”Чингис” бондын 227 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр тавьсан асуудал сөхөгдлөө

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Хөгжлийн банкинд байгаа мөнгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авсанаа УИХ-ын гишүүдийн өмнө хүлээн зөвшөөрлөө. Хөгжлийн банкинд байгаа мөнгө бол "Чингис", "Самурай" бондын мөнгө л дөө. Засгийн газрын үнэт цаас гэдэг бол төсвийн алдагдлаа нөхөхөөр гаргаж байгаа зүйл. Засгийн газар үнэт цаас худалдаж олсон мөнгөө дуртай зүйлдээ зарцуулдаг. Цалин, тэтгэвэрээ тавихдаа л голдуу зарцуулдаг аж.

Тэгэхээр "Чингис" бондын мөнгөөр цалин, тэтгэвэр тавьчихсан болж таарч байна. Ингээд өчигдрийн чуулганы хуралдаан дээр ямар яриа болж өнгөрснийг сонирхуулья.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд: Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил үү?

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Хөгжлийн банкны тухай хуулиар хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг зүй зохистойгоор удирдах .... (Яриаг нь УИХ-ын дарга тасалдуулан асуулт асуув)

УИХ-ын дарга З.Энхболд: Зүй зохистойгоор гэдэг чинь бонд ав гэсэн үг биш ш тэй. Чи өөрийгөө банк гэж бодоод байгаа юм уу? Банк удирдаж байна гэж бодож байгаа юм уу чи? Банкны захирал шиг л юм ярихын.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Одоо байгаа хууль эрх зүйн орчинд... (Яриаг нь УИХ-ын дарга дахин тасалдуулав)

УИХ-ын дарга З.Энхболд: Танай байгууллага банк биш. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явж байна ш тэй. Банк биш учраас чамд тийм эрх байхгүй.

УИХ-ын чуулганы танхимд ийм зүйл болов. УИХ-ын гишүүд ийм мэдээлэл сонсоод орилолдов. "Чингис" бондын мөнгөөр Засгийн газрын үнэт цаас авчихаж. Засгийн газарт түүнийг дуртай зүйлдээ зарцуулна. Ингэж болохгүй хуультай гээд шаагилдав. Эндээс дүгнэж үзвэл "Чингис" бондын маань нэг хэсэг бүтээн байгуулалт биш, 888 төсөл ч биш цалин тэтгэвэр болоод иргэн таны гар дээр очсон болж таарч байна. Тийм учраас л УИХ-ын дарга З.Энхболд уурлаж бухимдахдаа халуухан асуулт асууж, хатуухан үг хэлжээ. Хөгжлийн банкинд тийм эрх байхгүй гэж сануулав. Гаднаас зээлж авсан мөнгөний 277 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгчихсөн нөхөрт ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг сонин байна. Бас бондын 277 тэрбум төгрөгийг аваад зарцуулчихсан хүмүүс ч хариуцлага хүлээж таарна. Хуульчид болоод улс төрчдийн тайлбарлаж байгаагаар бол бондын мөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор зарцуулах хориотой гэнэ. Тэгэхээр буруутнууд, холбоотнууд гээд ирэх долоо хоногт үүнийг тойрсон маргаан өрнөх нь тодорхой боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин