Д.Оюунтүлхүүр: Би нөхрөө гомдоож байсан
Хувь амьдралдаа өөрийгөө зориулан олон жил чимээ багатай байсан дуучин Д.Оюунтүлхүүр таатай мэдээ дуулгаж байна. Тэр өөрийгөө харуулсан тоглолтоо хийхээр болж. Дуучин гэхээсээ илүүтэй нийгмийн төлөө сэтгэл тавьдаг сайн үйлстний хувиар нэр нь гарч ирсэн түүнтэй уулзаж, ярилцлаа.
-Та чимээгүйхэн байж байгаад л гэнэтхэн тоглолтын зараа дуулгалаа. Таны дуунуудыг багаасаа л сонсож өссөн хүүхдүүд одоо ч том болцгоосон. Тэд бол их л баяртай байгаа байх даа. Би ч гэсэн тэдний нэг. Таны “Цаасан шувуу” гээд дууг их сонсдог байсан шүү...
-За баярлалаа. Олон хүнийг баярлуулж байна гэж хэлж байгаа чинь их урам хайрлаж байна. Үнэнийг хэлэхэд би өнөөдрийг хүртэл, одоо ч гэсэн өөрийгөө бүтэн мэдэрч яваагүй юм шиг санагдаад байна. Сангийн ажил, нийгмийн чанартай буяны ажлууд гээд урлагийн ажлаа орхигдуулсан тал байгаа. Харин намайг уран бүтээлээ хийхийг хүлээж байсан хүн болгонд баярлалаа. Би тоглолт хийгээгүй их удсан байна.
-Удсан гэхээр хэдэн жил гэсэн үг вэ?
-Яг бие даасан тоглолт хийгээгүй арван жил болж байна. Сэм сэмхэн шинэ уран бүтээл гаргаад яваад байсан ч, хүмүүсийн хүртээл болгож амжихгүй байсан. “Зүүдний учрал” цомгийг нэлээн дээр хийсэн мөртлөө бас яг бүрэн утгаар нь хүмүүст хүргэж чадалгүй орхисон байсан. Учир нь “Зүүдний учрал” дууны клипэн дээрээ ажиллаж байх үед би хөл хүнд байсан. Тэгээд залгуулаад дахиад нэг хүүхэд төрүүлж, айл гэрийн эзэгтэй, ээжийн үүргийг гайгүй сайн биелүүлж ирлээ. Одоо уран бүтээлдээ орох цаг болсон гэж үзэж байна. Юм оройтдоггүй юм байна. Яах бол гэсэн айдас байсан ч хүмүүс хүлээж байсан гэсэн урмын үг сонсохоор, урамшаад зориг ордог юм байна.
-Тоглолтын нэр зөөлөн хэрнээ содон байх шиг?
“Хайрын эгшиг” гэж тоглолтоо нэрлэсэн. Миний дуунууд голдуу хайрын дуу байдаг. Үнэхээр хайрыг л эгшиглүүлсэн концерт хийе гэж бодож байна.
-Та одоо урын сандаа хэд орчим дуутай вэ. Хамтарсан хамтраагүй гээд ялгаа байгаа байх?
-Ялгаа байгаа, байгаа. Их олон бүтээл бий. Ер нь тоолж үзсэн нь дээр юм шиг байна. Хүмүүс их асуудаг болохоор тоолж үзэх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Монголдоо гаргасан гэвэл гурван цомог байгаа. Дараачийн цомогтоо тун яаруу орох шаардлагатай санагдаж байна. Гэхдээ өмнөх “Зүүдний учрал”-аа тэр цаг хугацаагаа нөхөөд хүмүүсийн хүртээл болгох шаардлагатай байгаа учраас цаг хугацаа зориулах хэрэгтэй байна л даа.
-Таны тоглолтонд лав л Хаянаа оролцох болов уу гэж бодож байна. Эсвэл зөвхөн өөрөө л дуулах уу. Ер нь юугаараа онцлог болох вэ?
-Хаянаа миний тоглолтод урилгаар оролцож, хамтарсан дуугаа бид 2 дуулна. Энэ тоглолт миний бие даасан тоглолт. 100 хувь амьд тоглолт болох болно. Онцлогийн тухайд Монголын шилдэг хөгжимчдийг урьж оролцуулсан, хамтарч бүтээлцэж байгаа. Энэ яагаад онцлог вэ гэхээр би өмнө нь Монголынхоо хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийж байгаагүй. Дандаа Японы хөгжимчидтэй хамт тоглодог байсан. Харин одоо бол Монголын урдаа барих хөгжимчид, чадварлаг, авьяаслаг, мэдрэмжтэй залуучуудтайгаа тоглох гэж байгаадаа баяртай байгаа.
-Таныг арван жил тайзнаа гаралгүй хол байсан гэж ойлгож болох уу. Өөр бусад дуучдыг харахаар янз бүрийн хурим найр, халтуур гээд яваад байдаг шүү дээ?
-Ганц нэг дуулах үе байлгүй яахав. Уран бүтээлч хүн болохоор бүүр тэгж пауз аваад байгаагүй л дээ. Мэр сэр гарч, үзэгдэж байсан. Харин олон түмэндээ албан ёсоор уран бүтээлээ тайлагнаж, хүргэж байгаа нь энэ юм даа.
-Таны дуунууд ер нь уянгын тал руугаа, нэг тэгж л буугаад байдаг... Магадгүй, өөрчлөлтийг мэдрүүлэх болов уу?
-Жаахан ч гэсэн эвдчих юмсан гэсэн оролдлого бас байгаа шүү. Чадах болов уу, яах бол. Бас дандаа тийм уянгын дуу дуулаад байхгүй ээ.
- Монголдоо ирээд арван жил болчихов уу?
-2006 оноос хойш гэхээр 8 жил болж байгаа юм байна.
-Ер нь хэвлэлд яриа өгч харагдахгүй, нам гүмхэн байж байгаад л гарч ирж байх шиг байна. Та чинь хэдтэйдээ Япон явж байлаа... Хэрвээ Япон яваагүй байсан бол урлагийн хүн болох байсан болов уу?
-Би 1989 онд 13 настай байсан. Тэр үед ардчиллын салхи дөнгөж сэвэлзэж байсан үе. Тийм цаг үед би Япон явсан. Хэрвээ тэр ардчиллын салхи нь үнэртээгүй байсан бол магадгүй надад Японыг зорих боломж гарахгүй байсан байх гэж би боддог юм. Яваагүй байсан ч урлагийн хүн байх байсан болов уу. Монголдоо л дуулаад явж байна байх.
-Таныг бас бизнес хийж байгаа гэх мэдээлэл гараад байдаг. Ямар бизнес хийж байгаагаа хэлвэл болох уу. Хүүгийнхээ нэрээр нэрлэсэн ресторантай гэсэн. Тийм үү?
- “Амны билгээс ашдын билэг” гэдэг болохоор тэгээд яриад явж байя даа. Андуурсан мэдээлэл байна.
-Тэгэхээр та ер бизнес эрхлэхгүй байгаа гэсэн үг үү?
- Баар, ресторан ажиллуулах тийм талын бизнес хийхгүй байгаа. Ер нь хийж чадах ч үгүй байх. Надад тийм авьяас байхгүй.
-Та сангийн ажил хийж байгаа гэж ярьсан. Тэр талаараа ярьвал яаж байна?
-Тухайн үед нийгмийн байдал маш хүнд хэцүү, эдийн засгийн хямрал нэрвээд нийгэм тэр чигээрээ хямарсан хэцүү үе байсан. Сангийн үйл ажиллагаа эхэлсэн 1997 он чинь бас ч гэж гайгүй болсон үе. Миний хувьд 1994 оноос эхлээд ерөнхийдөө ийм сан, төрийн бус байгууллага гэдэг юм Японд байгааг олж мэдээд Монголд сан байгуулах бодол төрж эхэлсэн. Манай нийгмийн байдал ямар байгаа билээ. Хүнд хэцүү дүр зураг харагдаад ирэхээр миний чадах юм юу бол гэж хамгийн түрүүнд бодогдож байсан. Ингээд олон Япон хүнээс тусламж хүссэн. Миний хүсэлтэд маш олон хүн хариу өгч, надад туслаж дэмжиж, олон хүний хүч хөдөлмөр, хандиваар боссон сан юм аа.
-Ээж хүний нүдээр харахад Монголд ер нь хүүхэд өсгөх орчин хэр таатай байна. Хүмүүнлэгийн ажил эрхэлдэг сантай болохоор та бүр ч мэдрэг хандаж байж болох юм?
-Би үүнд л хамгийн их санаа зовж явдаг. Бидний үе яахав. Гол нь хүүхдүүддээ хамгийн сайхан орчныг, хамгийн сайн сайхан бүхнээр хүрээлэгдсэн аз жаргалтай нийгмийг яаж үлдээх вэ гэж. Юм болгон амар хялбар амьдрал гэж байхгүй. Гэхдээ тайван амгалан орчинд л хүүхдээ үлдээгээд явах юмсан гэсэн хүсэл байдаг. Нас жаахан яваад ирэхээр миний амьдралаас илүү хүүхдүүдийн амьдрал илүү сонин, илүү чухал болж эхлэнэ шүү дээ. Одоохондоо ч яахав. Би уран бүтээл гээд өөрийнхөө нийгэмд эзэлсэн байр сууриндаа тулгуурлаад, зорьсноо хэрэгжүүлээд явах нь зөв л байх. Гэхдээ энэ хугацаа тийм удаан үргэлжлэхгүй. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд маш их анхаарах ёстой. Энэ тал дээр цаг хормыг алдаж болохгүйгээр бодож явах ёстой.
-Нөхрөө албан ёсоор танилцуулаач?
-За. Манай хүн миний тухай битгий яриарай гэж баахан захиж явуулсан. \инээв\. Бямбажавын Балдорж гэдэг хүн байдаг. Банк санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Одоо мэргэжлийнхээ дагуу хувийн бизнесээ эрхэлж байгаа.
-Та хоёр яаж танилцаж байсан бэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ