Хятадын сэтгүүлч Монголын сагсан бөмбөгчдийн тухай
Инчеон хотноо болж буй Азийн наадмыг суравжилж буй БНХАУ-ын сэтгүүлч Ну Жу Хуан улсынхаа хэвлэлд ийм нийтлэл бичжээ.
"Монголын сагсан бөмбөгийн спорт өдрөөс өдөрт сайжирч, хөгжиж байгаа гэдэг л бодит үнэн юм"
Олон улсын сурвалжлагчид Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхны тоглолтыг хараад алмайран гайхаж, анхаарлаа хандуулаад байна.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансаанд ч бичигдэж амжаагүй яваа билээ. Энэ баг олон улсын тэмцээний туршлага бага. Олон улсын тэмцээнд оролцлоо гэхэд онооны хол зөрүүтэйгээр хожигдож байсан нь их юм.
Гэтэл энэ удаагийн наадамд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхны харуулж буй тоглолтын ур чадвар Ази тивийн сагсан бөмбөгийн ертөнцийг цочролд оруулаад байна гэж хэлж болохоор. Хонгконгийг ялж, дараа нь Мальдивын шигшээг 112:54 гэсэн онооны хол зөрүүтэйгээр буулгаж авсан. Энэ хүртэлх тоглолтуудыг байж болох зүйл гэж үзэж болох л юм.
Гэвч үүний дараа тэд Кувейтийн шигшээтэй эн тэнцүү өрсөлдөн ганцхан онооны (81: 82) зөрүүтэйгээр ялагдсан. Ингэснээр тэд дараагийн шатанд тоглох эрхээ авч, дэлхийн чансааны 28-д жагсдаг Иорданы шигшээтэй тоглож 83 : 74-ийн харьцаатайгаар буулгаж авснаар олны анхаарлыг татлаа.
Монголын багийн тамирчид дунд мэргэжлийн тоглогч байхгүй. Банкинд ажиллах гэх мэт янз бүрийн ажил эрхэлдэг. Өдрийн хагаст нь ажлаа хийж, хагаст нь сургуулилтаа хийдэг.
Монголчууд өчигдөр Солонгосын багтай тоглож, сүүлийн хоёр үед олон оноо алдаж хожигдсон боловч өмнө нь хүнд тоглолтууд хийж ядраагүйсэн бол Солонгосын баг тэдний дараагийн золиос болоход ойрхон байлаа. Тиймээс олон улсын сэтгүүлч, сурвалжлагчид Монголын баг тамирчдын дасгал сургуулилтаа хэрхэн бэлтгэсэн талаар сонирхож эхэлсэн юм.
О.Баярцогт дасгалжуулагч болон багийн гишүүн Б.Билгүүн нар хэвлэлийн бага хурал дээр энэ талаар зах зухаас нь дурдсан. О.Баярцогт дасгалжуулагч хэлэхдээ, "Монголд сагсан бөмбөгийн лиг 1994 онд бий болсон бөгөөд нийт 7 багтай. Гэхдээ Солонгосын Pro league түвшнийх биш” гэж байлаа.
Багийн гишүүд нь мэргэжлийн тамирчид биш бөгөөд бүгд л өөр ажил эрхэлдэг байна. Солонгост суралцаж байсан багийн гишүүн Б.Билгүүн хэлэхдээ "Монголын багийн тамирчид дунд мэргэжлийн тоглогч байхгүй. Банкинд ажиллах гэх мэт янз бүрийн ажил эрхэлдэг. Өдрийн хагаст нь ажлаа хийж, хагаст нь сургуулилтаа хийдэг" гэлээ.
Тиймээс бүхэл өдрийг дасгалдаа зориулах боломжгүй бөгөөд О.Баярцогт дасгалжуулагч "Өдөрт ердөө хоёр цаг орчим сургуулилтаа хийдэг. Өглөө өөр өөрийн ажлаа хийж, үдээс хойш ажил тарсны дараа цугларч дасгалаа хийдэг. Лигийн тоглолттой байх үедээ долоо хоногт хэд хэдэн тоглолт хийдэг" гэж.
Сонирхолтой нь Азийн наадамд оролцоход багийн зүгээс тавьж байгаа цалингаас өөр, улсаас нь ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байна.
Тэгэхээр, ийм хүнд нөхцөлд ч Монголын сагсан бөмбөгийн спорт өдрөөс өдөрт хөгжин дээшилж байгаа нь гайхалтай юм даа.
Д.Жавхлан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ