“Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээ”-ний журмыг танилцууллаа
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд сайжруулвал зохих гол зорилтуудын нэг нь жирэмсний хяналтын чанарыг сайжруулах асуудал бөгөөд энэ хүрээнд 2014 оны Эрүүл мэндийн сайдын 338 тоот тушаал, “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээ”-ний журмыг танилцуулах сургалтыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус аймгийн 11 сумын эрүүл мэндийн төв, сум дундын 3 эмнэлэг, 3 өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналт хариуцдаг их эмч, эх баригч зэрэг нийт 35 мэргэжилтэн уг сургалтад хамтрагдлаа. Сургалтын гол зорилго нь шинээр гарсан журмыг эхнээс нь зөв арга замаар үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэ мэдээллээр хангаж, эх, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ өгч, цаашид анхаарах асуудлыг тодорхойлон арга зүйгээр хангах байсан. Уг сургалтаар энэхүү шинэ журмыг мөрдөхөд анхаарах асуудлууд, түрүүчийн мөрдөж байсан журмаас өөрчлөгдсөн онцлог давуу талуудын талаар хамтран ярилцаж, нотолгоонд суурилсан жирэмсний хяналт, перинатал үеийн илрүүлэг, оношилгоо, нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ болон эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, тайлан мэдээ, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн удирдлага зохион байгуулалт, яаралтай тусламжийн бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар зэрэг тэргүүлэх сэдвүүдээр мэдээлэл өгч, багийн ярилцлага, хэлэлцүүлэг хэлбэрүүдээр явуулсан нь үр дүнтэй сургалт боллоо. Сургалтын үеэр эрүүл мэндийн байгууллагад хяналтад байгаа нийт 200 жирэмсэн эхийн хяналтын хөтөч картанд нэг агшины хяналт үнэлгээ хийж, жирэмсний хяналтын чанарыг үнэлэн, дүгнэлт хийж, нийт эмч мэргэжилтнүүдийн нийтлэг гаргаж буй алдаа дутагдалыг тодорхойлон цаашид анхаарах асуудлуудаар харилцан ярилцаж, арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгсөн юм. Сургалтын төгсгөлд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс авсан мэдлэг шалгах тестийг дүгнэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ