“Засгийн газрын бүтцийг өөрчлөх үү, бүхэлд нь хариуцлага тооцох уу” гэдгийг бүх ард түмнээсээ асууя

“Засгийн газар есөн яамтай болох нь”,“11 яамтай болохоор тохирчээ”... Ерөнхий сайд “Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна” хэмээн “тунхагласнаас” хойш элдэв прогноз урссаар...Сайд хүүтэй ээжийн даралт ихэсч, сайд нөхөртэй эхнэр, сайд эхнэртэй нөхөр, сайд аавтай хүүхдүүд сандралдсаар 20-иод хонов.

Харин түүнийг мэдэгдэл хийсний дараа Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн “Ийгл” телевизид өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд бүх ард түмнээс сонгогдоогүй учраас түүнд Монголын ард түмэнд мэдэгдэл хийх эрх бүхий субъект мөн билүү” хэмээсэн нь бодууштай. Мөн тэрбээр хэвлэлийн хуудаснаа “АТГ-ын дарга хэлсэн шүү дээ. Ерөнхий сайд хувийн асуудлын талаараа ярьчих шиг боллоо гэж. Үнэндээ, Ерөнхий сайд их л олон асуудлаар нэр нь дуудагдлаа. Үүнийгээ шударгаар цэвэрлээсэй гэж хүн бүр бодожбайгаа. Ингэвэл Засгийн газрынх нь, Монгол төрийн нэр цэвэр болно шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүн өөрийгөө биш, төрийн нэр хүндийг бодоххэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайдынх нь тэр ч хүргэн, энэ ч охин, хамтарч ажиллаж байсан зөвлөх нь хэрэгт холбогдоод байхаар чинь төрийн нэр бузартаж байна. Ерөнхий сайд өөрөө хувийн эдгээр асуудлаанэг тийш шийдэх хэрэгтэй” хэмээсэн.

Ийм нэр хүндтэй Ерөнхий сайд асанаар тиймэрхүү дүн тавиулчихаад өөрийгөө Ерөнхийлөгчийн зиндаанд аваачиж мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг шинэ багийг “шинээр удирдаж” чадах болов уу. Харамсалтай нь түүнд ч, түүний Засгийн газарт ч эрхэм Д.Бямбасүрэн гуайн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэнчлэн “саналаараа огцрох” эр зориг байхгүй болов уу. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлэхдээ “МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод Ардчилсан намыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан. Тэр нь огцруулах гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль хүргэж байгаад нэгмөсөн тонгорох гэж байгаа юм. Танхимынх нь нэг сайд нь нэг охины хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг байгууллагынхаа нэр хүндийг бараад, сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй. Сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий”.

Энэ бол АН-ын хэрэг. Харин Төрийн хэрэг яах вэ. Юуны өмнө чухал ба чухал бусыг ялгаж суръя. Тухайлбал, тулгамдсан асуудал маань Засгийн газрын бүтцийн өөрчлөлт мөн үү. Магадгүй, бүтцийн өөрчлөлт дээр олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж байгаад хариуцлагаас мултрах оролдлого байвал яах вэ гэдгийг тулхтай бодож үзэх хэрэгтэй. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт тодорхой хэмжээнд дуулиан үүсгэнэ. Харин хариуцлага хүлээх ёстой гэх зарчмыг энэ дуулианаар баллуурдах гэвэл боломжгүй юм.

Тиймээс “Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна уу. Эсвэл муу ажилласан, үг, үйлдлийн болон эс үйлдлийн алдаа гаргасан сайд нарт хариуцлага тооцохыг илүүтэй хүсч байна уу” гэдгийг бүх ард түмнээсээ асуугаад үзэх хэрэгтэй. Энэ нь цаашид маш зөв жишгийг тогтоох юм.

УИХ-ын гишүүн, туршлагатай парламентач Д.Дэмбэрэл өчигдөр “Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа “Олон яам байгаадаа биш яам, Засгийн газрыг авч явах чадваргүй боловсон хүчин байгаатай холбоотой гэж бодож байна. Бүтцийн өөрчлөлтөөр халхавчлан хариуцлагаас мултрах ёсгүй. Манай төрд нэг том дутагдал байдаг. Энэ нь хариуцлагагүй байдлаа голдуу тогтолцоо, бүтэц бүрэлдэхүүн рүү тохоод өөрсдөө гэмгүй үлдэх гэж хичээдэг. Засгийн газрын тэргүүн бүтцийн өөрчлөлтөөр далимдуулж, хариуцлагаас мултарч үлдэж болохгүй” гэсэн нь яах аргагүй бодууштай үг. Эдүгээ төрийн өндөр алба хашиж байгаа улстөрчдийн хамгийн ахмад нь ингэж хэлж байгааг Ерөнхий сайд нэгэнтээ бодож үзэж болохгүй нь юу байх вэ.

Ерөнхий сайд танхимын зарчмын “хуучинсаг” аргаас өөрөөр ажиллахаар шийдсэн байж болох талтай. Яагаав, банкны байдал хүндрэхээр ашигтай, ашиггүй активыг ялгадаг нэг “модель” байдаг даа. Түүн шиг Засгийн газраас “алдаатай, алдаагүй” сайдаа ялгаад эхлэх нь л дээ. Гэхдээ үүнийг ард түмэн зөвшөөрөх юм уу. Олон нийтийн санал асуулгыг авъя, иргэдийхээ саналаар шийдье гэдэг “имиж”-ээ энэ удаад дагаач ээ гэмээр байна.

Одоогийн байдлаар хамгийн “но”-той сайдууд нь хэд хэдэн хууль зөрчсөн, өмч хөрөнгө шамшигдуулсан гэм буруутай нь илрээд байна. Тэднийг зүгээр л “давхар дээл”-ийг нь тайлаад явуулчихна гэдэг нь шагнасантай адил бус уу. Харин тэд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг л ард түмэн илүүтэй хүсч байгаа болов уу.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилснөөр төсвийн хөрөнгийг хэмнэнэ, төрийн “данхайсан” бүтцийг задалж жинхэнэ утгаар нь шинэчлэл хийнэ гэхчлэн олон талын ач холбогдлыг дурдаж буй. Гэхдээ иргэд эхний ээлжинд эдийн засаг хэмнэхийг бус “Төрийн сайдаар ажиллаж байгаад алдаа гаргасан бол огцрохоо гадна хариуцлага хүлээдэг” гэдгийг, цаашилбал тэрхүү танхимыг “муу” удирдсан Гүйцэтгэх засаглалын тэргүүн хамтдаа хариуцлага хүлээдгийг хармаар байгаа нь тодорхой юм.

Яг энэхүү санал асуулгыг л ард нийтээс авч, түүний дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх үү, эсвэл Засгийн газарт хариуцлага тооцох уу гэдэг кэйсийн хариугаар асуудлаа шийдвэл үнэхээр ардчиллынхан ардчилсан зарчмаар, ард түмний оролцоотойгоор шийдэлд хүрдэг юм байна гэдэгт итгэмээр байна.

Гэхдээ санал асуулга дээр “ажиллахгүй” байна гэдэг тун асуудалтай. Хардаж сэрдэхгүй ч байхын аргагүй том эрх ашиг юм. Энэ тохиолдолд хамгийн баталгаатай гарцыг Засгийн газар бодож олох хэрэгтэй. Онлайнаар санал асуулга явуулаад Засгийн газрын тэргүүний авахыг хүссэн хариуг авчирч өгөөд байх бус олон талын оролцоотойгоор ард иргэдээсээ санал авах нь чухал.

Ямартай ч болж бүтнэ гэж хамтдаа зүтгээд “Баяртай” гээд зарим сайдаа үддэг Ерөнхий сайдтай байж болохгүй. “Би танхимаа сайн удирдаж чадаагүйнхээ төлөө хүлцэл өчье” гээд огцордог Ерөнхий сайдтай Засгийн газар л Монголын ардчиллын нэрийн хуудас, төрийн түүхэнд хэрэгтэй байна. Мөн “ханатлаа хууль зөрчөөд” хаалга саваад гардаг бус, хариуцлагаа хүлээдэг сайд нарыг сонгогчид хүлээж байна.

Ерөнхий сайд аа, та нэг удаа ч гэсэн хэлсэн үгэндээ үнэнч үлдье гэвэл бүх нийтээсээ асуу даа. “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх үү, эсвэл Засгийн газарт хариуцлага тооцохыг хүсч байна уу” гэсэн ганцхан асуултын хариулт ардчиллын, таны удирддаг намын нэрийн хуудас болон түүхэнд үлдэг!

А.Мөнгөндөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин