Оюутны тэтгэлэг 96200 төгрөг болоогүй
Оюутнууд сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг авдаг. Тэгвэл саяхнаас энэ мөнгө 96200 төгрөг болж нэмэгдсэн гэх яриа чих дэлсэх болов. Түүнчлэн уг мөнгийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн олгох тухай зарим хэвлэл, мэдээллээр хүртэл мэдээлж байв. Үнэхээр 26000 төгрөгөөр нэмэгдсэн эсэх,хэрхэн шийдвэрлэсэн тухай холбогдох албаныхнаас лавлав.
Үндэсний тэтгэлэг олгох журамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө олгоно гэсэн заалт бий. Уг журмын дагуу тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар бүрэн шийдвэрлээгүй,харин ярилцах шатандаа явж байгаа аж. Тэгэхээр дээрх мөнгө хараахан батлагдаагүй байгаа бөгөөд энэ асуудлыг УИХ-аар оруулан баталж байж бүрэн шийдвэрлэх юм байна.
Энэ жил Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд дараах өөрчлөлт оржээ. "2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон оюутанд тавигдах шаардлага, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно" гэнэ. Үүний дагуу суралцагчид олгох тэтгэлгийн журмыг шинэчилж боловсруулсан байна. Тухайлбал :
-Сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх;
-Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
-Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
-Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах;
-Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг тусгажээ.
Эдгээр шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ