ДОХ-ын вирус тээснээ сонсоод итгээгүй, инээгээд л байлаа, хариад харин асгаруулж өгсөн дөө
“Ганцхан шөнийн жаргалаар үүрдийн зовлон сольчихно” гэж хэн санах билээ хэмээн яриагаа эхэлсэн залуутай уулзахын тулд тэдэнтэй ажилладаг ТББ-аар дамжуулан зөвшөөрөл авав. Залуугийн хүссэнээр, нэр ус, нас хүйс, төрх, биеийн хэлбэр галбир, нутаг нуга, хэд дэх тохиолдол зэргийг огт дурдахгүй гэснээ хэлэх нь зөв байх. Товчхондоо, идэр залуу, царайлаг сайхан эр байв. Би түүнийг Монгол гэж нэрлэв.
-Нарийн ширийн, олон асуултаар дарж зовоохгүй. Чиний хэлснээр бусдад сургамж болгох үүднээс ярилцаж байгаа юм шүү. Ямар асуулт асуухаа ч мэдэхгүй л байна?
-Сэтгүүлч уулзъя гээд байна гэхийг сонсоод эхэндээ зөвшөөрөөгүй. Миний зовлон миний л зовлон биз дээ. Хэнд хэрэгтэй юм гэж бодсон. Тэгээд гэнэт эргэж байгаа юм. Нэгэн биеэр өнгөрөхийн оронд бусдад сургамж болог гээд өөрт тохиолдсон зүйлийг ярихаар шийдлээ. Тэгээд л тантай уулзаж байна даа.
-Зөв шийдвэр гаргажээ.Халдварт хэрхэн өртсөнөө ярих уу?
-Ёстой санамсаргүй юм болсон доо. ХДХВ/ДОХ-ын тохиолдол төд боллоо гэх мэдээлэл авч байсан л даа. Харьцангуй цөөн, голдуу ижил хүйстэй эрчүүдийн дунд гараад байна гэхээр нь өөрөөсөө их л хол бодож явлаа шүү дээ. Тэр гайтай өдөр хоёр найзтайгаа хотын төвийн нэг ресторанд оройн хоол идсэн юм. Хоолоо даруулж ганц, ганц 100 грамм тулгаж, шар айраг шимэн, гангар гунгар гэж суулаа. Тэгтэл тэрсхэн гурван бүсгүй орж ирээд сул суудал байгаа эсэхийг лавлав. Гурван хар юм хар, хур гэж сууснаас шингэн дуу сонссон шиг суувал зүгээр юм уу гэх бодол бидэнд бараг зэрэг төржээ. Нэгэн дуугаар зөвшөөрсөн дөө. Ингээд нийлээд наргичихгүй юу. Орой ч боллоо. Тэд өөрсдийгөө оюутан гэж танилцуулж билээ. Халсан улс яахав, хамт үргэлжлүүлэх санал хаанаас ч юм гараад, нэг мэдэхэд л рестораны дээд давхрын буудалд өрөө авчихсан байлаа. Бид мөнгөтэй байсан болkхоор гурван өрөө аваад нэгд нь нийлж дарвилаа. Тэгээд дотроо ойлголцсон байх. Хосолж авлаа. Бурхан яаж хуваарилсныг тухайн үед хэн мэдэхэв. Ингээд амрах болоход мөнгө төгрөгийн яриа гарав. Өнөөдүүл чинь биеэ үнэлэгчид байсан юм билээ.
-Тэгээд?
-Тэгээд яахав, хэлснийг нь биелүүлээд л өрөө, өрөөндөө орохгүй юу. Эхлээд хоёр удаа бэлгэвчтэй хийв. Согтуу, дээр нь бэлгэвчтэй болохоор таагүй байлаа. Ингээд сүүлчийн хоёрыг нь бэлгэвчгүй явлаа. Ийм л юм болоод өнгөрсөн дөө.
-Ингээд л халдвар авчихав уу?
-Хэдэн сар явсан. Нэг удаа тохиолдлоор цусаа өгч таарав. Тэгсэн чинь утсаар ярьж байна аа. Та хүрээд ирээч гэв. Санаанд оролгүй очлоо. Тэгтэл эмч “Таны цусны шинжилгээ сэжигтэй гарлаа. Дахин шинжлэх хэрэгтэй” гэлээ. Дахиад цусаа өглөө. Маргааш нь мөн л дуудлаа. Эмч баахан холоос яриагаа эхэлснээ “Та ХДХВ/ДОХ-ын халдвар тээжээ” гэсэн. Би эхэндээ итгээгүй л дээ. Инээгээд л байснаа санаж байна. Пайнакт/саатал/ орчихдог юм билээ. Тэгээд л гэрээнд гарын үсэг зурлаа. Хэн нэгэнд халдаавал санаатай гээд эрүүгийн хэрэг холбогдох бололтой. Гарын үсэг зуралгүй яахав. Ингээд хяналтад ордог юм билээ. Хариад харин ёстой асгаруулж өгсөн дөө.
-Тэр охиныг олсон болов уу?
-Олох байх аа. Бүх шинжээр нь хэлсэн. Одоо санаж байхад, нэлээд хүнд “гар” байсан бололтой. Лаос, Тайландаар явснаа сонирхуулан ярьж байсныг нь бүдэг бадаг санаж байна. Хүн бүхэн л гадаад явдаг болохоор үнэндээ тэгтэл сонирхоогүй. Манайд нэг талх авах мөнгөөр Лаост хоёроос гурвыг авна ч гэх шиг. Лаост 30 хоногийн визтэй ороод дуусахаар нь Тайланд руу гарч, цаг болоод ирэхэд, дахиад сараар сунгадаг ч гэл үү? Юм, юм ярьсан санагддаг даа.
-Үеийнхэндээ юу захимаар байна?
-Тохиолдлын бэлгийн харьцаанд болж өгвөл бүү ор. Болохгүй бол бэлгэвч хэрэглэ. Бэлгэвчтэй болохгүй бол тэр л биз. Нэг удаа секс хийгээгүйгээр үхэхгүй. Харин нэг удаа секс хийгээд үхэж мэдэх юм байна шүү. Итгэхэд бэрх болжээ. Аятайхан бүсгүйтэй, залуутай ч магад, ганцхан амраглаад насан туршдаа хохиров доо л гэж захья даа.
-Хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ