11 жил уулзаагүй эмээтэй нь хүмүүжигчээ золгууллаа

ШШГЕГ-ынхан Ахмадын баяраар сайн үйлс хийж, 98 нас буурайг зээ хүүтэй нь золгууллаа. Хүмүүжигч Д.Бат-Орших хорих 401 дүгээр ангийн сургалтын төвд суралцаж дархан болжээ. Тэрбээр сургалтын төвийн багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа О.Эрдэнэчулууны гарын шавь гэнэ. Суллагдаад ажлын байртай, мэргэжилтэй болгохын тулд хорих ангиудад төрөл бүрийн сургалт явуулдаг. Түүний нэг нь Д.Бат-Оршихын сурсан сургалт. Хүмүүжигчид хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргадаг аж. Д.Бат-Оршихын ч цөөнгүй бүтээл байдаг аж. Тэрбээр сахилгын зөрчилгүй сайн хүмүүжиж байгаа учраас 401 дүгээр хорих ангийн зүгээс ШШГЕГ-т хүсэлт явуулжээ.

Д.Бат-Орших эмээгийндээ өссөн хүү. Хорих ангид орсноос хойш өндөр настай эмээтэйгээ уулзаж чадаагүй аж. Тиймээс эмээтэйгээ уулзуулахыг хорих ангийнхнаасаа удаа дараа хүсчээ. Энэ хүсэлтийг нь биелүүлэхийг 401 дүгээр ангийн удирдлагууд ШШГЕГ-аас хүссэн байна. Хүсэлтийн дагуу эмээг хорих ангид аваачиж, зээтэй нь уулзуулах гэсэн ч бие нь тааруу хэвтэрт байдаг учраас Д.Бат-Оршиход өдрийн хагас эмээтэй нь уулзуулахаар шийдвэрлэжээ. ШШГЕГ-ын албан хаагчаас гадна хорих 401 дүгээр ангийн сэтгэл зүйч, харгалзагч Д.Бат-Оршихыг дагаж Сүхбаатар дүүргийн IX хорооны нутагт амьдардаг Д.Сүглэгмаа эмээгийнд очлоо.

Д.Бат-Орших эмээтэйгээ золгохдоо өөрийнхөө бүтээл болох сацалыг бэлэглэсэн юм. Эмээ, зээ хоёрын дунд ийм яриа өрнөлөө.
Эмээ: Туранхай цагаан хүү байсан юм. Их том болжээ. Хүүгээ ингээд ороод ирнэ гэж төсөөлсөнгүй. Чөлөө өгөөд явуулсан хүмүүст их баярлалаа.
Зээ: Та ч бас ануухнаараа байна. 11 жилийн өмнө өвөөгийндөө орж ирсэн мэт л санагдаж байна. Харин хот их өөр болжээ. Хаана яваагаа мэдэхгүй явсаар байгаад л ирлээ. Хүү нь хэцүү нэртэй газар очоод их зүйл ойлгосон. Эхний хэдэн жил хэцүү байсан ч одоо алдаагаа засч хүн шиг амьдрахыг хүсч байна.
Эмээ: Миний хүү энэ олон жил юу сурав. Суллагдаад ямар ажил хийх гэж байна вэ. Залуу хүн ажиллаад байхад мөнгө их олдох сайхан үе шүү дээ.
Зээ: Хүү нь барилга барьж сурсан. Барилга дээр хэнээс ч дутахгүй ажиллаж чадна. Бас танд авчирч өгсөн сацал шиг олон зүйл хийдэг дархан болсон. Та Баавайг санаж байгаа биз дээ. Хүү нь тийм дархан болсон. Эрдэнэчулуун гэдэг багш надад их зүйл зааж өглөө. Алдсан гээд амьдралаа хий үрэхийг хүссэнгүй. Олон юм сурлаа. Суллагдаад түүгээрээ хоолоо олж иднэ дээ.

Эмээ: Овоодоо миний хүү. Сайн хүмүүжжээ.
Зээ: Тэнд байгаа хүмүүсийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх маш олон ажил зохион байгуулдаг юм. Хүн л юм болохоор дахиад алдахгүйг бодох юм. Тиймээс ч заасан бүхнээс нь өөртөө наахыг бодож байна, эмээ минь. Хүү нь маш сайн хүмүүжиж байгаа. Тийм ч учраас ангийн удирдлагууд итгэл өгч тантай уулзуулсан. Удахгүй магадлангаар суллагдана. Тэгээд эмээгийнхээ хөлийг хучиж өгөөд асарна. Тэр хүртэл та минь жаахан л тэсчих эмээ.
Эмээ нь давгүй ээ. 11 хүлээж болсон юм чинь хоёр, гуравхан жил юу байх билээ дээ.
Эмээ, зээ хоёрын дунд ийм яриа өрнөлөө. Эмээ байсхийгээд л “Одоо явах гээд унав уу” гэж сандарч дэрэн доороосоо юу ч юм тэмтчих юм. Зээдээ хадгалсан бэлэг нь тэнд байгаа бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин