АНУ зургаан жилийн дотор долоон улсыг бөмбөгдлөө

АНУ 1942 оноос хойш аль нэг оронд дайн зарлаагүй хэрнээ зөвхөн сүүлийн зургаан жилийн хугацаанд долоон улсыг бөмбөгджээ. Сири улсын газар нутгийг хууль ёсны эрх баригчдынх нь зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн мягмар гаригт шилжих шөнө бөмбөгдөж эхэлсэн нь долоо дахь тохиолдол юм.

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг чиглэсэн Сирийн нутаг дахь анхны бөмбөгдөлтийн уршгаар энгийн найман иргэн амь үрэгдсэний гурав нь хүүхэд байжээ.

Гэтэл Вашингтон хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Цэргийн штабын удирдагчдын нэгдсэн хорооны гишүүн Уильям Мэйвиль “Исламын улс”-ын дайчдыг устгах ажиллагаа хэдэн жилийн турш үргэлжлэх магадлалтай тухай мэдэгдсэн.

Сирийн нутгийг бөмбөгдөж эхлэхээс өмнө АНУ-ын эрх баригчид зургаан оронд цэргийн ажиллагаа явуулснаас зарим нь одоог хүртэл зарлан тунхагласан зорилгодоо хүрээгүй байгааг бодоход Сирийг бөмбөгдөх ажил мөн л удаан үргэлжлэх бололтой. АНУ-ын эрх баригчид хоёр ихэр цамхагт гарсан халдлагын дараа Афганистаны нутгийг бөмбөгдөж цэргээ оруулсан. АНУ болон холбоотнууд нь 2011 оноос цэргээ гаргаж эхэлсэн энэ ажил дуусах болоогүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн пуужингийн дайралтад энгийн 11 хүн амь үрэгдсэн нь сүүлчийн золиос биш гэдэг нь тодорхой. Афганистаны Ерөнхийлөгч Х.Карзай “Вашингтон, Исламабад хоёр АФганистанд одоог хүртэл үргэлжилж байгаа дайны хариуцлагыг үүрэх ёстой.

Энэхүү зөрчлийн нэг үндсэн шалтгаан нь Америкийн засаг захиргаа афганы нутаг дахь хүчирхийллийг зогсоох сонирхолгүй байгаад оршино” гэжээ. Иеменд 2000 оны аравдугаар сард Аль Кайдагийн дайчид АНУ-ын усан хөлөг рүү дайрч, 17 тэнгисийн явган цэргийн амийг хөнөөсөн.

Уг хэрэг явдлаас хойш Вашингтоны эрх баригчид Иемений талыг алан хядагчдыг хазаарлаж чаддаггүй хэмээн шүүмжилж байгаад 2002 оны арваннэгдүгээр сараас Иемений нутгийг бөмбөгдөж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ж.Бушийн үед Иемений нутгийг бөмбөгдөх нь цөөхөн байсан бол Нобелийн энхтайвны шагналтан Б.Обамагийн засаглалын он жилүүдэд нисгэгчгүй залуурт онгоцноос бөмбөгдөх нь тогтсон шинжтэй болж, амь үрэгдсэн хүмүүсийн талаас илүү хувь нь энгийн иргэд байдаг болжээ.

Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаа тухай мэдээлэл тус улсад халдан довтлох шалтаг болсон ч эцэст нь уг зэвсэг байсан гэх ул мөр илрээгүй. АНУ цэргийн Иракт халдсанаас хойшхи он жилүүдэд гарсан зэвсэгт мөргөлдөөнд хагас сая гаруй хүн амь үрэгдсэнээс 135 мянга орчим нь АНУ-ын шууд оролцоотойгоор амь насаа алдсан байна.

Пакистаны нутгийг Ж.Бушийн засаг захиргааны үед бөмбөгдөж эхэлсэн ба Б.Обамагийн үед эрс нэмэгдсэн. АНУ-ын нисгэгчгүй онгоцууд 2004 оноос хойш Пакистаны нутгийг эрх баригчдын зөвшөөрөлгүй 390 удаа бөмбөгдсөнөөс 4000 гаруй хүн амь үрэгдсэний дөрөвний нэг нь энгийн иргэд байв. Энэ байдал нь АНУ, Пакистаны харилцаанд сэв суулгасан юм. Пакистаны томоохон намууд нисгэгчгүй онгоц ашиглан газар нутгийг бөмбөгдөх нь халдашгүй дархан байдалд халдсан үйлдэл хэмээн буруутгасан мэдэгдэл гаргажээ.

Сомалийн нутагт байрласан Аль-Кайдагийн бүлэглэлийн байршлыг АНУ-ын эрх баригчид 2007 онд бөмбөгдсөн. Тэдгээр бүлэглэлийн дайчдыг Кени, Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яамны байранд халдсан хэрэгт сэжиглэж байв.

Сомалид хийсэн бөмбөгдөлтийн уршгаар нийт 200 гуруй хүн амь үрэгджээ. Тухайн үед Сомалийн Ерөнхийлөгч уг дайралтыг бүрэн дэмжиж байж. Ливийн удирдагч М.Кад-дафийн Засгийн газрыг 2011 онд түлхэн унагахад АНУ гол үүрэг гүйцэтгэсэн.

Б.Обама М.Каддафид нэг бол огцрох эсвэл АНУ бөмбөгдөж эхэлнэ гэсэн тулган шаардлага тавьсны дараа бөмбөгдөж эхэлжээ. Ливид үүний дараа өрнөсөн иргэний дайн одоог хүртэл үргэлжилж байна.

Д.Мөнхболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин