Азийн саарал дагина "Утаанбаатар"
Одоо өвлийн улирал хаяанд ирж, уламжлалт “ес”- үүдээ тоолох цаг өнөө мөдгүй. Гэтэл бид есөө тоолоход бэлэн үү. СаяханХөвсгөл аймаг дулаанаа хангаж чадахгүй болоод онцгой байдал зарлахаа мэдэгдсэн. Ер нь энэ өвөл олигтой дулаан очихгүй шүү иргэд минь бэлтгэлтэй л байгаарай даа гэсэн сануулга юм байх.Гэтэл тэнд нэг ч цас хаялаагүй байгаа шүү дээ. За тэгтэл өнгөрсөн жил Увс аймагт шинэ дулааны станц ашиглалтад орууллаа. Улсаас гаргасан зардал гэж чихэнд дасахааргүй их тоо хэлж сонсогдоно. Гэтэл тэр их мөнгөөр хийсэн ажил нь бас л урьд жилүүдийн адилаар гэртээ гадуур хувцас, гуталтайгаа суусаар өвөлжсөн.
Орон нутгуудаар “амь амиа бодоорой” гэсэн сануулгыг эртнээс зарлаад эхэллээ. Харин нийслэлд энэ өвөл яах бол?
Жил бүрийн өвөл нийслэлчүүдийн хувьд уушиг, толгойны ужиг өвчин хөдөлдөг үе. Хаанаасаа гарч ирсэн юм бэ гэмээр хачин муухай эдгэдэггүй ханиад тархана. Хааччихав аа машины хучлага гэсэн хүмүүс байрны гадна холхилдоно. Хоолой, ам хорсоод байна гэсэн хүмүүс энд тэнд сөөнгөтөнө.
Уг нь манай улс чинь нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд дээгүүр данстай улс. Нэг хүнд 2 км.кв газар ногддог. Өөрөөр хэлбэл, 1 сая 500 мянган км.кв газар нутагтай хэрнээ газар нутгийнхаа ердөө 0,3 хувьд нь нийт хүн амын 50 хувь нь аж төрж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 1км.кв-т 236,6 хүн ногдож байна гэсэн үг юм. Ийм нягт суурьших нь арга ч үгүй юм. Монголчууд чинь гэр амьтай улс. Тусдаа айл болж гарсан ч төрсөн гэрээсээ холдож чаддаггүй гэж өмөөрмөөр байгаа ч эрүүл мэнд, эдийн засгаа бодоход бас буруу юм шиг. Өнгөрсөн жилүүдэд засгийн газраас нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын айлуудад овоо дөхөм үнээр борлуулж байсан. Гэтэл тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгчид мөнгө идсэн хэргээр эхнээсээ “аавын хаалга” татаад байгаа. Ер нь жилээс жилд хүмүүсийн эдийн засаг хүндэрч байгааг эдийн засгийн том том нэр томъёо ярилтгүй хэтэвчээ харахад л хангалттай. Энэ хэцүү байдалд тэр их үнэтэй нүүрс түлэхээсээ илүү хог хаягдал, дугуйн вапришк түлдэг айлууд ихэсч байна. Ингээд л “цэнхэр манан үүлсээс усан нүдэн мэлмэрлээ” болно шүү дээ. Тэднийг больцгоо, хөлдөж үхэцгээ гэлтэй биш.Чадаж байгаа юманд арга байна уу даа.
Улаанбаатар хотод өвлийн нэг өглөө 197 мянган айл гал түлж, 20 мянган машин хөдөлгүүрээ асааж, 3 том дулааны станц утаагаа цэнхэрлүүлнэ. Ингэхээр бидний хоолой, нүд хорсох нь аргагүй.
Цагдаа ах нар маань есдүгээр сард цас ороход л өвлийн дугуйгаа хийхийг, өвөлдөө бэлдэхийг хотын жолооч нартаа сануулж, халамж тавьж эхэлсэн. Хуруу хумсаа хугалах шахам олсон мөнгөөрөө амь нас эрсдлээ тооцож, гайгүйхэн шиг өвлийн дугуй аваад тавьчихаар “мэргэн буудагчдын” овоо хараанд өртчих юм. Яг орой нь сольсон дугуйг өглөө нь копут болгоод тавьчихаж байгаа юм даа, мэргэн гэдэг нь. Хараа нь хурц, мэлмий нь тунгалаг юм.
Зовлон дурьдаад байвал мундахгүй билээ. Өвлийн талаар гэгээлэг юм бодъё. Шинэ жил, шинэ он айсуй. Хотод сайхан уур амьсгал ордог шүү дээ. Баяр цэнгэлд ямар баяртай гэж хэлж чадах биш, өргөн дэлгэр сайхан болдог. Гэснээс, энэ шинэ жилээр юу өмсөнөө, гоёлын хувцас хэд хүрч чих халаах бол оо.
За за болох л байлгүй дээ. Амьд явбал үхсэн ч яахав гэдэг дээ. Өө дээшээ сэмбий.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ