Эмийн сангуудыг 16,9 сая төгрөгөөр торголоо
Улаанбаатар хотод Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг 124 эмийн сан бий. Тэд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолд заасны дагуу эмийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох үүрэг хүлээдэг.
Эдгээр эмийн сангуудын 116-гийнх нь үйл ажиллагаанд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Гэтэл Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тун”, ЭНТО, “Эм Би Би Жэй”, “Бейсан”, Баянзүрх дүүргийн “Оригфарм”, Сүхбаатар дүүрэг дэх “Тавин-Ус”, “Монос”, “Лхадаш хайрхан”, Сонгинохайрхан дүүргийн “Хар хорин евро фарма”, “Арцад фарма” зэрэг 100 орчим эмийн сан иргэдэд эмийг хөнгөлөлттэй үнээр үйлчилдэгүй, үнийг нь хэтрүүлэн худалддаг, боловсон хүчний хангамж дутмаг, зарим нь жор баригчгүй байжээ.
Иймээс улсын 32 байцаагч шалгалтад хамрагдсан 116 аж ахуйн нэгжээс илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 126 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 16.9 сая төгрөгөөр торгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ