Амины орон сууцын зээлийг хэн авах вэ?
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар амины орон сууцанд найман хувийн зээлийг олгохоор болсон. Тэгвэл ямар орон сууцыг амины орон сууц гэх вэ?
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд амины орон сууцыг аймаг, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу баригдаж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад орсон цахилгаан, дулаан, ус, бохирын асуудлыг нь шийдсэн байна гэж тодорхойлсон аж. Амины орон сууц нь өөрийн газартай байх ба өмчлөх гэрчилгээтэй, эс бөгөөс эзэмших эрх нь 20 жилээс дээш хугацаатай байх гэсэн шаардлага өмнөх журам дээр нэмэгджээ.
Уг зээлд дараах шалгууруудыг хангасан иргэн хамрагдах боломжтой.
- Монгол улсын иргэн бөгөөд эрхзүйн чадамжтай 18 нас хүрсэн байна.
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байна.
- Өрхийн гишүүний аль нэг нь Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу авсан орон сууцны зээлийн үлдэгдэлгүй.
- Мөн өрхийн гишүүний аль нэг нь Иргэдийг жилийн 6%-ийн хүүтэй орон сууцны хөнгөлттэй зээлд хамрагдсан бол уг зээлийн үлдэгдэлгүй байх.
Эдгээр шаардлагыг хангасан иргэн Амины орон сууцын 8%-ийн зээлэнд хамрагдах хүсэлтээ уг зээлийг олгож буй аль ч банкинд өгч болох юм байна.
Амины орон сууцны зээл нь:
- хугацаа нь 20 жил
- зээлийн хүү нь 8% +/-1хувь
- Урьдчилгаа төлбөр нь 30%-иас доошгүй
- Өрхийн нийт зээл нь өрхийн орлогын 45%-аас бага
- Амины орон сууцны зээлийн барьцаа нь зээл авч буй амины орон сууц, ашиглагдаж байгаа 80м.кв-аас дээшгүй талбайтай хуучин орон сууц
- Зээлийг урьдчилан төлөлт хийх боломжтой
- Тогтмол хүүтэй байхаар тус тус журамлагдсан.
Ямар хэмжээний зээл авах нь өрхийн орлогоос хамаарна. Гэвч одоогоор амины орон сууцын зээлийг аль нэг арилжааны банк олгож эхлээгүй байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ