Өвөр монгол залуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг барьжээ
Утга нь: Монгол Улсад нэвтрэн ирэх эрхээ сэргээлгэх тухай
Эрхэм ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая!
Миний нэр Довчиндоржийн Далайбаатар. БНХАУ-ын иргэн, паспорт дээрх нэр Dalaibateer. 1983.9.6-нд Өвөр монголын ӨЗО-ы Ордос аймгийн Отог хошууны Цагааннуур суманд төрсөн. Өвөр монголдоо ерөнхий боловсролын дунд сургууль, хөгжмийн сургуулийг дүүргэж, 2006 онд Монгол улсад суралцахаар ирсэн. 2011 онд Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийг бакалавр зэрэгтэйгээр, 2013 онд МУҮИС-ийн урлаг судлалын магистрантурыг магистр зэрэгтэйгээр төгсгөн, МУҮИС-ийн урлаг судлалын докторантурт, Монгол улсаас албадан гартлаа суралцсан билээ.
2013.03.04-нд найз Н.Тулгуурт маань Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас (ИХШХЕГ) ойлгомжгүй байдлаар “Оршин суух зөвшөөрлийг чинь сунгахгүй” гэж мэдэгдэн, Гарах сануулга өгсөн.
4-р сард Н.Тулгуур, найз В.Түвшинзаяа бид гурвыг “албадан гаргана” гэж ИХШХЕГ, Тагнуулын Ерөнхий газар (ТЕГ)-ын ажилтнууд мөн ойлгомжгүй байдлаар хэлэх болсон. Монгол улсын иргэдтэй хамтран түүхийн сэдэвтэй уулзалт зохион байгуулалцах гэтэл, 2013.4.18-нд бид гурвыг ИХШХЕГ-т хорьж саатуулан, “Энэ уулзалтыг яавч зохион байгуулагдахгүй болго, эсбөгөөс албадан гаргана” гэсэн. Бид болон Монгол улсын иргэд арга буюу уулзалтыг зохион байгуулахгүй болоход тэр өдөр биднийг сулласан. Ийнхүү биднээр барьцаалан, Монгол улсын иргэдийн ч эрх чөлөөг хязгаарлан боогдуулсан. Энэ явдлыг эсэргүүцэн, НҮБ-ын Дүрвэгчийн дээд комиссарын газар (НҮБДДКГ), Монголын ГХЯ, ИХШХЕГ-т “Эмнести Интернешнл” байгууллагуудаас бичиг өгсөн. Гэвч дарамттай байдал үргэлжилсээр байв.
5-р сард, Монгол улсад 22 жил амьдарч байгаа Н.Алхааг албадан гаргах гэсэн. Н.Алхааг өмгөөлөн Монгол улсын ТББ-ууд хэвлэлийн хурал хийх болсон. Улс төртэй ямар ч холбоогүй, оршин суух эрхтэй л холбоотой энэ хэвлэлийн хурал дээр яригдах зүйлсийг сонирхон, өөрсдөө оршин суух эрхийн асуудалтай болоод байгаа Н.Тулгуур, В.Түвшинзаяа бид гурав ирэхэд ТЕГ-ын ажилтнууд отож тосон, Хэвлэлийн хуралд оролцох гэж ирсэн Монгол улсын нэг иргэний хамт саатуулсан.
“Энэ хэвлэлийн хурлын зохион байгуулалтад тэр гурван залуу ямар ч хамаагүй, хэвлэлийн хурлын төлбөрийн бүрэн мөнгийг би авчирсан, надад одоо байна” гэсэн тайлбарыг өгснийх нь дараа “Ойлголоо, тэр гурвыг одоо явуулна” гээд ТЕГ-ын ажилтнууд тэрхүү Монгол улсын иргэнийг явуулжээ. Харин биднийг өөр газар буюу ТЕГ-т байхад “Та нар хэвлэлийн хурлыг зохион байгуулсан” гэж үндэслэлгүй тулган, бид гуравт байсан хувийн хэрэглээний бага хэмжээний мөнгийг “Хэвлэлийн хурлын санхүүжүүлэлт, зохион байгуулалтын бодит баримт нотолгоо энэ байна” гэж зүтгэж, өдөржин саатуулж байснаа “За та нар буруугүй юм байна, хэвлэлийн хуралд холбогдолгүй юм байна, зөрчилгүй юм байна.
Албадан гаргана гэж санаа зовох зүйлгүй. Бид адилхан монгол ахан дүүс. Юу гэж та нарыг заавал албадан гаргана гэж зүтгэх вэ, харин ч та нарт тусална, та нарыг дэмжинэ. Нэг дэх өдрийн өглөө найм хагаст бичиг баримттайгаа гурвуулаа ирээрэй. Хүн амьтанд өнөөдрийн энэ явдлын талаар бүү яриарай” гээд явуулсан.
Заасан өдөр цагт нь очиход өглөө ТЕГ-т, үдээс хойш ИХШХЕГ-т биднийг юу ч тайлбарлалгүй хорьж саатуулж, 20 цагт Н.Тулгуур бид хоёрыг хил рүү авч явсан. Азаар БНЧех улсад дүрвэгчээр очих виз нь 12-ны энэ өдөр гарсан тул В.Түвшинзаяаг Чех рүү албадан гаргах болж үлдээсэн.
5-р сарын 8-нд НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын зохицуулагч Ж.Линч Бангкокоос ирж, ИХШХЕГ-ын дэд дарга Б.Цолмон нарын ажилтнуудтай уулзаж, НҮБ-ын орогнол хүсэгчдийг албадан гаргаж болохгүйн учрыг таниулан, ИХШХЕГ-ынхан ч зөвшөөрч байжээ. Монголын Хууль зүйн яам "НҮБ-ын орогнол хүсэгчийг НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргаж болохгүй" гэсэн байр суурьтай байж, 5-р сарын 15-нд үүнийгээ сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй албан бичгээр (тухайлан Н.Тулгуурын талаар) илэрхийлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ