Хатан туулд заналхийлсэн гурван километр
Хөрөнгө оруулалт нь хэдийнэ шийдэгдчихсэн ч зураг төслийн асуудлаас болж хойшилсон “Туул голын хурдны зам төсөл” цаг хугацаандаа хэрэгжсэн бол ирэх онд дуусах байлаа. Улаанбаатар хотын зүүн захаас баруун зах хүртэл Туул голын эрэг дагуу 33 км үргэлжлэх энэхүү хурдны зам нийслэлийн замын ачааллыг нэлээд хөнгөлөх учиртай юм. Гэвч Монголдоо анх удаа гэсэн тодотголтой энэ ажилд туршлага дутаж байгаа нь илт. Зураг төслийн шатандаа яваа энэ ажилд тодорхойгүй зүйл олон байна. Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийнхөн хэзээ зураг төсөл нь дуусахыг мэдэхгүй гэнэ. Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг ч хэзээ зарлах нь тодорхойгүй. Туул голын эрэг дагасан хурдны замд асуудал дагуулсан нэгэн үйл явдал саяхан болсон.Засгийн газраас нэгэнт баталчихсан трассыг маршалын гүүрнээс зүүн тийш нэг километр, баруун тийш хоёр километр нийт гурван километр зайд өөрчлөхөөр болсон гэсэн мэдээлэл олны дургүйцлийг хүргэлээ. Учир нь тус хэсэгт байх орон сууцны хоёр хотхоны дундуур зам явах байсан ч боломжгүй болсон тул уг гурван километр замыг урдуур нь буюу Туул голд тулгаж хийхээр өөрчлөх асуудал гарав. Хэрэв трассыг ингэж өөрчилбөл эрэг дагуух бургас, олон тооны мод бут сөөг устаж, голын голдрил, цаашлаад нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голд ноцтой аюул нүүрлэж таарах нь. Тухайлбал, Маршалын гүүрний баруун хойно байрлах хаус хотхон голоос ердөө 33 метрт байрлаж байна. Тэгэхээр урдуур нь зам явах тохиолдолд яалт ч үгүй голын эрэг дагуух бургас, моднууд устаж таарах гээд байгаа юм.
Энэ асуудлыг “Гудамж” төслийнхөн няцаасаар байна. Тодруулбал, “Трасс өөрчлөх тухай ямар ч шийдвэр гараагүй. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Саяхан яригдсан асуудал зөвхөн судалгааны шатанд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ямар ч замыг барихад анх төлөвлөсөн зураг төсөл нь өөрчлөгдөж болдог. Судалгааны шатанд байгаа тодорхой болоогүй мэдээлэл” гэж хариулав. Өөрөөр хэлбэл, тэд трасс өөрчлөх тухай судалж байгаагаа үгүйсгэсэнгүй. Бас тодорхой мэдээлэл ч өгсөнгүй. Дээрх гурван километр замын трассыг өөрчлөх тухай хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд өгсөн байдаг.
Харин яамны зүгээс хуулийн дагуу байгаль орчны үнэлгээндээ нэмэлт тодотгол хийхийг сануулсан албан бичгийг явуулсан гэж Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган хэлсэн юм. Гэвч энэ ажил мөн л эхлээгүй, хэзээ эхлэх нь тодорхойгүй гэсэн мэдээллийг “Гудамж” төслийнхөн өглөө.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас баталсан замын трасст өөрчлөлт оруулахаар судалж байгаа нь үнэн болж таарав. Энэ тухайгаа удахгүй Засгийн газарт санал оруулахаар зэхэж байна. Харин анхны төлөвлөлтөөрөө орон сууцны хоёр хотхон дундуур замаа гаргах уу, Туул голдоо тулган барих уу гэдэг эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ