Хамба гэгээний хачин сонин явдлуудаас-22

{!!!right!!!}Хамба гэгээн ба эрдэмт лам Авжий

Авжий Лхаажав гэж нэг мундаг эрдэмтэй өвгөн байж дээ. Хийд тарахаас бүүр өмнө хар болж, эхнэр аван лам болжээ. Түүний хар болсон түүхийг хойш нь түр тавия. Тэр цагт өрх айл болгон жил бүр жасаагаа уншуулдаг байсан байна. Жасаа уншихад айлын бэл чадлаас шалтгаалж хоол хүнс, өргөл барьц багагүй гардаг байжээ. Авжийг хүрээнд нөлөө бүхий том лам байсныг бодолцон жасааны уншлаганд суулгана. Хүрээнээс хэдэн лам ирж жасаанд сууна. Авжий хар хувцастай тэдгээр лам нараас жаахан зайдуу том мод толгой барьсаар сууна. Уншлага дуусахад өглөг барьц барихийн өмнөхөд гэрийн эзэнд “За Мамаа минь, дэмий дээ, дэмий. Юмны чинь л гарз” гэж шивнэчихээд гараад явчихна. “Өгөр зөнөсөн амьтан” хэмээн гэрийнхэн зэнзийрхэж, дахин жасаандаа суулгахаа болчихно.

Авжийгийн энэ үйлдлийг харахад цэвэр шашингүйн үзэлт /атиест/ хүн байна даа гэмээр. Гэвч түүний бүх л амьдралынх нь замналыг бүхэлд нь ажиглавал хуран үймсэн орчлон хорвоогийн үймээний мөн чанарыг таньж, тайвширсан хүн юм болов уу гэсэн бодол төрдөг юм.

Авжий үнсэн самбар дээр зурхай зурж мэргэлдэг байжээ. Уриалгахан ч мэргэлнэ. Өргөл барьц нэхэхгүй. “За, чи хүнээр мэргэлүүлэв үү?” гэнэ. “Тэглээ. Тарган ламаар мэргэлүүлээ” гэхээр, “Цаадах чинь яаж мэргэлж байх юм” гэнэ. Шоо хаяж байна” гэвэл “Хээцэс, Зургаан талтай мод шидэхээр нэг талаараа буухгүй хэдэн талаараа буухав дээ. Хүн мунхруулаад. За Авжий нь үзээд өгье” гэсээр орныхоо хөндийгөөс үнсэн самбар, хулсан үзэг гаргаж ирээд тоо бодоод, зураг зураад суучихна. Тэгэж тэгэж яг таг хэлдэг байжээ. Адуугаа хайж яваа хүнд бол “Одоо адуу чинь Баруун салааны эхний модон дотор шогоод зогсчихсон байна. Харагдахгүй л болов уу, Оройхон нар буух үеэр усанд цувахаар модноос гарна, тэр болтол дэмий тэнээд яахав, цаанаа цэлгээн юм байвал залгилаад хэвтэж бай” гэнэ. Үнэхээр орой нар ташихаар хэлсэн газар нь очиход адуу нь модон дундаас гарч ирж таарна.

Авжийгийн шар шувталж хар болсон түүх сонин. Тэрээр Лхаса болон Жагарын оронд олон жил сууж, тэндээсээ Оросод очин мөн төдий хэмжээний жилийг элээн ном үзжээ. Орос, төвд, энэтхэг, хятад, англи гэсэн таван хэлтэй, шашны их бага таван ухааны номонд нэвтэрсэн эр Өргөөд ирж, Ганданд хэсэг зуур суухдаа ном хаялцахад түүнтэй эгнэх хүн гарсангүй, “Засагт ханы Гандан коор” нэр аван шуугиулж явав гэнэ. Эрдэм чадалдаа эрдсэн ламтан Хамба гэгээний тухай ийн боджээ. “Тэр хаданд бүгсэн хөгшин гэлэн ер юу мэддэг хүн бэ. Над шиг дэвэн дэлхийгээр хэсэж, ном үзэж, амьдрал туулсангүй. Очиж номоор гартуулж орыг авсугай”

Тийн сэтгээд нутагтаа ирж, Хамба гэгээнтэй ном хаялцаж, эрдэм чадлаа үзэж гэнэ. Түүнээ хожим ийн дурсдаг байжээ. Ээ, Гэгээнтэн минь. Би чинь зөвхөн ганцхан энэ насны номтой хүн, Гэгээнтэн бол дөрвөн насан төрлийн номтой хүн. Надтай ямар л бол ямар хэлээр ном хаялцаж чадна. Энэ бөглүү хаданд хэн ирж Гэгээнтэнд тэр олон хэл заах билээ. Аргагүй хувилсан гэгээн хүн. Би “Ганжуур”, “Данжуур”-ыг бүрэн уншиж судалсан гэж боддог байлаа. Тэгтэл Гэгээнтэн энэ хоёр номыг над шиг уншсан төдийгүй мөр хуудсаар нь цээжээр мэддэг. “Дандарын аймгийн үнэн ёсны тухай Ганжуурын төддүгээр ботийн төддүгээр хуудасны төддүгээр мөрөнд тэгээд биччихсэн байгаа” гэхээр нь очоод сөхөөд харахаар яг байж байдаг юм хэмээгээд залбирна. Авжийгийн ганц шүтээн ь Хамба Гэгээн. Тэгээд Авжий Хамба гэгээнтэй өөрийгөө харьцуулан үзэж өөрийгөө хоёрын хооронд ном сурчээ хэмээн сэтгээд Гэгээнд сахилаа өргөж, хар болон өөрөөсөө олон дүү эхнэр аван, хөдөөлсөн гэдэг. Нөгөө талаар тэрээр ирж буй шинэ хувьсгалт цагийн эрх бошгийг мэдэж байсан буй заа.

Энэ явдал 1920-иод онд болжээ. Хожим, гучаад оны үед залуу лам нартай тааралдвал “За хүү минь, дэмий юмний хойноос хөөцөлдөөд дэмий дээ, эртхэнээс аж амьдралаа бодож яв. Огт өөр цаг үе ирж байна шүү. Цагийн жамыг сөрөх нь үнэн нүгэл болдог номтой” гэдэг, түүнийг нь лам нар хүлээж авахгүй, “Энэ муу толгой нь эргэсэн хөгшин үнэхээр чаралба болж гүйцлээ” хэмээн хараадаг, бүр хараал жатга ч хийж үзсэн боловч Авжийд байдаг л нэг жатгач ламын жатга юуны гэмтэй билээ. Авжий тэнгэр огторгуй тухай, ирээдүйн тухай их ярьдаг байжээ. Тухайлбал Үүрийн цолмон од чинь их хол, их бууны суманд суугаад ниссэн ч энэ насандаа хүрч чадахгүй гэхэд түүнийг сонссон хэн бүхэн элэглэн шоолдог, ялангуяа лам нар эгдүүцэн зэвүүцдэг. Бүр цаашлаад энэ ертөнцөд хязгаар гэж байдаггүй юм, ирээдүйд төмөр утас тэнгэрээр аалзны шүлс мэт хэрж /мэдээлэл технологи/, хүн төмөр царцаанд суугаад бөмбөрцөгийг өдөрт нь тойрдог болно/сансрын нислэг/, Хүрээнд байгаа хүнтэй тооноороо шууд ярьж/гар утас/, тогооныхоо халивыг цохиж холыг хардаг болно /телевиз/, санаа бодлоо хайрцган дотор хадгалчихаад түүнээсээ зөвлөгөө авдаг болно /компьютер/ гэх мэтээр 40-өөд оныхны толгойд яагаад ч ормооргүй зүйлс их ярьдаг байжээ. Байгал, нийгмийн бүх үзэгдэл юмсад тун сонирхолтой тайлбар өгч, ялангуяа ардын төрийг цагийн бошгоор ирсэн юм хэмээн их дэмждэг, бас жаран нь дуусаад хөлбөрнө ч гэдэг байсан гэдэг.

Авжий 1940-өөд оны сүүлчээр насанд дарагдаж, өвгөрөөд ирэхээрээ цэргээс ирсэн залуусыг шилж байгаад нэгнийг нь сонгон өөрөөсөө олон нас дүү эхнэртээ нөхөр хань болгон гэртээ оруулаад, өөрөө баруун хаяанд нь гарч, тэр хоёроороо асруулж байгаад өнгөрчээ. Энэ хүний амьдрал тэр аяараа хорвоо ертөнцийн үймээнийг танин мэдсэн амьдралын гүн ухаан байсан мэт санагддаг юм. Хууччуулын ярианд дурдагддаг “Ертөмцийг гэтэлсэн” хүн байж дээ.

Өөр нэг ярианд Авжийг Хамба гэгээнтэй хамт хэсэг зуур хийдийг тэргүүлж, Гэгээний дараах эрх, нөлөө бүхий хүн байх үедээ ирж буй цагийн бошго литийг тэд хамтдаа сугалж үзсэн гэдэг. Үүнийг Гэгээний үйл ажиллагаа ч нотлох мэт байдаг. 1932 оны лам нарын зэвсэгт бослогынхон Хамба гэгээний орон нутагтаа нэр нөлөөтэйг, мөн хил хязгаарлуу дүрвэн гол судас дээр буйн хувьд түүнийг талдаа татах гэж өргөл барьж, ятгалга, бүр сүрдүүлэг ч хэрэглээд нэмэр болсонгүй. Энэ талаар дараах хэсэгт өгүүлье.

Хамба гэгээн ба Мундаг Совд

Совд нэрт, Мундаг хочит, энэ хочоо ч бүхий л талаар илтгэсэн эр бяртай, гүдэс шулуун нэгэн эр Хамба гэгээний буурч-тогоочоор олон жил болжээ. 1930-аад оны эхээр гэнэтхэн Хамба гэгээнтэн лам нараа хар болгон тарааж, жасынхаа хэдэн агуулахуудын эд барааг нэг бүрчлэн тоолж, данслаад бүх данс, түлхүүрүүдийг өөртөө хураан авчжээ. Үүнд нь Мундаг Совдыг эгдүү хөдөлж, энэ хөгшин гэлэн зөнөөд биднийг хулгай хийнэ гэж бодоод байгаа юм байх даа хэмээн боддог болж гэнэ.

Гэгээнтэн мөн ойр дотно хүмүүсээ нэг нэгээр нь дуудаж уулзаад эхэлсэн байна. Тэднээс

- За юу хийе гэж бодож байна хэмээн нэг л зүйлийг асууна. Нөгөөдүүл нь ч
- Гэгээнтэн минь та л мэднэ шүү дээ гэж хариулцгаадаг байж.
Үүнийг сонссон Мундаг Совд гэгээнтнийг зөнөөд биднийгээ хулгай хийх нь хэмээн хардаж байна гэсэн бодолдоо улам итгэх болж.

Тогооч хүн яах аргагүй дотнын хүмүүсийн нэгэн болох тул Мундаг Совдын ээлж ч болов.
- За Совдоо, чи яая гэж бодож байна гэхэд Мундаг Совдын өнөөх эгдүү нь асч,
- Хулгай хийе л гэж бодож байна гэжээ. Гэгээнтэн
- За, за л гэж. Өөр юм хэлсэнгүй.

Удалгүй гэгээнтэн хоёр гэр бариулж, хоол унд бэлдүүлж зэхээд байтал нэг өдөр урд Зээгтийн бэлээр шовгор оройтой хурган малгай өмсөж, винтов үүрсэн долоон морьтон иржээ. Хавар цаг байсан гэдэг. Гэгээнтэн тэднийг хадаг яндар барин угтаж, бэлтгэсэн гэртээ оруулан, хүндэтгэн цайлж дайлаад, жасынхаа хамаг агуулахыг онгойлгон, эд бараагаа данс хараар нь тоолж хүлээлгэн өгсөн байна. Уг нь тэр Дотоодын хамгаалахын долоон хүн Гэгээнийг баривчлах зорилготой ирсэн болов уу гэдэг. Тэд Гэгээнтнийг яаж ч чадсангүй, хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг нь лацдаж түгжээд буцацгаажээ. Тэднийг буцсаны дараах гурав дахь үдшээр, жаргах нарны туяа сүмийн алтан ганжирт наадан эрхэлж байх үест гэнэтхэн гол цогчин дуганын оройн ар хэсгээс хэсэн газар эмтрэн унаж, түүнтэй зэрэгцэн “Гэгээнтэн жанч халилаа” гэсэн шуугиан хүрээгээр нэг тархан, хүмүүс залбирч, уйлах нь уйлж, сөхрөн унах нь унацгааж...

Цогчин дуганы эмтэрч унасан хэсгээс бөөн гал гарч, Бурхан уулыг чиглэсээр алга болон замхарсныг хүрээнд байсан хэдэн зуун хүн бүгдээр харсан байна. Гэгээнийг өнгөрснөөс хойш долоохон хоногийн дотор Гэгээний ойр дотнын хүмүүс бүгд амар тайван нас баржээ. Тэр ч бүү хэл Гэгээний ямагт эрхлүүлж байдаг долоон хав ч цуваад өнгөрчихөж. Харин ойр дотныхноос нь ганц Мундаг Совд л үхсэнгүй. Бүүр хожим насны туйл болсон хойноо Совд гуай “Иш чааваас, тэгэхэд би бусад шигээ Гэгээнтэн минь та л мэд гэх минь яав даа. Тэгсэн бол одоо Гэгээнтэйгээ хамт л явж байхгүй юу” хэмээн үглэж, толгой руугаа ихэд түншин, уйлдаг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин