"Би гурван жил Сэлбэ голын хог цэвэрлэхдээ нэг ч удаа шантарч байгаагүй ээ"
Бид энэ удаагийнхаа БҮТЭЭЛЧ-МОНГОЛ буландаа онцгой нэгэн зочныг урьж оролцуулж байна. Түүнийг С.Буянхишиг гэдэг. Тэрээр Чингэлтэй дүүргийн “Салхит” гэх газар “Сэлбэ” голын ойролцоо амьдардаг эгэл нэгэн айлын хүү юм. С.Буянхишиг 117-р сургуулийн 7Б ангид суралцдаг. Бид түүнээс ярилцлага авахын тулд сургуулийнх нь нийгмийн ажилтан болоод ангийн багшаас нь зөвшөөрөл авсны эцэст С.Буянхишигийн анги руу явж орлоо. “Эко” сурагчийн маань ангийн дүрсгүй хэдэн хөвгүүд “Буянхишигийн зургийг авах гэж ирсэн юм уу. Манай Буянхишиг ч од болоод бид нарт олдохоо байсан шүү дээ” хэмээн биднийг дуу шуутайхан угтан авлаа. Гуравдугаар ширээний хамгийн урд талын эгнээний зүүн гар талд суух нэлээд дэггүй болов уу гэмээр царайтай жижигхэн бор хүү “Эртхэн шиг голын хог цэвэрлэж байдаг байж. Тэгсэн бол Буянхишиг шиг од болохгүй юу” гэж хэлэн ангийнхаа хүүхдүүдийг хөгжөөв.
С.Буянхишигийг ангийнхан нь “Эко” сурагч гэж дууддаг аж. Тэрээр гуравдугаар ангид орох жилээ Баянхошуунаас “Салхит”-д нүүж ирсэн байна. Энд нүүж ирсэн цагаас хойш эцэг эх нь гол, горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй гэж захидаг байжээ. Тэр цагаас хойш С.Буянхишиг хүү “Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болсон байна. Тэрээр энэ голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан. Зуны улиралд С.Буянхишиг хүү өглөөнөөс орой хүртэл усны гутал өмсөн шуудайгаа чирсээр “Сэлбэ” голын эргийг өгсөж, уруудан алхдаг байна. Бяцхан биедээ ахадмаар энэ ажлыг сайн дураараа хийдэг энэ хүүд урмын үг хайрладаг хүн тун цөөхөн байдаг гэнэ. Харин ч хэнэггүйхэн зантай монголчууд цэвэрлэсэн газрыг нь ганцхан өдрийн дотор хогоор булж орхидог байна. Тэгсэн ч С.Буянхишиг шантарч, халшралгүйцэвэрлэсээр байгаад гэр бүлийнхэн болоод ойр орчных нь олон хүн бяцхан хүүгээр бахархдаг болов уу.
С.Буянхишиг хүү хичээлдээ явах замдаа шавар шалбаагтай хэсэгхэн газраар дайран өнгөрдөг. Хүмүүс шаварт зоогдохгүйн тулд машины дугуй, том чулууг цувуулан тавьж, түүгээрээ дамжин гардаг аж. Үүгээр бага ангийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдээ тэврээд шавар дээр гишгихгүйн тулд чулуу, дугуй дамжин гарч буй эцэг эхчүүд түүний нүдэнд их хэцүү харагддаг байна. Тийм учраас энэ шавартай хэсэгхэн газарт жижигхэн гүүр хийхийг хүсдэг хэмээн бидэнд хуучилсан. Хэрвээ хэн нэгэн түүнд тусалбал хэзээд хийхэд бэлэн гэсэн шүү. С.Буянхишиг хүү голын хог цэвэрлээд явж байхдаа их олон зүйл боддог гэж байлаа. “Сэлбэ” голын урсгалыг таслахгүй, хоггүй цэвэрхэн байлгахын тулд байгаль хамгаалагчтай болгоосой бас шөнөдөө маш их харанхуй учраас гэрэлтүүлэгтэй болгохыг хүсч мөрөөдөж боддог байна.
С.Буянхишигийг хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, салбарын сайд өөр хүүхэдтэй андууран нэр нэгтэй охиноос нь ярилцлага авч уулзсан гэдгийг саяхан мэджээ. Бид “Чамайг өөр хүүхэдтэй андуурсан гэдгийг сонсоод гомдохгүй байна уу” гэж асуухад “Үгүй ээ, би ерөөсөө ч гомдохгүй байна. Би голынхоо хогийг цэвэрлээд л явна. Надтай андуурсан Буянхишиг гэдэг охин хааяа голын хог цэвэрлэдэг гэсэн” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан хариулсан. Түүний хамгийн ихээр хүсдэг зүйл бол “Салхит”-д амьдардаг хүмүүс амралтын өдрөөр түүнтэй хамт голын хогийг цэвэрлэхийг хүсдэг гэлээ. Учир нь зарим үед голын эрэг дагуух хогийг цэвэрлэж дийлэхгүй, заримдаа шуудайтай хогоо даадаггүй аж. Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, голынхоо усыг цэвэр тунгалаг байлгахыг зааж сургаасай гэж хүсдэг байна. Ингээд бид ажилч хичээнгүй, үеийнхээ хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж буй “Эко” хүү С.Буянхишигтэй ярилцаж түүний дотоод ертөнцтэй бага ч гэсэн танилцахыг хичээсэн юм.
-ГОЛЫН ЭРЭГ ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН, УРСАЖ БАЙГАА УС НЬ ТУНГАЛАГ БАЙВАЛ ХҮМҮҮС “СЭЛБЭ” ГОЛЫГ ХАЙРЛАХ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ БОДООД ЦЭВЭРЛЭДЭГ-
-Миний дүү хэдүүлээ амьдардаг вэ?
-Манайх ам бүл наймуулаа. Аав ээж, хоёр эгч, нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Дүү нар маань 150-р цэцэрлэгт явдаг. Аав ээж хоёр барилгын дотоод засал чимэглэлийн бригадтай.
-Хичээлээ тараад юу хийдэг вэ. Зав л гарвал голын хог түүгээд явчихдаг гэж байсан?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ