Монгол Улсад төмөр замыг шинэчлэх, өргөтгөх гэж будилсан түүх
Ардчилсан нийгэм гэгч рүү шилжээд манай улс хүнд хэцүү үеийг давж ирсэн. Ерээд оны үед юун төмөр зам барих, ёстой л “Урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөн” гэгч нь болж, арай ядан амь зууж ирсэн. 2000-аад оноос хойш л газар дороо баялагтай манай улс руу хөрөнгө оруулагч нар цуварч эхлэв. Дийлэнх нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Хайгуул хийж, олсон ашигт малтмалаа олборлож, гадаадын зах зээлд нийлүүлэх бодолтой байв. Магадгүй, манай улсад уул уурхайн салбарын хөгжлийн эхний үе шат нь бол энгийн олборлолт байх. Ашигт малтмалаа олборлож, хөрөнгө оруулалтаа барагдуулаад дараа нь боловсруулах үйлдвэр байгуулах энгийн дараалал харагддаг юм. Уул уурхайн бизнес бол тээвэрлэлтийн бизнес. Ашигтай ажилладаг тээврийн сүлжээ хэрэгтэй болдог. Боломжийн тарифтай үйлчилгээ үнэхээр шаардагдав. Уул уурхай хөгжүүлэх суурь шаардлага бол төмөр зам.
Ингээд хэдэн жилийн өмнө төмөр замаа хөгжүүлэх бололцоо бидэнд гарч ирсэн. 2007 онд Төмөр замын тээврийн хуулиа батлав. Гол санаа нь бол төмөр замын салбарт хөрөнгө оруулалт татах, төмөр замын тээврийг зах зээлийн хэлбэрт оруулах үндсэн санаануудыг тэр хуулинд багтаасан юм. Гэхдээ 2008 онд эвслийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл зам, тээврийн салбар хэсэг хүмүүсийн гарт орлоо. 2010 онд төмөр замын бодлого гэгчийг батлуулсан. Энэхүү бодлого нь үндсэндээ Таван Толгойн орд газар, Сайншандын аж үйлдвэрийн парк хоёрыг түшиглсэн бодлого болсон. Сайншандын аж үйлдвэрийн парк нь туйлын эргэлзээтэй төлөвлөгөө болсон учир өнөөх төмөр зам нь урагшлахаа болив. Өнгөрсөн зургаан жилд төмөр замын салбар маш их хөрөнгө оруулалтыг авсан. Гэхдээ УБТЗ нь ч сүйдтэй шинэчлэгдсэнгүй. Нэг см төмөр зам ч шинээр баригдсангүй.
Том зургаар харахад төмөр замын салбарт ийм их хэмжээний хөрөнгө зарцуулагджээ.
МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ, ӨРГӨТГӨХ ГЭЖ БУДИЛСАН ТҮҮХ /МӨНГӨН ДҮНГЭЭР/
2010 онд батлагдсан төмөр замын бодлого нь зөвхөн Таван Толгойн орд газар, Сайншандын аж үйлдвэрийн парк хоёрыг тойрч хийгдсэн бодлого. Сайншандын аж үйлдвэрийн паркийг санаачилсан хүн нь ч түүнийгээ дурсахаа больсон. Энэ нөхцөлд бид энэ төмөр замын бодлогыг өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.
Гэхдээ хэрхэн өөрчлөх гэдэг асуудал бид, төмөр замчид, хувь нэмрээ оруулж болно. Гэхдээ ахиад л төрийн нууц гээд хадуураад явчихгүй бол шүү дээ.
Х.Баттулга, А.Гансүх хоёрыг зам тээврийн салбарыг удирдаж байх хугацаанд ОХУ-ын төмөр замын байгууллагатай харилцаа эрс муудсан.
Хэвлэлээр яваад байсан захиаг анхааралтай уншвал гол саад болж байгаа хүчин зүйлд А.Гансүхийн удирдаж байгаа ЗТЯ-ыг гол саад болж байгаа байгууллагаар тодорхойлсон байна.
“Монголын төмөр замын системийг хамтран хөгжүүлэх болон түүний транзитын потенциалыг хэрэгжүүлэх нь бидний хамтын сонирхолд нийцэж байгаа. Оросын тал хоёр талын тохиролцоо болон Монголын Засгийн газраас баталсан төмөр замыг хөгжүүлэх концепцийг мөрдөж байгаа ч одоохондоо энэ чиглэлд бодитойгоор урагшилж чадахгүй байна.”
Гэхдээ өнгөрсөн таван жилийн дотор “Дэд бүтцийн хөгжил” компани нь Монголын Зам тээврийн яамнаас дэмжлэггүйгээс болж өмнө тавьсан зорилгуудаа биелүүлж чадаагүй. Бодит амьдрал дээр “УБТЗ” ХНН-ийн тэнцвэртэй хөгжлийн сонирхлын эсрэг үйлдлүүд гарч байна. Тодорхой жишээ нь бол “УБТЗ”-ын холбоо, дохиоллын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажлын (UBT-2014/03 тендер) сонгон шалгаруулалтын явцад илт нэг талыг баримталсан бодлого явуулсан нь бидний харамслыг төрүүлж байна.
“Оросын төмөр замууд” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин нь тусгаар улсын Ерөнхий сайдад хандаж бичихдээ үүнээс ширүүн үг хэрэглэж болохгүй байсан байх. Явсаар байгаад хэвлэлээр яригдаж байгааг үзэхэд энэ нь тэр хүний зүгээс ирүүлсэн олон захидлын нэг нь болов уу. Яагаад В.Якунин гэдэг хүн манай Ерөнхий сайдад хандаж захиа бичих болов оо? УБТЗ-ын Монголын талын хувь нийлүүлэгч нь манай ЗТЯ байдаг. Тэгээд энэ А.Гансүхтэй учраа олохоо болиод, дээдэх даргад нь хандахаас өөр аргагүй болсон хүний үйлдэл шиг харагдаж байгаа юм.
Ажиллаж байгаа кабинетынхаа эсрэг явдаг, хамтарч байгаа хойд хөршийнхөө эсрэг үйлдэл хийдэг энэ сайдыг бид яах вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ