Н.Мөнхдаш: Үл ойлголцол, хагарлын эхийг тавьж байна
Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдашаас дараахь тодруулгыг авлаа.
-АН-ын Хяналтын хороо хуралдаж Дархан сумын намтай холбоотой шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилээс хойш яригдаж буй асуудал одоо хүртэл шийдэгдээгүй гэсэн үг үү?
-АН-ын Хяналтын ерөнхий хороо хууль бусаар хуралдаж тогтоол гаргачихаад байгаа юм. Яагаад хууль бус гэж байна вэ гэвэл сумын асуудлыг дунд шатныхаа намын байгууллага дээр шийдэх байтал намын дүрэм, өөрийн үйл ажиллагааны журмаа бүдүүлгээр зөрчсөн. байна. Хяналтын ерөнхий хороо намын дунд шат буюу аймаг, дүүргийн намын асуудлыг шийддэг дүрэмтэй. Сумын намын хорооны асуудлыг шат алгасуулан, шүүрэн авч хэлэлцэх ёсгүй байтал хэлэлцсэн нь “Алтан гадас” фракцийн захиалга, явцуу эрх ашигт үйлчилсэн нь илэрхий байна. Сумын шүүхээс аймаг, нийслэлийг алгасаад шууд Дээд шүүх шийдэж, бүхэл бүтэн нэг шатыг алгасдаггүй биз дээ. Хяналтын ерөнхий хороо дүрэм журам сахиулах биш өөрсдөө бүр илэрхий, ноцтойгоор дүрэмгүй тоглолоо. Бас яагаад Алтан гадас фракцийн Хяналтын ерөнхий хороо гэж нэрлэж буйгаа тайлбарлах хэрэгтэй байх. Дарга нь “Казино” хэмээх Байгал нь “Алтангадас”-ын гүйцэтгэх захирал.Баярсүрэн, Гантөмөр, Лут-Очир, Мянганбаяр нар нь ч “Алтан гадас”-ын алтан гудсан дээр заларч суугаа хүмүүс. Ийм таван нөхөр өөрсдийнхөө алтан гудасны төлөө дүрэм, журмыг умартаж, өрөөсөн нүдээ аньчихсан юм шиг шийдвэр гэгчээ гаргасан.
-Хяналтын ерөнхий хороо яг ямар шийдвэр гаргачихаад байгаа юм бол?
-АН-ын Хяналтын хороо МАН-ын гар хөл болсон Л.Наранбаатар, Г.Баянмөнх нарын захиалгаар цугласан. Биднийг дуудаж нэг ч удаа тайлбар аваагүй атал Л.Наранбаатарын өгсөн ганцхан хуудас материалд үндэслэн дүгнэлтээ биччихээд орж ирж байгаа юм. Бид төө зузаан баримт авч очиход нэг ч хуудсыг нь эргүүлж хараагүй. Зөвхөн нэг талын тайлбар дээрх бодит үндэслэл гэж байхгүй, өрөөсгөл, үйл ажиллагааны журмаа зөрчсөн. Бүр ийм дээрээ тулсан бол их том үл ойлголцол, эсэргүүцэл хагарлын эхийг тавьж байна шүү гэдгийг шууд хэлье. Зөвхөн нэг талдаа үйлчилсэн тогтоол гаргах гэж анхнаасаа төлөвлөсөн тул материал, мэдээллээ ч журамдаа заасан цаг хугацаанд нь тараалгүй, эхнээсээ аваад дуустал процедурыналдаатай. Нэхэмжлэгч гээд байгаа гол нөхдүүд нь АН-ын гишүүн ч биш. Уг нь АН-ыг гишүүд нь мэддэг. Өрсөлдөгч намын гар хөл болсон хүмүүс манай намыг үймүүлэхэд нь түүнд татагдан орж буй нь эмгэнэлтэй байна. АН-ыг хэн дуртай нь арай дэндүү доромжилж байна.
Дархан сумын АН-ын тамгыг хийлгэхдээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаас зөвшөөрөл аваагүй тул хүчингүйд тооцов гэчихэж. Дархан сумын намын даргаар ажиллаж байсан Б.Баяраа нь ерөөсөө бүтэн хоёр жилийн хугацаанд сумын намын хороогоо нэг ч удаа хуралдуулаагүй. Санхүүгийн зөрчил гаргасан нь аудитаар тогтоогдсон, суманд намаа ялагдуулсан атлаа итгэл үзүүлэх эсэх тухай хурал зарлахгүй байсан учраасгишүүд нь удаа дараа шаардлага хүргүүлсэн. Сумын намын хорооны гишүүд нь хурлаа хийж, Б.Баяраад хариуцлага тооцож, О.Цолмонг сонгосон. Шинэ дарга нь тамгаа авъя гэхээрБ.Баяраа хаясан үрэгдүүлсэн гэж хариулдаг байсан. Тэгээд арга буюу цагдаад хандаж шинээр тамга хийлгэсэн. Хуучин тамгаа гэрийг нь нэгжиж ололтой биш. Шинэ тамгаа Ерөнхий нарийн бичгийн даргаас зөвшөөрөл авч хийлгээгүй гэж байна. Манай аймгийн Дархан сум ганцаараа генсекээс зөвшөөрөл аваагүй байна уу, гэтэл үгүй. Бусад 330 сумын АН-ынхан мөн л өөрсдөө тамгаа авсан байгаа юм. Б.Баяраагийн хаясан гэдэг хуучин тамгыг хийлгэхэд ч Ерөнхий нарийн бичгээс зөвшөөрөл аваагүй. Ерөнхий нарийн бичгийн даргын бэлгэдлийн чанартай зөвшөөрлийн бичиггүй тамга хүчингүй гэвэл Б.Баяраагийн хаясан, О.Цолмонгийн хийлгэсэн, бусад бүх сумын тамга хүчингүй. Бас нэг зүйлийг хэлэхэд цагдаа, прокурорын шийдвэрээр одоогийн тамга “Хууль зөрчсөн зүйлгүй, үндэслэлтэй” гэсэн байхад л Хяналтын ерөнхий хорооныхон “Үгүй, үндэслэлгүй” гээд шийдчихэж байгаа юм. Хяналтын ерөнхий хорооныхон прокурорын шийдвэрээс давсан эрх мэдэлтэй юм бол хэлмэгдчихээд байгаа Л.Гансүхийг минь хуралдаад шоронгоос суллаадах гэж хэлмээр байна. Хяналтын ерөнхий хороо хуулиас дээгүүр шийдвэр гаргах эрх байхгүй.
-Л.Наранбаатар нар ямар шалтгаантайгаар та нартай тэмцэлдээд байгаа юм бэ?
- “Шарын гол”-ын С.Насанбат, Ж.Батболд, Л.Наранбаатар нарын нам дамнасан тоотой хэдхэн хүн манай намыг их дээр үеэс хувааж, ил далд манантуулж ирсэн. 2008-2012 онд “Шарын гол”-ын захирал байсан Ж.Батболд мөн л Дарханы АН-ын дарга гэж өөрөө өөрийгөө цоллоод үймүүлж явдаг байсан. Өнөөдөр Л.Наранбаатар үргэлжлүүлж байна. Их танил сценари. Уул уурхайн бизнес эрхэлдэг Л.Наранбаатарын компани “Шарын гол”-ын хамгийн гол түнш нь.Дарханы МАН-ын дарга, засаг дарга С.Насанбат “Шарын гол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Л.Наранбаатар өөрийгөө өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх гээд байгаа. Манай намд, Ардчилсан залуучуудын холбоонд Ерөнхий сайдын зөвлөх хийчих олон залуу боловсон хүчин байхад МАН-ын НАМЗХ-ны гишүүн хүнийг арай зөвлөхөөрөө аваагүй байх гэж бодох юм. АН-ын гишүүн биш гэдгийг нь батлах баримт бичгүүд ч олон байна. Л.Наранбаатар Сумын намын хорооны дарга байсан Баяраад намын гишүүнээс гаргах өргөдлөө өгч, хасалтаа хийлгэсэн. Өнөөдөр намаас хүсэлтээрээ хасагдсан, түүнийг нь баталж тодорхойлж байсан нөхөр хоёр нийлээд нам бужигнуулахыг санаархаж байна. Намын гишүүн биш хүнтэй намын асуудал ярих ямар ч боломж бидний хувьд бол алга, бүр утга учиргүй зүйл. Харин манай Хяналтын ерөнхий хороо өөр намынхны захиалгыг биелүүлдэг болж. Өнөөдөр үндсэндээ Дарханд л МАНАН үүсч, засаг төрийн ажил урагшлахаа больсон. Бас л “Алтан гадас”-ынх гэж өөрийгөө тодорхойлдог Г.Баянмөнх МАН-ын засаг даргын орлогч болсон. Манайхаас 11 ИТХ-ын гишүүнтэй байхад тэр нөхөр ганцаараа гүйж очоод Засаг даргын орлогч болчихож байх жишээтэй.
2012 оны Орон нутгийн сонгуулиар Л.Наранбаатар өөрийгөө Шарын голын иргэн гэж худлаа ярьсан. Тэндэхийн унаган хүн мөн ч Улаанбаатарт шилжсэн тэмдэглэгээ буюу иргэний үнэмлэхийн наалтаа сонгуулийн үеэр хуулж авсан нь сүүлд илэрсэн. Нэр дэвших нэг эрхийг зориудаар бөглөж, хаягаа худлаа хэлээд сонгуулиас хасагдаж АН-ын нэг суудлыг МАН-д бэлэглэсэн. Ийм л хүн өнөөдөр манай намыг үймүүлж байна.
-Тэгэхээр та бүхэн одоо ямар арга хэмжээ авах юм бэ?
-АН-ынхан яаж тэмцдэгийг АН-ын дарга мэдэж байгаа. Асуудлыг ийм хэмжээнд хүргэлгүй шийдэх биз. Бидний дараагийн алхам бол тэмцлийн хурц хэлбэр. Өөр намын хүмүүс биш бид өөрсдөө өөрийнхөө намын шударга ёс, дүрэм журмын төлөө илүү хүчтэй, илүү олуулаа тэмцэж чадна.
-Сүүлийн хоёр жил, түүнээс өмнө ч Дарханы АН-ынхан хоёр хуваагдсан байсан. Энэ асуудлаа эв зүйгээр шийдчихэж болдоггүй юм уу?
-Энэ асуудал дуусахгүй юм билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дарханд ирээд маргалдагч үндсэн таван талын төлөөллийг бүгдийг нь байлцуулж байгаад “учраа ол” гэсэн. Дарханы АН-ын намын хороог татан буулгаад, сонгууль зохион байгуулаад, шинээр эмхлэн байгуулья гэж Ерөнхий нарийн бичгийн даргынхаа өмнө нүүр нүүрээ харж байгаад нэг мөр тохиролцсон. Таван талын дөрөв нь дотоод сонгуульдаа оролцоод, үр дүнд нь эв нэгдэлтэй хамтраад ажиллаж байна. Харин ганцхан тал буюу МАН-ын засаг даргын орлогч, Дарханы МАНАН-гийн төлөөлөгч Г.Баянмөнх дотоод сонгуульд ганцаараа оролцоогүй. Одоо НАМЗХ-ны Л.Наранбаатартай нийлж, манай намыг хуваагдалтай мэт харагдуулахыг санаархсаар л байна. Мэдээж ийм үйлдлүүд МАН-д ашигтай гэж тооцдог биз. Ашиг сонирхол нь, ажил, албан тушаал нь МАН-ынх болсон хүмүүстэй АН дотор харилцан ойлголцох, хамтран ажиллах боломжгүй. АН-ын эсрэг МАН-ын төлөө хүмүүстэй АН-ын төлөө эвлэрэх боломж алга байна. Манай намын ажил идэвхтэй сайн байгаа юм байна. Яагаад гэвэл ийм нөхдүүд сандран барин саармагжуулах гээд л гараад ирдэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ