Малайзын онгоцны эрлийг дахин эхлүүллээ
Энэ оны гуравдугаар сард радарын дэлгэцнээс алга болсноос хойш одоо болтол олдоогүй байгаа Малайзын “МН370” нислэгийн дугаартай Боинг 777-200 онгоцны эрлийн ажлыг өчигдрөөс дахин эхлүүлжээ.
Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт усан дор уг хайгуулын ажиллагаа явагдах бөгөөд эрлийг “GO Phoenix” хайгуулын хөлөг болон өөр хоёр усан онгоцоор явуулах аж.
Түүнчлэн дуу авиа илрүүлэгч төхөөрөмж ашиглан далайн гүнд сураггүй алга болсон онгоцны сэг, хэлтэрхийг илрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Эрлийг ахлаж буй Австралийн Засгийн газар эдүгээг хүртэл 111 мянган квадрат метр талбайд далайн гүний судалгаа, шинжилгээ хийж, 60 сая австрали долларыг зарцуулаад байгаа аж. Малайзын иргэний агаарын тээврийн “МН370” нислэгийн дугаартай Боинг 777-200 онгоц нь гуравдугаар сарын 8-ны өдөр нийслэл Куала-Лампур хотоос Бээжинг чиглэн хөдөлсөнийхөө дараа ор сураггүй алга болсон билээ. Онгоцыг хайх ажиллагаанд эхэндээ 14 орны нисэх онгоц, усан онгоц оролцон Өмнөд Хятадын тэнгисийг самнасан ч,ул мөр олдоогүй юм.
Үүний дараа онгоц нислэгийн явцад чиглэлээ өөрчилсөн нь тодорхой болсон бөгөөд Австралийн баруун хэсгийн далайн эргээс барагцаагаар 2000 км зайтай Энэтхэгийн далайн бүс нутагт эрлийг явуулахаар болсон. Улмаар бараг хоёр саргаруй хугацаанд эрэл үргэлжилсэн боловч, онгоцны хэлтэрхий ч олдоогүй. Тиймээс Австралийн Засгийн газар түр хугацаагаар хайгуулын ажлыг зогсоогоод байсан юм. Энэ хугацаанд Австралийн тал Голландын судалгааны компанитай гэрээ байгуулж, хайгуул хийх зорилтот хэсгийнхээ гүний нарийвчилсан байр зүйн зургийг гаргасан байна.
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/64798.shtml?alias=world">www.mminfo.mn
Б.Даваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ