Бид бусдын адил аав ээжийн хонгорхон үрс...
Би 30 гаран насны залуу. Зарим үед гадаадад, заримдаа Монголдоо амьдардаг. Би ХДХВ-ын талаар мэдэж байсан боловч өөрийгөө халдвар авна гэж бодож яваагүй. Найз нартайгаа хамт сургалтад суусны дараа ХДХВ-ийн шинжилгээ өгч байх нь чухал гэдгийг ойлгосон. Тэр үед шинжилгээ зүгээр гарч байсан. Гурван сарын дараа дахиж өгөх хэрэгтэй гэж эмчийн зөвлөснөөр ахин өгсөн. Энэ үед ХДХВ-ийн халдвартай байна гэхэд цаашид яах ёстой, яаж амьдрах, хэнд хандахаа ч мэдээгүй. Гэр бүл, дотны хүмүүстээ хэлж чадаагүй. Нэг их гайхуулаад байх зүйл биш. Халдвартай хүн бүрийг халдвар тараагч биш, өвчтэй хүн гэдгийг бодож тэдний сэтгэл санааг ойлгож гадуурхахгүй байгаасай гэж боддог.
Дэлхий дээр 40 гаруй сая хүн энэхүү үгийг хэлэн амьдарч байна. Хүний дархлал хомсдолын вирусийн халдварын анхны тохиолдол дэлхий дахинаа анх 1981 онд бүртгэгдсэн. Энэхүү 33 жилийн хугацаанд 60 гаруй сая хүн ХДХВ-ийн халдварыг авч тэдний тал хувь нь хорвоогийн мөнх бусыг үзсэн харамсалтай тоо баримт байна.
Гэхдээ тэдний ихэнх нь энэхүү өвчнөөсөө биш ганцаардал, хайр халамж дутсанаас хорвоог орхидог би боддог. Тиймээс хүмүүс биднээс битгий нүүр бууруулаасай. Бид бусдын л адил аав ээжийн хонгорхон үрс.... гэж ХДХВ-тэй залуу хоолой зангируулан ярьж байсан түүхтэй.
Монголчуудын дийлэнх нь ХДХВ-ыг зөвхөн бэлгийн харьцаанд орсон хүмүүс тусдаг гэх ойлголттой явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл ХДХВ-ын халдвар эхээс урагт, үрийн шингэн, цус цусан бүтээгдэхүүн, нэг удаагийн зүү тариур дамжуулан хэрэглэх, нугасны ус, аман секс гэх мэтээр дамждаг байна. Монголчуудын хувьд аман секс хийснээр ХДХВ тусдаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Гэтэл ХДХВ халдварлах нэг зам нь аман секс юм байна. Амны хөндийн салст бүрхүүл нь шулуун гэдэсний салсттай харьцуулвал илүү бөх бөгөөд, аманд гадагшлуулсан зүйлийг буцаан гаргаж болох тул, анал сексээр халдвар авах эрсдэлээс хэд дахин бага байдаг аж. Мөн ХДХВ туссан залуучуудын ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орж, ХДХВ тусдаг тухайгаа ярьж байжээ. Үүнийг 2013 онд "Залуус Эрүүл Мэнд" төв ТББ-с гаргасан "Бид нэг тэнгэртэй" номноос харж болно.
ХДХВ-ын тухай олон тоо баримт, мэдээлэл байдаг. Тиймээс энэ тухай нуршихыг хүссэнгүй. Гол нь үүнийг уншиж байгаа уншигчиддаа ХДХВ ямар замаар халдварладаг, хэрхэн сэргийлэх тухай мэдээллийг өгөхийг хүссэн юм.
Мэдээж бэлгэвчийг зөв бөгөөд тогтмол хэрэглэх нь БЗДХ, ХДХВ/ДОХ-оос 98 хувь хүртэл сэргийлнэ. Цаашлаад үтрээгээр, амаар, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох тохиолдол бүртээ шинэ бэлгэвчийг бэлгийн хавьтлын туршид буюу эхнээс нь дуустал хэрэглэх. Бэлэг эрхтэн хүрэлцэхээс өмнө бэлэг эрхтэнд бэлгэвчийг бүрэн угласан байх, бэлгэвчний урд хэсэгт үрийн шингэн агуулах хэсэг, үрийн шингэн асгарахаас болгоомжлох, хогийн саванд хаях, бэлгийн хавьтлын үед бэлгэвч урагдвал бэлгийн хавьтлыг зогсоож шинэ бэлгэвч хэрэглэх, шулуун гэдсээр болон үтрээгээр бэлгийн хавьталд орох үедээ усан суурьтай чийгшүүлэгч хэрэглэх нь таныг ХДХВ-ын халдвараас бүрэн хамгаалж чадна.
Усан суурьтай чийгшүүлэгч гэдэг нь бэлгэвчний давхар тос юм.
Мөн БЗДХ, ХДХВ-ын шинжилгээнд тогтмол хамрагдаж байх ёстой. Адаглаад гурван сардаа нэг удаа шинжилгээ өгч байх нь таныг энэхүү аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалахад тустай. Шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн ихэнх нь бэлгийн цөөнх залуучууд байдаг. Тиймээс ХДХВ тээгчдийн ихэнх нь бэлгийн цөөнх залуус байдаг гэх хардлага нийгэм төрдөг. Үнэндээ бэлгийн цөөнх залуус гурван сар тутам тогтмол шинжилгээ өгдөг учраас ХДХВ-ын халдвар илэрдэг. Магадгүй иргэн бүр гурван сар тутам тогтмол шинжилгээ өгдөг бол энэхүү тоо баримт өөрөөр эргэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ та бүгдийг ХДХВ-ын халдвар тээгч гэж байгаа юм биш. Эрсдлээ бодож, байнга шинжилгээгээ өгч байх нь зүйтэй гэдгийг сануулахыг хүссэн юм.
Халдвар тээгчдийн 81.8 хувь нь эрэгтэй, 18.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний 50.7 хувь нь гей, 30 хувь нь бисекс, 18.5 хувь нь гетеросекс, 1.4 хувь нь трансжендер юм байна. Насны ангилалаар авч үзвэл 15-19 насныхан 4.7 хувь, 20-24 насныхан 16.9 хувь, 25-29 насныхан 21.5 хувь, 30-34 насныхан 20.3 хувь, 35-39 насныхан 18.6 хувь, 40-44 насныхан 14 хувь, 45-аас дээш насныхан 4.1 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт байна.Эх сурвалж: ХӨСҮТ
Иймд иргэн та аюулгүй харилцаагаа бодож бэлгийн харьцаанд орохоосоо өмнө бэлгэвчийг зөв бөгөөд тогтмол хэрэглэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэхгүй байх, бэлгийн үнэнч нэг хостой байх, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх нь ХДХВ-ын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
Эцэст нь "Амьдрах итгэлийг хүн хүнээсээ авдаг. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь" гэх ХДХВ тээгч жирэмсэн ээжийн үгээр нийтлэлээ дуусгая.
Энэ зовлонг өөр хүн битгий туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Халдвар авсан ч та урт удаан амьдрах боломжтой. Гагхцүү та эмээ тогтмол, зөв хэрэглэж, эмчийнхээ хяналтанд байх нь чухал. Ингэснээр та бусдын адил эрүүл, өөрийгөө өвчтөй хүн гэдгээ мартан ажил хөдөмөрөө хийн, сурч боловсрон, нийгмийн хөгжлөө хамтдаа бүтээнэ.
Ашигласан мэдээллийн эх сурвалж:
"Залуус Эрүүл Мэнд" төв ТББ
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны алба
Б.Батчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ