Өмнөговь аймагт газар хөдөлжээ
Улаанбаатарын цагаар өнөөдөр 11 цаг 05 минутад Өмнөговь аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайтай газарт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдөлтийн байрлал нь өргөрөгийн 42.84, уртрагийн 105.44-д болсон байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, Геофизикийн судалгааны төвөөс тодруулахад “Хүчтэй газар хөдлөлтийн дараа бага хэмжээний чичирхийлэлүүд болсон ч одоогоор намдсан байна. Номгон сум болон аймгийн төвийн хүмүүст газар хөдлөлт мэдрэгдсэн гэсэн. Илүү нарийн мэдээлэлээ цуглуулахаар Даланзадгад хотын манай салбарын ажилчид ажиллаж байна” гэсэн юм.
4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь ерөнхийдөө хүмүүст мэдрэгдэх, барилга, орон сууцны хананд цууралт өгч болох хэмжээний байдаг байна. Гэсэн ч одоогоор барилга байшингийн хана цуурсан гэсэн мэдээлэл алга байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ