Ц.Түмэнбаяр: Оюун санаагаараа дэлхийн дайдыг хэмжих цаг болсон
Та бидний унших, үзэх дуртай танил дотно өгүүллэг, зохиолууд, тайз дэлгэцийн бүтээлүүдийн эзэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Холбооны техникумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгсөж, 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер хамгаалсан.
Тэрээр “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 12 удаа оролцож эхний байруудад шалгарч байсан төдийгүй Удвал сангийн нэрэмжит шагналыг 2008 онд, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналыг 2009 онд, Алтан өд-2011 зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм. Түүний кино бүтээл гэхэд л “Цагаан сүүний домог”, “Тэнгэр мэднэ”, “Нохойтой нөхцсөн бүсгүй”, “Нүцгэн натур” гээд олон сайхан бүтээлүүдийг нэрлээд байвал дуусашгүй, дундрашгүй авьяас билгийн ундаргатай билээ.
-Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргье.Юун түрүүнд сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа тухайд тань ярилцлагаа эхэлье?
- Уншигчид болон танай сэтгүүлийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэж, гэрэл гэгээ цог золбоог хүсэн ерөөе. Би одоо Монголын түүхийн том хэмжээний гурван цуврал роман бичихээр судалгаа хийж байна.
/Утгын чимэг богино өгүүллэгийн наадам/
- Таны өгүүллэгүүд уншигчдад их ойр байдаг. "Утгын чимэг" наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ,Энэ наадмын талаар таны бодол,Дараагийн "Утгын чимэг" наадам хэзээ болох вэ,ямархуу өнгөтэй байх бол?
-“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам бол уран зохиолын гол төрлийн нэг болох өгүүллэгийг үзэгч олон түмэнд хүргэх, өгүүллэгчдийг дэмжих, чанартай бүтээл төрүүлэх, нэг үгээр хэлбэл Монголын уран зохиолыг хэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой юм. Гэхдээ “Утгын чимэг” өгүүллэгийн наадамд шалгарч байгаа өгүүллэгүүд харьцангуй сайн өгүүллэгүүд байдаг. Харин туйлын сайн өгүүллэг л эхний бар эзэлдэг гэж хэлэхэд хэцүү. Гурван хуудсанд багтааж санаагаа гаргана гэдэг хэцүү. Хичнээн гаргая гэвч бас тийм хэмжээнд багтаж гарахгүй явдал бий. Тиймээс өөр сайн өгүүллэгүүд уралдааны гадна талд үлддэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ наадамд 17 удаа оролцож, дөрвөн удаа аман хүзүүдэж, бусдад нь бусад шагналт байруудыг эзэлж ирлээ. Хүмүүс чи яагаад түрүүлдэггүй юм бэ гэж их асуудаг. Тэрийг би мэдэхгүй. Шүүгч л мэднэ. Харин 17 жил тайзнаасаа буугаагүй байгаагаа чансаа гэж ойлгодог.
- Завхан нутгийн бахархлын тухай таньтай ярилцахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, Завхан бол бусад аймгаас маш их онцлогтой. 14 хутагт,2 ерөнхийлөгч, нэг тэргүүн хатагтай төрөн гарсан байдаг. Тиймээс Завхан аймгаас төрсөн нэр цуутай нийгмийн зүтгэлтэн болоод уран бүтээлчдийн тухай таныг сонирхолтой зүйл ярих байх гэж бодож байна?
- Мэдээжийн хэрэг Монголын өнцөг булан бүрт, тэр битгий хэл хилийн чанадад ч Монголчууд эрдэм чадал, эрэлхэг зориг, хөдөлмөрч, хүнлэг зан чанараараа гайхагддаг. Завхан аймгийн нэвтэрхий толь, бас хэдэн ном гарсан байна билээ. Орон нутгийнхаа онцлог, бахархал болгоныг олон түмэнд сурталчлах, түүхэнд үнэн зөвөөр нь бичиж үлдээх гэдэг бол чухал ач холбогдолтой гавьяа юм. Аймаг, сум бүр үүх түүхээ нарийвчлан гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс мэдэхгүй юмаа байхгүйд их тооцдог. Аль ч аймгийн үүх түүхийг судалж үзэхэд нэг талаараа биш гэхэд нөгөө талаараа нэг нь нэгнээсээ огт дутахгүй. Нэг л монгол.
/Дэлхийн яруу найргийн их хурлын үеэр/
- Монголын уншигчид нэг үеэ бодвол ном их уншиж байгаа ч сүүлийн үеийн номнууд хэт их арилжааны хандлагатай болжээ гэдэг шүүмжлэлд өртөх болсон, таны хувьд уншигчдад ухаарал, гэгээрэл хайрлах номнууд хэр гарч байна вэ?
- “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгээр бид хүмүүжиж ирсэн. Нэгэн мэргэн хүн “Ном бол бага насанд минь эцэг эх, идэр насанд нь багш, өтлөх насанд минь найз нөхөр” гэж хэлсэн байдаг. Арилжааны ном мэдээж гарч л байна. Нийгмийн үзэгдэл юм даа. Гагцхүү оюун ухаанд тэжээл болох гоо сайхныг бэлэглэх номыг сонгож авч унших нь уншигчийн өөрийн мэдлэг оюуны хэмжээ юм. Ухаарал гэгээрэл хайрлах номнууд гаралгүй яахав. Зөндөө л гарч байна. Харин хэт арилжааны, цагийн гарз, буруу зүг рүү хөтөлсөн номонд бүү хууртаж, тархиа “хогийн сав” болгохгүй байгаасай гэж хүүхэд, залуучууд, уншигчдаасаа хүсэх юм даа.
/Дэлхийн яруу найргин их хуралд төлөөлөгчөөр оролцов/
- Таны блогт дэлхийн өнцөг булан бүрээс уншигчид ханддаг. Блогоо хэзээнээс эхэлж хөтөлсөн бэ?Үүнд цаг зав их шаардагддаг байх, Энэ талаар?
-Ер нь Интернэттэй 1996 оноос “нөхөрлөсөн”. 2002-2003 онд анхны онлайн сонин “Ил товчоо”-ны вэб мастериар ажиллаж байлаа. Тэр үедхолбооны мэргэжлийн бус ихэнх хүнкомпьютер, интернэт хоёрыг, имэйл, вэс сайт хоёрыг ялгадаггүй байлаа.Тиймээс онлайн сонин минь санхүүжилтээсээ шалтгаалаад тэгсгээд унтарсан. Гэвч 2005 оноос хойш Нийслэлийн албан байгууллага, аймаг, сумд интернэтэд холбогдож эхэлснээр хурдан ойлгоцгоосон. Байнгын хэрэглээ ч болсон доо. Цаг их ордог болохоор сүүлийн үед блогоо баяжуулж чадахгүй л байна. Харин онлайн худалдаагаар номоо борлуулж, гадаадад байгаа монгол уншигчид, гадаадын монголч эрдэмтэдтэй холбогдож, уран бүтээлээ танилцуулж байхад тааламжтай байдаг.
- Өвөр Монгол уншигчид Монголын зохиолчдын бүтээлийг унших дуртай байдаг. Харин та Өвөр Монголын зохиол бүтээлүүдийг хэр уншдаг вэ? Хамгийн сүүлд ямар бүтээлүүд уншсан бэ?
- Өвөр Монголын уншигчид Монголын зохиолчдын бүтээлийг аль эртнээс сонирхон уншиж, судалж бүтээлчээр суралцаж ирсэн. Миний бүтээлүүдтэй ч бүр 1990-ээд оны эхнээс танилцсан. Өвөр Монголын цөөнгүй сэтгүүл, сонин, номонд эх хэлээс гадна хятад хэлээр ч бүтээлүүд маань орчуулагдан хэвлэгдэж, Өвөр Монголын төдийгүй хятадын уншигчид ч бүтээлтэй минь танилцаж, “Дэлхийн шилдэг уран зохиол” сэтгүүлд миний хоёр өгүүллэг орчуулагдан хэвлэгдсэн байна билээ. Хожим мэдсэн. Өвөр Монголын зохиолчдын бүтээлийг уншилгүй яахав. Хамгийн сүүлд Зүүнгар Буянбатын яруу найргийн номыг уншсан. Өвөр Монголын зохиолчдоос суралцах юм бас бидэнд бий. Бидэнд мартагдсан, хуучны оновчтой, яруу тансаг үг хэллэг нэлээд байдаг. Сүүлийн үед Өвөр Монголын зохиолчдын бүтээлийн чансаа сэтгэлгээний хувьд их өөрчлөгдөж байна гэж боддог.
- МЗЭ болон та уран бүтээлийнхээ хувьд Өвөр Монголчуудтайгаа хэр холбоо харилцаатай ажилладаг вэ?
- Зохиолчдын Эвлэлийн шугамаар л ихэвчлэн холбогддог. Ер нь манай МЗЭ Өвөр Монгол зохиолчидтойгоо их холбоотой ажилладаг шүү дээ.
/Өвөр Монголын яруу найрагч Зүүнгар Буянбатын хос номын нээлтийн үеэр/
- Та МЗЭ-тэй удаан холбоотой ажилласан хүний хувьд монголын утгазохиол, яруу найргийн хөгжил дэвшлийн тухай юу хэлэх вэ, Таны бодлоор ер нь аль түвшинд явж байна вэ?
-Зохиолчдын Эвлэлд үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй. “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би судлаач биш учраас дүгнэж цэгнэж хэлэхэд хэцүү. Гэхдээ МЗЭ-ийн төлөөлөн удрдах зөвлөлийн гишүүний хувьд, бас уран бүтээлчийнхээ хувьд ажиглаж, өөрийн санаа бодлоо хэлж л явдаг. Яруу найраг бол урсгал чиглэлээрээ хөгжиж л байна. Харин хүүрнэл болон жүжиг, кино, хошин шог, хүүхдийн зохиолын хөгжилд төдийлөн ахиц гараагүй. Хүүрнэл зохиол сэдвийн хувьд баяжсан ч сэтгэлгээ, ур чадварын хувьд тийм ч их дэвшилд хүрээгүй л байна. Гэхдээ Монголын уран зохиолыг орчуулж л чадвал ямар ч үндэстнээс дутахгүй баялаг өв сантай. Манай Г.Мэнд-Ооёо Олон улсын хэмжээний том шагнал авлаа. Ардаа хоёр ч Нобелийн шагналтныг орхижээ. Энэ бол Монголын яруу найргийн төвшинг тодорхойлж байгаа нэг л жишээ. Өөр олон жишээг хэлж болно доо.
- Солонго сэтгүүлийг /site-ийг/ хэр уншдаг вэ, манай сэтгүүлийн тухай ямар ойлголттой явдаг вэ?
- Хардаг аа. Хэвийн. Онлайн мэдээллийн сайтуудын жишгээр л явж байна. Зорилгоо биелүүлж байна гэж боддог.
- Уран бүтээлийн тань цаашдын төлөвлөгөө?
- Хэд хэдэн түүхэн сэдэвт бүтээл хийхээр төлөвлөж байна.
- Уншигчдад маань хандаж, миний асуугаагүй орхигдуулсан, таны хэлье гэсэн зүйл байгаа байх?
-Нэгэн цагт хурдан морьдын туурай, хурц сэлмийн ирээр дэлхийн дайдыг хэмжиж явсан монголчууд одоо оюун санаа, уран бүтээлээрээ нэгдэж,дэлхийн дайдыг хэмжих цаг болсон гэдгийг лхэлэх байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээл, ажил үйлсэд тань гялалзсан амжилт, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
-Баярлалаа
Бэлтгэсэн: Э.Үржинханд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ