Хотоор дүүрэн “дүлий” хүмүүс
CD тоглуулагч, MP зэрэг анх гарч байхад цөөн хэд нь, FM-тэй утас ашиглалтад орсноор нэлээд хэсэг нь, харин ухаалаг утас хэрэглээнд нэвтэрснээр бараг бүгд “дүлий” болцгоосон. Ялангуяа сургууль хичээл цуглах, тарах үеэр хотын гудамжны хаанаас л бол хаанаас чихнээсээ кабелийн утас унжуулсан залуусыг харж болно.
Хотын бөглөрөл дунд цагийг зугаатай өнгөрөөх зөв сонголт байж болох ч энэ нь аюулгүй байдал талаасаа хамгийн буруу сонголт гэж цагдаагийн байгууллагаас анхааруулав. Тэр дундаа замын хөдөлгөөнд оролцох үедээ чихэвч зүүсэн тохиолдолд орчны дуу чимээнээс тасарч, машины анхааруулах дуут дохиог хүлээн авах боломжгүй болсноос авто осолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг аж.
Бурхан юуны тулд хүнд таван мэдрэхүй хайрлалаа, тэрний нэгийг нь гадны биетээр дарангуйлчихаар дутуу ажиллагаатай болсон биед гэмтэл учрахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс оюутан залуус, сурагчдын эцэг эхчүүд энэ тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тэрчлэн энэ дашрамд дуулгахад байнга чихэвчний хөгжим хэрэглэх нь сонсох эрхтэний дотор чих буюу дуу чимээг хүлээж авдаг хэсгийн доторх мэдрэлийн эсүүдийг гэмтээж, сонсголын бууралтыг үүсгэдэг талаар эрүүл мэндийн байгууллагаас ч сануулж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ