Хүмүүний гайхамшиг

Ер бусын хүмүүсийг судлах явдал олон жил үргэлжилж байна. Хамгийн сүүлийн үеийн арга хэрэгсэл ашиглан хийсэн олон тооны туршилтын үр дүнд эрдэмтэд бүх хүмүүс ямар нэгэн онцгой чадвартай байж болохыг тогтоожээ. Үүнээс уламжлан тэдгээр чадварууд илрэн гарч ирдэг шалтгаануудыг ангилан дурьдсан байна. Үүнд:
1. Төрөлхөөс ийм чадвартай төрөх
2. Клиник үхлийн дараа ер бусын чадвартай болох. Энэ нь хамгийн түгээмэл байдаг шалтгаан юм байна.
3. Аянганд ниргүүлэх, цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас.
Өнөөдөр шинжлэх ухаан олон асуултанд хариулж чадахуйц түвшинд хүрсэн ч энэ нь амьд байгалийн тухай бүх мэдлэгийн ердөө гурван хувь гэнэ. Тэр дундаа хүн бол байгаль эхийн хамгийн гайхалтай нууцлаг бүтээл. Хүний нөөц боломж төсөөлөхийн аргагүй их. Зарим нэг шинж чанар нь энгийн хүнээс илүүтэйгээр хөгжсөн онцгой хүмүүс үе үе төрдөг. Тэднийг «ер бусын хүмүүс» гэж нэрлэж, гиннесийн номонд бүртгэн авдаг байна. Гайхам их хүч чадалтай, эсвэл тэсгим хүйтнийг ажрахгүй давдаг, 100 метрийн гүнд баггүй шумбаж чаддаг гээд л... Гэхдээ бие бялдрын онцлог чадвартны зэрэгцээ оюун ухаан, эрчим хүч, ухамсрын хэмжээнд гайхагдсан ер бусын хүмүүс төрж олны магтаал, бишрэлийг хүртсээр иржээ. Ийм жишээ түүхэнд цөөнгүй бий.
Александр Македонский, Цезарь нар нь хэдэн арван мянган цэргээ зүс зүсээр нь нэрлэн таньдаг байсан гэдэг, Сенеке утгын хувьд хоорондоо холбоогүй 2000 үгийг нэг сонсоод л давтан хэлж чаддаг байсан, Эйлер 2-100 хүртэлх бүх тооны 6 зэргийг чээжээр мэддэг, Моцарт хөгжмийн нарийн түвэгтэй зохиолыг ганц сонсоод л буулгадаг байсан зэргийг дурдаж болно.
Нэгэн гайхалтай явдлыг өгүүлье. 2 шагайндаа тус бүрд нь 20 орчим фунт жинтэй тугалган төмөр зүүсэн хүн усан дотор живэлгүй 15 цаг орчим болсон байна. Энэ бол хожим нь “үйсэн хүн” нэр авсан Анжело Фатикони гэгч байсан юм. Тэрээр усан дотор хажуу тийш харж, цагариглан хэвтээд, ер нь ямар ч байрлалаар хэвтээд унтаж чаддаг байсан гэнэ. Нэг удаа Анжелог шуудайд хийж амыг нь битүүлэн оёод их бууны суманд зүүж ус руу шиджээ. Удалгүй усан дээр түүний толгой гарч ирсэн бөгөөд энэ байрлалдаа хөдөлгөөнгүй найман цаг болсон гэнэ.Анжелог Харвардад урьж гайхамшигт чадварыг нь сонирхоцгоож байсан бөгөөд, хамгийн нэртэй эмч эрдэмтэд судлаад учрыг нь тайлж чадаагүй гэдэг.
Зарим эмэгтэйчүүд, ялангуяа бүсгүйчүүд зүүдэндээ бус, үнэхээр нисэж чаддаг тухай баримт шинжлэх ухаанд бас цөөнгүй бий. Гэвч тэднийг шулам гэж ойр дотныхон нь хүртэл айн сэжиглэдэг байсан тул ийм чадвартай хүмүүс энэ тухайгаа нуухаас өөр аргагүй болдог байлаа. Тэдний баруун гарын эрхий хурууг зүүн хөлийн эрхий хуруутай холбон уяад ус уруу шиддэг байв. Живэхээс айсан эмэгтэйчүүд ер бусын авьяасаа ашиглахаас өөр аргагүй болдог байж. Хөвөөд гарч ирмэгц нь түүдэг гал руу илгээнэ.
Нойргүйдэл буюу архаг колестит нь яах аргагүй анагаах ухааны хуулинд харш үзэгдэл мөн. Өнгөрсөн зууны дунд үед Нью-Жерси хотод Ал Харпин гэгч хүн амьдарч байжээ. Тэрээр 90 насалсан боловч бүхий л амьдралынхаа туршид ядаж хагас цаг ч нойрсож үзээгүй гэнэ. Түүнийг хэдэн зуун эмч, эрдэмтэд үзэж судалсан ч нойргүйдлийн шалтгааныг нь олж чадаагүй. Уг нь унтдаггүй хүн үүнээс болж үхэх ёстой ч, энэ хүн эрүүл саруул амьдарч түүнийг үзэж судалж байсан олон хүмүүсээс ч урт насалсан байна.
Даниел Смит бол Гиннессийн номонд 5 удаа бичигдсэн ер бусын уян налархай хүн юм. Тэрээр 4 настайгаасаа эхлэн биеэ ер бусаар «мушгиралдуулж» эхэлжээ. Даниел теннисний цохиурын цоорхойгоор шургаж, биеэрээ санаанд багтамгүй зангилаа үүсгэж, зүрхээ чээжиндээ хөдөлгөж чаддаг гэнэ.
Ийм ер бусын чадвартай хүмүүс өнөөдөр ч хангалттай олон. Тэд өөрсдийнхөө чадварыг тайлбарлаж чаддаггүй, зарим нь йогийн дасгалын ач гэдэг. Эдгээр нь цоо шинэ зүйл биш, хүний алдагдсан эртний чадварууд гэж баталдаг эрдэмтэд ч бий. Үнэхээр ч йогууд амьсгалаа түгжиж, биеийн халуунаа бууруулах буюу өндөрсгөх чадвартай байдаг шүү дээ.
Аюултай буюу онцгой нөхцөлд хүн өөрөө ч мэдэлгүй гайхалтай зүйлийг хийчихсэн байдаг. Наад захын жишээ гэхэд л ярдаг нохойд хөөгдөж айхдаа өндөр хашааг огт түвэггүй даван харайж чадсан тухайгаа дараа нь хачирхан ярих хүмүүс зөндөө байдаг шүү дээ.
Гэхдээ байгаль эх юуг ч санамсаргүйгээр бүтээдэггүйг санагтун! Ер бусын авьяасаа хэтрүүлэн хэрэглэх нь өөр ямар нэгэн чадварыг үгүй хийх буюу хэт хөгжилд хүргэж ч болно.
Ямар ч тохиолдолд хувьслын процессийг зогсоох боломжгүй тул хэзээ нэгэн цагт хүн бүр “икс хүн” болох цаг ирэх ч юм бил үү, хэн мэдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ