И.Балжинням: Эрүүл мэндийн даатгалын сан 9-р сараас хойш санхүүжилт хийгээгүйгээс 155 нэрийн эм тасалдаад байна

Монголын Эм зүйн байгууллагын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус холбоо нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй эмийн сан, 70 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, гурван сургалт эрдэм шинжилгээний байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг энэ салбарын үйл ажиллагааны гол цөм нь юм.

-Монгол Улсын эм хангамжийн салбарт хэчнээн мэргэжилтэн ажиллаж байна вэ?
-Улсын хэмжээнд 8000 гаруй эм зүйн мэргэжилтэн ажиллаж байна. Нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэн зэрэг бусад мэргэжилтнүүдийг оруулбал энэ салбарт 20 мянга орчим хүн харьяалагдаж, эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлж байна. Энэ салбарт ажиллагсдын 80 хувь нь “Эм” холбооны гишүүнчлэлтэй.

Орчин цагийн эм хангамжийн байгууллага буюу эм зүйн салбартай бид 1909 онд анх танилцсан. Да хүрээнд анх буриад эмч европ Эмийн сан байгуулсан. Тухайн үеийн ихэс дээдэс, Манжийн Сандо амбан хүртэл нээлтэд нь оролцсон түүхтэй. Гэвч албан ёсоор буюу Засгийн газрын шийдвэрээр 1923 оны 10-р сарын 25-нд Цэргийн эмнэлгийн дэргэд нийтэд үйлчлэх анхны эмийн сан байгуулагдсаныг Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн салбар үүссэн гэж үздэг. Монгол Улсад орчин цагийн эм хангамжийн салбар байгуулагдсаны 100 жилийн ойгоо бид 2023 онд тэмдэглэсэн.

 

ЭМЯ-наас хийсэн судалгаагаар Монгол Улсад дөрвөн хүн тутмын гурав нь эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэггүй байна гэсэн дүн гарсан.

-Эм хангамжийн салбар хэдийгээр хувьчлагдсан ч эмийн сангууд иргэдэд, эм хангамжийн байгууллагууд нь улсын хэмжээнд бүх шатны эмнэлгүүдийг эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах үүрэг хүлээсэн эрүүл мэндийн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болох биз?
-Тийм шүү. Армиар бол зэвсгийг нь хангаж байна гэсэн үг л дээ. Эм хангамжийн салбар 1990 оноос эхлэн үе шаттайгаар хувьчлагдаж, 2006 онд хамгийн сүүлд “Монгол эм импекс концерн”  хувьчлагдсанаар энэ салбар 100 хувь хувьд шилжсэн. Эрүүл мэндийн салбараас дангаараа хувьчлагдсан, мөн эрүүл мэндийн салбарт НӨАТ төлөгч ганц салбар нь юм.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн батлагдаж, 2024 оны 10-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиа мөрдөж эхэлмэгц иргэд нэлээн хүндээр хүлээж авах шиг боллоо?
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд шинэчлэн батлагдаж, 2024 оны 10-р сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуулийн төсөлд бид саналаа өгсөн, зарим зохицуулалт нь их боломжийн болсон, анхаарах зүйл ч үлдсэн. Гэхдээ явцын дунд үе шаттайгаар сайжруулах боломжтой гэж харж байна.

Хуулийн өөрчлөлтөөр эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр нэг бүлэг орсон. Монголчууд эмийн замбараагүй хэрэглээтэй ард түмэн. Тиймээс энэ бүлэгт иргэний хариуцлагыг ч тусгаж өгсөн юм. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж байна. Эм авахдаа эмчээр жор бичүүлсэн байх заалтад иргэд нэлээд бухимдах шиг боллоо. Үнэндээ ийм заалт хуучин хуульд ч байсан юм. Гагцхүү хэрэгжилт хангалтгүй байсан гэх үү дээ.

Шинэчлэн батлагдсан хуулиар жороор олгох эмийг жоргүй эм олгосон тохиолдолд жор баригчид тооцох хариуцлага өндөр, их дүнтэй торгууль тавихаар заасан. Одоо иргэд ойлгож, асуудал намжиж байх шиг байна. Мөн ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар байгуулагдсан гэх мэт эерэг өөрчлөлтүүд бий. Эмийн чанарын хяналт, баталгаажуулалтыг сайжруулах чиглэлээр нарийн заалтуудыг тусгасан.

-Монголд эм үнэтэйн дээр, чанаргүй гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?
-Чанарын асуудлыг олон талаас нь ярих ёстой. Эмийн чанарын хяналтын тухай ярихдаа үйлчлэгч бодис нь стандарт хэмжээндээ байгаа эсэх, хүний биед ороод задарч, шимэгдэх хугацаа гэх мэт 20 гаруй үзүүлэлтээр шалгадаг. Энэ нь чанарыг илтгэнэ.

Бас нэг ойлголт нь эмчилгээний идэвхийн асуудал. Эмийн сонголт буюу өвчтөний эрүүл мэндийн байдал, бие организмын онцлогт тохирч байна уу? Эмээ цаг хугацаандаа ууж байна уу? гэх мэтээс шалтгаалж үйлчлэл нь харилцан адилгүй байдаг. Мөн бидний амьдарч буй агаар орчны бохирдол, идэж буй хоол хүнс зэрэг олон хүчин зүйл эмийн үйлчлэлд нөлөөлдөг.
Сүү, цагаан идээ өргөн хэрэглэдэг манай иргэдийн хувьд антибиотик уух үедээ цагаан идээний  хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал гарна. ЭМЯ-наас хийсэн судалгаагаар Монгол Улсад дөрвөн хүн тутмын гурав нь эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэггүй байна гэсэн дүн гарсан. 

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй жороор үйлчилж буй эмийн сангуудад 9-р сараас хойш санхүүжилт хийгээгүйгээс эмийн сангуудад 24-25 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. 

Нөгөө талаар Европын холбооны улсууд, Япон, Америк зэрэг эмийн хатуу зохицуулалттай орнуудад бүртгэгдсэн эм манай улсын нийт эмийн зах зээлийн 63-64 хувийг эзэлдэг. Шинэ эм  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхийн тулд нэлээд өндөр шалгуур давдаг. Манай улс эмийн бүртгэлийн өндөр шалгууртай орны тоонд ордог. Жишээ нь, үйлдвэрлэгч орондоо хэрэглэгддэг, тухайн орныхоо эмчилгээний практикт нэвтрээд 5-аас дээш жил болсон байх, гадны таваас дээш оронд хэрэглэгддэг байх гэх мэт олон шалгуур тавьдаг. Ийм шалгуур давсан эмийг л манай эм хангамжийн байгууллагууд оруулж ирдэг. Тэгэхээр эмийн чанарт эргэлзэх зүйл байхгүй. Харин эмийн хадгалалт, түгээлт дээр асуудал гарахыг үгүйсгэхгүй.  

-Эмийн хэрэглээний хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байна вэ?
-Үнийн дүнгээр нь авч үзвэл нийт эм, эмнэлгийн хэрэгслийн 20-25 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Нэр төрлөөр нь авч үзвэл 30 орчим хувийг Монголдоо үйлдвэрлэж байна.

-Эм хангамжийн салбар иргэд болон улсын хэмжээнд бүх шатны эмнэлгүүдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангадаг. Энэ тасралтгүй ажиллагаа хэвийн үргэлжилж байна уу?
-Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн асуудал хүндрээд байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн өр жилээс жилд нэмэгдэж байна. 2024 онд сан 400 орчим тэрбум төгрөгийн өртэй гарахаар байна гэж албаны хүн хэлнэ лээ.  

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй жороор үйлчилж буй эмийн сангуудад 9-р сараас хойш санхүүжилт хийгээгүй. Сард дунджаар 8.2 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийдэг. Сүүлийн гурван сар санхүүжилт хийгээгүйгээс эмийн сангуудад 24-25 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагадаа өртэй. Эм ханган нийлүүлэх байгууллагууд нь цаашаа эмээ захиалдаг. Гэтэл энэ тасралтгүй үйл ажиллагаа тасалдах эрсдэл тулаад, салбарын хэмжээнд давхар давхар өрийн сүлжээнд орчихоод байна.

Үүнээс гадна улсын эмнэлгүүд эм хангамжийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл авсан төлбөрөө мөн Даатгалын сангаас авч шилжүүлдэг. Гэтэл даатгалын сангийн мөнгө орохгүй байгаагаас эмнэлгүүд бас их хэмжээний өртэй болсон. Бид 2024 оны аравдугаар сараар тасалбар болгож эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, зарим тоног төхөөрөмж нийлүүлсэн том, дундаж 30 эм хангамжийн байгууллагыг түүврийн аргаар сонгон судалгаа хийхэд улсаас 107 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнд 2023 оны он дамнасан авлага ч бий. 

ЗАРИМ АНТИБИОТИК, ӨВДӨЛТ НАМДААХ, ЗҮРХ СУДАС, ДАРАЛТ БУУРУУЛАХ ЭМ ТАСРААД БАЙНА

-Авлагаа нэхэмжлээд ч авч чадахгүй байгаа хэрэг үү. Ямар хариу өгдөг вэ?
-“Өгнө өө” л гэдэг. Эмнэлгүүдэд Даатгалын сангаас мөнгө нь орж, эмнэлгүүд эм хангамжийн байгууллагууд руу шилжүүлэх ёстой. 120 орчим эм, эмнэлгийн хэрэгсэл  ханган нийлүүлэх байгууллага улсын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг. Үүний 30 хувьд нь судалгаа хийхэд 107 тэрбум төгрөгийн авлагатай байна. 100 хувь нэгтгэвэл их том тоо гарахаар байна.

-Даатгалын сангийн санхүүжилтийн тасалдлаас болж эм хангамжийн салбарт ямар асуудал үүсэж байна вэ?
-Эм хангамжийн байгууллагууд гадаадын түнш компаниуддаа өртэй болсон. Эхнээсээ алданги төлж байна. Энэ нь эргээд гэрээний чанарт сөргөөр нөлөөлдөг. Найдваргүй харилцагч ангилалд орно. Тэгэхээр эм, эмнэлгийн хэрэгсэл авдаг үнэ нэмэгдэх, тоо хэмжээ цөөрөх зэрэг эрсдэл гарна. Үүнийг дагаад өртөг өснө. Өртгийн өсөлт эргээд иргэд, ААН-үүдэд дарамт болдог.

-Эмийн хангамж одоогоор ямар түвшинд байна вэ?
-Нэн шаардлагатай эмийг таслахгүйн тулд зээлээр бага хэмжээгээр  авч залгуулж байна. Бага хэмжээгээр авахад нэгжид оногдох өртөг өснө.

-Та бүхэн энэ асуудлаа салбарын яам, сайддаа танилцуулсан уу?
-2024 он гарснаас хойш нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир 14 удаагийн албан бичгийг “Асуудлыг анхааралдаа авна уу” гэж Ерөнхий сайдад болон Эрүүл мэндийн яам, Сангийн яам, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газарт  хүргүүлсэн. Албаны хүмүүстэй уулзахад “Удахгүй шийднэ” гэдэг. Ингэж явсаар байтал шинэ он гарах нь.  

Эм хангамжийн байгууллагууд санхүүгийн хүндрэлээ шийдэхийн тулд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг. Зээлийн хэмжээ дээд цэгтээ тулсан тул нэмж зээл авах боломжгүй болсон. Тэгэхээр даатгалын сангаас санхүүжилтээ авч санхүүгийн хүндрэлээ шийдэхээс өөр аргагүй байдал үүссэн.

Дээр нь НӨАТ-ын өрийн дарамт байна. Эмнэлэг рүү бараа бүтээгдэхүүн бичигдсэн л бол НӨАТ шууд бодогддог. Мөнгө нь орж ирээгүй байхад НӨАТ-ын өр хуримтлагддаг. Эм хангамжийн байгууллага эрүүл мэндийн салбарын НӨАТ төлөгч ганц байгууллага шүү дээ.

Дараагийн том асуудал нь 2025 оны тендерүүд зарлагдаж эхэлнэ. Гэтэл  өртэй компаниуд тендерт оролцох боломжгүй байдаг. Энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол эм хангамж, эрүүл мэндийн салбар ирэх жилийн эхний улирлуудад хүндрэлтэй нөхцөлд байхаар байна.

-Тэгвэл одоогоор эмийн тасалдал үүсээгүй гэж ойлгож болох уу?
-Зайлшгүй шаардлагатай зарим нэр төрлийн эм эхнээсээ тасраад байна. Сая судалгаа хийхэд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаг 155 эмийн тасалдал үүссэн байна. Уг жагсаалтад 562 нэрийг эм байдаг. Эдгээр эмэнд 2023 оны гүйцэтгэлээр 99 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Энэ нь даатгалын сангаас олгож буй нийт санхүүжилтийн 1 хувь хүрэхгүй үнийн дүн боловч эм хангамжийн салбарын хэмжээнд авч үзвэл том асуудал. Манай салбарын санхүүжилтийн зургааны нэгтэй тэнцэх дүн юм.  

 

Үнэн байдлаа ард түмэндээ хэлж байхгүй бол гэнэт эмгүй болох эрсдэл хаяанд байна.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг 2021 онд гаргаснаас хойш үнийн дээд хязгаарыг өөрчлөөгүй буюу сүүлийн гурван жилд эмийн үнэ нэмэгдээгүй гэсэн үг. Эм хангамжийн салбарын нийт бараа эргэлтийн 50 хувь нь эмнэлгүүдэд нийлүүлэгддэг. Энэ санхүүжилт тэр чигтээ гацаанд орж, эм хангамжийн салбарын хэвийн үйл ажиллагаа доголдоод байна.

Улмаар эмнэлгүүд  эм, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд орж байна. Эмгүй бол эмчилгээ хийх боломжгүй. Өр, авлагаа шийдэж чадахгүй байгаагаас эм хангамжийн байгууллагуудын ирэх жилд хийх гэрээнүүд давхар хүндрэлтэй байдалд орлоо. Өдийд ирэх жилийн төлөвлөгөөг гаргаад, графикийн дагуу захиалгаа хийж байх ёстой. Энэ санхүүгийн хүндрэлээс болж гэрээний нөхцөл муудна. Зарим улс манайд нийлүүлэлт хийхгүй гэж ч магадгүй.

-Зарим зайлшгүй шаардлагатай эмийн тасалдал үүссэн гэж байна. Ийм үед яах вэ?
-Хязгаарлалт хийхээс өөр аргагүй болно л гэсэн үг. Иргэдэд, эмнэлгүүдэд эмээ өгч чадахгүй болно.

-Жишээ нь ямар нэр төрлийн эмүүд тасалдаад байна вэ?
-Зарим антибиотик, өвдөлт намдаах, зүрх судас, даралт бууруулах эм эхнээсээ тасраад байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол цаашид Эрүүл мэндийн даатгалаар олгодог эмээр үйлчлэх боломжгүй болно. Эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоно. Аль болох амь тэнссэн үеийн эм, хэрэгслүүдээ таслахгүйг хичээхээс өөр аргагүй болно. Үүнийг ард түмэндээ хэлж байхгүй бол гэнэт нэг өдөр эмгүй болох эрсдэл хаяанд байна.

-Эрүүл мэндийн даатгалын сан эм хангамжийн салбарын өр, авлагын асуудал хэзээнээс үүссэн бэ?
-Даатгалын сан жилийн жилд өртэй ордог. Гэхдээ сүүлийн гурван жилд өрийн хэмжээ улам өсөж, ужгирч байхад дуугүй өнгөрч боломгүй байна. 

-Цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

Эх сурвалж: gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ