Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдлоо
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан 10.20 цагт 39 гишүүн буюу 51,3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дарга чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудал дээр саналтай гишүүд гараагүй тул хуралдаанаар хэлэлцэх 14 асуудлыг батлав. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам Улсын Их Хуралд суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай асуудлыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус чуулганы хуралдаанд танилцууллаа.
Нэр дэвшигчийн талаар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Батчимэг, Г.Баярсайхан, С.Одонтуяа нарын тавьсан асуултад Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар хариулт өгсөн.
Гишүүдийн зүгээс эдийн засгийн бодит хямралыг зогсоох арга замыг хэрхэн харж байгаа болон энэ талаар ямар бодлого барих, шинээр байгуулагдах Засгийн газрыг мэргэжлийн ёс зүй, сахилга баттай шударга хүмүүсээр бүрдүүлж чадах эсэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг яаж шийдэх, шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд юун дээр анхаарч ажиллах, эрчим хүчний үнийг хэзээ чөлөөлөх зэрэг олон асуудлыг хөндөж тавилаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, М.Зоригт, О.Баасанхүү, Ц.Цолмон, С.Одонтуяа. Д.Арвин, Ц.Оюунбаатар, Л.Ганбат, Ч.Улаан, А.Бакей, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан, Г.Уянга, Х.Болорчулуун нар өөрсдийн байр сууриа илэрхийлж үг хэлэв. Улс орны төлөө чин сэтгэлээ зориулж ажиллах багаа зөв бүрдүүлэх, багаа захирч чаддаг байх, аар саар тулга тойрсон асуудлаар хөөцөлдөх бус холыг харж ажиллахыгнэр дэвшигчид гишүүд сануулж байсан юм. Мөн эдийн засгийн хямралтай энэ цаг үед хүнд ачаа үүрэх гэж байгаа ч улс орныхоо сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлэх томоохон асуудлыг шийдэхийн тулд намын эв нэгдэлд анхаарах, бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллахыг зөвлөж, ажлын амжилт хүслээ.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гаргасан саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 42 нь буюу 95,5 хувь нь уг саналыг дэмжив. Улсын Их Хурлын дарга З.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баярт хүргэсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Үдээс хойш 14.00 цагаас чуулганы хуралдаан үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ