Хөгжлийн банкны шүүх хурал үргэлжилнэ

Улсын дээд шүүхээр өчигдөр /2024.12.02/ Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж эхэлсэн. Нийт 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан оройн 20:00 цагт завсарласан юм.

Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар хоёр өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн байна. Шүүх хуралдаанд оролцогчдын бүртгэлийг өнөөдөр /2024.12.03/ Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэж байна.

Танхимын зай талбай, багтаамжаас шалтгаалан гомдол гаргасан иргэдийг танхимаар, тайлбар хэлэх шүүгдэгч нарыг цахимаар оролцуулж байгааг шүүгч хэлсэн юм.

Шүүх хурлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалтай Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад хууль бусаар давуу байдал олгож, зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгж зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаасан, хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин