэ улсууд үнэхээр бизнес ухаантай улс юм. Тэдний буруу биш. Гэхдээ улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа энэ тэрээ бодвол бусдын эрх ашгийг хэдий хэрэгтэй, хэдий сайхан сэтгэлээр хандаж байлаа ч хаах хэрэгтэй болох нь.
-Стрaтегийн суурь бүтэц нь хувийн хэвшилд байдаг ч юм уу, тийм хөгжингүй улс орон байхгүй гэж үү?
-Эрүүл саруул тогтолцоотой улс оронд лав байхгүй. Африкийн нэг Зимбабе гэл үү тийм нэг оронд байдаг юм гэсэн. Тэр хувийн компани нь хувийн замаараа тээвэрлэлт хамаг юмаа хийдэг. Боомт хүртэл ачаа зөөдөг юм гэсэн. Стрaтегийн төмөр зам гэдэг чинь далайн боомт хүрдэг, эсвэл улсын хил огтолж гарсан зам шүү дээ. Мөн улсын нийслэл, том том хотууд руугаа тавьсан төмөр зам бол стрaтегийнх. Бас стрaтегийн орд газар луу тавьж байгаа зам байна.
-Манай тээвэрлэлтийн компани чинь төрийнх юм биш үү?
-Зам нь улсынх. Түүн дээр тээвэрлэлт хийж байгаа компаниуд төрийнх байж болохгүй. Хятадууд суурь бүтцийн компани, тээвэрлэлтийн компаниа салгалаа шүү дээ. Оросууд ч ялгаагүй. Бүр 2012 онд тээвэрлэлтээ бүгдийг нь хувьчлаад дуусчихсан.
-Оросын төмөр зам тарифаа чөлөөлсөн үү?
-Уучлаарай, бусад орны ажилд хошуу дүрж байгаа хэрэг биш. Оросууд тарифаа чөлөөлж чадахгүйгээс зарим юм нь гацаад байна уу гэсэн таамаг надад байдаг.
-Ноён Сүрэн, жишээ нь бид хоёр тал дээр нэг цементийн үйлдвэртэй байя гэж бодьё. Тэгэхдээ байхгүй л дээ. (инээлдэв.) Тэгвэл бид тэр үйлдвэр лүүгээ улсын тусламжтай салаа зам тавиулж болох уу?
-Харин байдаг болоод тэр гайтай 51 хувь гэдэг тоог оруулаад энэ нь одоо олз болоод байна шүү дээ.
-Тэр хуулийг батлахад нь Та байгаагүй юм уу?
-Байгаагүй нь бас гай болоод байна л даа. Боловсруулж өгчихөөд явсан байхгүй юу. Бас энэ 51 хувийг чинь судалж байж олж ирсэн тоо. Энэтхэгт маш том гангийн үйлдвэрийн компани өөрөө мөнгө байхгүй. Улсаас 51 хувийг нь гаргуулаад 49-д нь зээл аваад байгууллагын чанартай салаа төмөр зам тавиулсан байсан юм. Стрaтегийн суурь бүтэц бол нэг хувь нь ч байгууллага, хувь хүнийх байж болохгүй.
-Яагаад?
-Үгүй тэр чинь би нэг хувьдаа галт тэрэг болгоноос төчнөөн төгрөг авна аа л гэвэл дууслаа ш дээ. Одоо энэ М-Си-Эс-ийхэн авто зам барьчихаад зөвхөн манай машин явна, бусдаас нь татвар авна гэдэг шиг. Тэгээд сүүлд нь түүнийг нь төрд авсан биз дээ.
-Үгүй энэ чинь стартегийн биш Тавантолгойд л ашиглах зам юм биш үү?
-Тавантолгой, төмөр зам хоёрыг тусад нь ойлго. Эрэлтээсээ бий болоод стратегийн төмөр зам төрөх гээд байгаа байхгүй юу. Энэ зам нэгд хилээ огтолж байна. Хоёрт, Тавантолгой стратегийн орд шүү дээ. тэгэхээр яагаад стратегийн биш байдаг юм. Энэ чинь Оюутолгойд ч хамаарах зам. Цаашилбал Дундговь руу явна. Бусад стратегийн орднуудад ч хүрнэ. Улаанбаатар ч орно. Эрээн дээр очиж дугуй сольдог юм байхгүй, “сүн хийгээд” явна шүү дээ. Эрээн дээр дугуй солиход 10 цаг зарцуулж байна. Жишээ нь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд хэдхэн тонн төмөр, зэс үйлдвэрлэнэ хаашаа хийх вэ гээд юм болж байна. Хэрвээ энэ зам явах юм бол хамаг төмөр хийцийг нь хэрэглээд манай төмрийн үйлдвэр ажилтай болно. Энэ утгаараа төмрийн бөгөөд механик инженерийн маш том дотоодын бизнес үүснэ гэсэн үг. Нэг км төмөр замд ордог металл хийцийн хэмжээ 170 тонн.
-Юу юу тэр вэ?
-Рейлс, боолт, төмөр бетон дэрний төмөр гээд явж өгнө. Тэгвэл 100 км зам барихад 17 мянган тонн төмөр хийц орно. Тэгэхээр манай төмөр хийцийн бизнес эргэлтээ авна биз?! Ажлын байр, эдийн засгийн өгөөж энд л бий болно. Нөгөө 170 км-т 30 мянган тонн төмөр хийц. Үүнийгээ дагаад тээвэр ихсэнэ. Вагоны тоо ихсэнэ.
-Үүнийг монголчууд маань хийж дийлэх үү?
-Чадахгүй яадаг юм. Ниппон стил-ийн технологийг оруулаад л хийгээд эхэлнэ. Ган хийц компаны захирал Даваасүрэн Япон компанитай хамтраад энэ технологоор рейлс үйлдвэрлэнэ, энүүгээр нь төмөр бетон дэр үйлдвэрлэнэ гээд надад юмаа үзүүлээд зөвлөгөө авъя гээд явж байсан. Эрдэнэтийн Сэцэд компанийн Батбаяр гээд залуу Турк компанитай хамтраад вагон хийнэ гээд явж байх жишээтэй. Энэ бүх ажил өрнөвөл Монголд 45 мянган вагон хэрэгтэй болно. Тэрийгээ өөрсдөө хийе л дээ. Тэд энэ бүхнээ УБЖД рүү борлуулах боломж байна уу гээд явж байсан. Боломжгүй юм чинь. Оросын тал өөрийнхөө л бүтээгдэхүүнийг л шахна. Хэрэв манай төмөр зам бас өөр орны компаны мэдэлд очвол тэнд тухайн улсын л бизнесийг дэмжинэ. Ес нь тийм юм чинь. Өөрсдөө хийвэл Монгол бизнес өргөжинө.
-Сонгодог утгаараа Монгол улс маань бүрэн утгаараа стратегийн суурь бүтэцгүй юм байна шүү дээ?
-Байхгүй. Байх боломжоо алдвал дахиж боломж гартал 50,60 жил болох байлгүй.
-Бидний дунд нэг яриа их газар авсан л даа. Манайхан том том яриад ард нь нэг жижигхэнээс жижигхэн хувийн ашиг сонирхол байдаг гэж. Танд бас тийм байна уу?
-Ямар ч амбици байхгүй. Би хувийн бизнесээ хийгээд хүний дээр гарахгүй юм аа гэхэд доор нь орчихгүй явж байна. Би төмөрзамчин хүн. Төмөр замчдын дундаас УИХ-ын гишүүн болж байсан. Тэднийхээ итгэл сэтгэлийг хугалчихгүй юм сан, тэдэндээ дэм болох юм сан гэсэн л үүднэс, дээр нь Монгол Улс төмөр замын зөв тогтолцоотой байгаасай гэсэндээ л энэ.
-Төмөр замын албандаа дарга болох амбици байхгүй юу? Уучлаарай! Арай шууд асуучихав уу? (инээлдэв.)
-Төмөр замын дарга болохгүй юу гэж Сү.Батболд Ерөнхий сайд надад санал тавьж байсан. Би хувийнхаа бизнесийг дөнгөж эхэлж байна аа та намайг ойлгоорой гээд татгалзаж байсан. Одоо хувийнхаа бизнесийг чадах чинээгээрээ өрнүүлээд явж байна. Алдахдаа алдаад онохдоо оноод болж л байна.
-Танд их баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ