Хүн төрөлхтний 20 суут санаа
"Аргументы и факты" сонин хүн төрөлхтний амьдралыг чанаржуулан өөрчилсөн 20 аугаа нээлт, бүтээлийг онцлон нэрлэсэн байна. Энд Адронны их хурдасгуур мэтийн том бүтээлийг оруулаагүй ч хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй, сонголттой, ашигтай болж чадсан бүтээлийг багтаажээ.
АРХИ. Бидний өвөг дээдэс байгалийн хүчний өмнөх түгшүүрээ арилгахын тулд МЭӨ 6-10 мянган жилийн тэртээ архи буюу "Бодол санааны хулгайч"-ийг бүтээжээ. Хэдийгээр эл осолтой санаа дэлхий дахинаа хамгийн ихээр тархаж чадсан ч хүмүүсийн цас, бороо, үер, хар салхи гэх мэт байгалийн гэнэтийн гамшгаас айх болгоомжлол татраагүй юм.
ДУГУЙ. МЭӨ дөрвөн мянга орчим жилийн өмнө дугуй гэгч дундаа нүхтэй модон тойргийг анх Месопотамид бүтээжээ. Энэ нь орчин үед автомашинаас авхуулаад хамгийн нарийн бүтэцтэй олон зүйлсийн үндсэн эд болон хөгжсөн байна.
УС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ. Үүнийг МЭӨ мянган жилийн тэртээ бүтээсэн бөгөөд энэ нь техникийн хөгжил төдийгүй хүн төрөлхтний ахуйн хэрэглээний хөгжлийг ч урагш нэг шат ахиулсан юм. Оросын анхны ус дамжуулагч хоолойг модоор бүтээж байсан гэдэг.
ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ. Эртний Египетэд эмэгтэйчүүдэд матрын баас түрхэж, бэлгийн хавьтлын урьдчилан хамгаалах аргыг зөвлөдөг байж. Азаар 1855 онд анхны резинэн бэлгэвчийг бүтээж, түүнээс хойш зуун жилийн дараа жирэмслэлтээс хамгаалах дааврын болон бусад бэлдмэлийг бүтээжээ.
КОМПЬЮТЕР. Программ бүхий анхны компьютерийг Стокгольмын инженер Георг Шутц зохион бүтээж, 1855 онд Парис хотноо зохиогдсон дэлхийн үзэсгэлэн яармагт сонирхуулсан түүх бий. Өнөө цагийн мэдээллийн эрин зуунд эл түүхийг олон хүн мэддэг ч Георг Шулц орос хүн байсан гэдгийг тэр бүр мэддэггүй. Тийм болохоор өнөөдрийн өргөн хэрэглээ болсон компьютерийн эцэг орос хүн гэж хэлж болно.
ҮСНИЙ БУДАГ. За үсний будаг ч юу вэ дээ хэмээн зарим хүн үл тоомсорлож болох. Гэвч энэ бүтээгдэхүүнийг амьдралдаа нэг удаа ч болов хэрэглэж үзээгүй бүсгүй ховор. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд хүртэл өргөнөөр хэрэглэдэг болсон нь нууц биш. Тэгвэл үсний будгийг XIX зууны сүүлчээр бүтээжээ.
ФОТО ЗУРАГ. Зургийг бодитоор буулгах үзүүлбэрийг 1826онд Францын иргэн Жозеф Ньепс сонирхуулсан байдаг. Тэр цагаас хойш фото аппаратны загвар, чанар улам төгөлдөржсөөр өнөөг хүрсэн байна.
ХӨРГӨГЧ. Америкийн иргэн, эмч Жон Гори 1850 онд хиймэл мөс үйлдвэрлэгч аппарат бүтээсэн нь хөргөгчний эхлэл болсон. 1927 онд АНУ-д хөргөгчний үйлдвэр ажиллаж эхэлсэн бол, арван жилийн дараа Орост ийм үйлдвэр ашиглалтад оржээ.
УТАС. Зохион бүтээгч Александр Белл 1876 онд анхны утсыг АНУ-д бүтээж, зохиогчийн эрх авсан ч хоёр жилийн дараа л уг утсыг ашиглан дуудлага хийжээ. Гэхдээ утсыг ашиглан дуудлага хийх аргыг өөр хүн зохиосон юм байна. Тэгэхээр Александр Беллийн бүтээл анхны утас хоёр жил хадгалагдсаны эцэст ашиг тусаа өгчээ гэсэн үг.
РЕНТГЕН. 1895 онд нэгэн гайхамшигт нээлт хийсэн хүн бол Германы профессор Вильгельм Рентген юм. Тэрбээр хүний биеийг гаднаас нь нэвт харах боломжийг олгосон чухал туяаг нээж, өөрийн нэрээр нэрлэсэн байна. Өөрийн нээлтээ олонд танилцуулах туршилтдаа эхнэрийнхээ хуримын бөгжтэй гарын рентген зургийг сонирхуулж байсан гэдэг.
ОНГОЦ. Анхны нисдэг аппаратыг Оросын зохион бүтээгч Можайский 1881 онд бүртгүүлж, зохиогчийн эрх авсан ч, энэ нь агаарт хөөрч чадаагүй байдаг. Харин 1903 онд Америкийн иргэд болох ах дүү Райт нисдэг төхөөрөмж бүтээсэн агаад энэ нь 260 метрийн ендөрт хөөрч, жинхэнэ утгаараа нисч чаджээ.
ТОМРУУЛАГЧ ДУРАН. Голландын шилний мастер Иоганн Липперсгей 1908 онд шидэт дуранг анх бүтээсэн бөгөөд жилийн дараа Галилей үүнийг ашиглан огторгуйг нэвт дуранджээ.
ПЕНИЦИЛЛИН. Эрдэмтэн Александр Флеминг 1928 онд нянгууд дээр туршилт хийж байхдаа аяганд наалдсан бичил биетийг санамсаргүй олж харжээ. Тэнд хөгц бий болсон байж. Гэхдээ хөгцний ойролцоох бичил биетүүд мөхөж байхыг ажигласан эрдэмтэн яавч жирийн тохиолдол бишийг ойлгожээ. Пенициллин эндээс үүссэн түүхтэй.
ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ. Шинэ Зеланд гаралтай Их Британийн физикч Эрнест Резерфорд тэргүүтэй эрдэмтэд эл нээлтийн эцэг гэгддэг. Цөмийн эрчим хүчний ашиг тус барагдашгүй хэдий ч сөрөг үр дагавар нь мөн л аюултай. Буруу санаатнууд үүнийг зүй бусаар ашиглавал ертөнцийг агшин зуурт орвонгоор нь эргүүлэх хүчин чадалтай.
ЖИВХ. Бяцхан жаал төдийгүй эцэг, эхчүүдийг ч бүтэн нойртой хонуулдаг шидэт дотоожийг Америкийн иргэн Виктор Миллз 1957 онд бүтээсэн. Ач нарынхаа өлгий, даавууг цэвэрлэж залхсан өвөө уусгагч төхөөрөмж бүхий живх бүтээж туршсанаар хүн төрөлхтнийг "магнайг тэнийлгэх" нээлт хийсэн байна. Тэгэхээр уг нээлтийг нойр харамлалт, залхуугаас төрсөн гэж болно.
ХИЙМЛЭЭР ҮР СУУЛГАХ. Байгалийн жамаар бус лабораторийн аргаар суулгасан анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлсэн билээ. Луиза Браун нэртэй эл бүсгүй хуруу шилний анхны хүүхэд гэдгээрээ алдаршсан. Хуучин ЗСБНХУ-д 1986 онд ийм аргаар бий болгосон анхны хүүхэд мэндэлжээ. Сонирхолтой нь эл хүүхэд мөн л эмэгтэй байсан агаад эрэгтэй хүнээс дутахааргүй идэвхтэй нэгэн болж өсчээ.
ИНТЕРНЕТ. 1969 онд АНУ-ын Батлан хамгаалахын яамны захиалгаар нийт дөрвөн компьютерийг бичил сүлжээгээр холбожээ. Бусад машиныг эл сүлжээнд нэгтгэх явц удаан хугацааны туршид үргэлжилсэн агаад 1989 онд Их Британийн эрдэмтэн Тим Бернерс Ли олныг хамарсан сүлжээнд мэдээлэл, бичлэг солилцох аргыг боловсруулснаар дэлхий нийтийг хамарсан аалзны шүлс буюу интернэт "мэндэлсэн" юм.
ЗУРАГТ. Хүн төрөлхтний аугаа бүтээлийн эзэн ч нэг бус. Гэхдээ Америкийн иргэн болсон орос инженер Владимир Зворыкиныг зурагтын эцэг гэж нэрлэж болно.
ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН СЭРГЭЭГЧ. Эл төхөөрөмжийг анх 1927 онд клиник туршилтад ашиглажээ.
Эх сурвалж: Mongolcom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ