Юүдэнтэн бүлгийн MC Ganza Munhag: Монголын хип хоп реп урсгалын хөгжлийн чиг хандлага буруу явж байна
-Юүдэнтэн бүлэг маань нийгэм, залуусын сэтгэхүйг өөрчлөх уран бүтээл хийнэ-
Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг дуу хөгжмөөр илэрхийлдэг урлаг бол хип хоп. Амьдарч буй нийгмийнхээ бусармаг зүйлсэд уурссан бухимдлаа илэрхийлдэг учраас тэднийг нэг үе хэт их хараал хэлдэг хэмээн гоочилдог байсан ч өдгөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж хөгжсөөр буй. Монголын хип хопчин залуус ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн он цагтай зэрэгцэн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Тэдний нэг бол 2000 оны эхээр “Хэрүүл зодоон”, “Ялтан” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан Эсэргүү хамтлаг юм. Тухайн үед Family Biz бүлгэмд харьяалагдаж байсан Эсэргүү, Нян тараагч, Нийгмийн дайснууд, Mathemathikca хамтлагууд нэгдэн Юүдэнтэн хэмээх бүлгийг байгуулжээ. Сүүлийн үед сошиаль медиад “Реп нэрмэл” дуугаа цацаж залуусын талархлыг хүлээж буй тус бүлгэмийн дуучин Ганзатай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Энэ өдрийн мэнд хүргэе. www.youtube.com-оос та нарын дуулсан “Реп нэрмэл” дууг сонслоо, ойрд сонсоогүй сайхан уран бүтээл болсон байна. “Эсэргүү” хамтлаг дахин нэгдэж уран бүтээлээ хийж эхэлсэн бололтой?
-Баярлалаа. Манай “Реп нэрмэл” дуу маань бидний “Нохойн дуу” цомгийн эхний уран бүтээл. Энэ дуу маань цомгийн ерөнхий уур амьсгалыг төлөөлж чадах байх. Энэ дууны beat-ыг Мянгаа гээд манай найз маань хийсэн. Харин клипийг Нян тараагчид хамтлагт хамт дуулж байсан Баагий гэдэг найз маань хийсэн юм. Харин бүжгийг Onyx crew хамтлагийн дүү нар маань бүжиглэж өгсөн. Тэдэндээ баярласнаа илэрхийлье.
Бидний хувьд ерөнхийдөө уран бүтээлээ ор тас орхиогүй, хип хопд дуртай учраас олон нийтэд хүргээгүй ч өнгөрсөн хугацаанд сонирхлынхоо дагуу дуугаа хийсээр байсан.Харин 2012 оноос Эсэргүү, Нийгмийн дайсан, Нян тараагч, Mathimathikca гэх нэг үеийн хамтлагийн залуус нэгдэн Юүдэнтэн гэх бүлгийг байгуулснаар уран бүтээлдээ эрчимтэй орсон.
-Та бүхэн нэгэн үе өөрийн гэсэн сонсогчидтой, тойрон хүрээлэгчидтэй байсан. Тиймээс тэр орон зайгаа үгүйлэн дуунуудаа нийтэд хүргэхээр шийдсэн үү?
-Бидний хувьд тус тусын амьдрал ахуйдаа анхаарал хандуулж нэг үе уран бүтээлээс түр завсарга авсан л даа. Харин найз нөхөд, ойр дотны хүмүүс маань та нар хийж байгаа дуунуудаа хүнд хүргээч ээ, ер нь та нарын урсгал Монголын хип хопд байхгүй боллоо гэж их хэлдэг байсан. Нэг ёсондоо яг цэвэр репийг ойлгодог хүмүүсийн захиалгаар бид нэгдэж, уран бүтээлээ олон нийтэд цацаж эхэлж байна гэж ойлгож болох юм. 1997-1998 онд хип хопыг шимтэн сонсдог байсан хүүхдүүд өдгөө нас биед хүрсэн. Гэтэл тэдэнд хип хопыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн уран бүтээл үгүй болж, нэг ёсондоо сонсох зүйлгүй болжээ. Ний нуугүй хэлэхэд одоогийн Монголын хип хоп реп урсгалын хөгжлийн чиг хандлага буруу явж байна. Хөгжиж байна гэх боловч үнэндээ ямарч шинэлэг юм алга. Реп агуулгаа алдаж урсгал стилиэ тодорхойлж чадахгүй боломжгүй болж комершелнь ч бай юу нь ч бай бүгд нэг хайрцганд орсон байна. Энэ нөхцөл байдал биднийг эргэн дуулахад маш том нөлөө болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ