О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ
Азийн наадмын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр 586 оноогоор 2-р байраар шигшээ буудлагад шалгараад байсан. Мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын мэргэн бууч, олимпийн аварга Чень Интэй халз өрсөлдөж, ялагдсан. Хүрэл медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Квак Жун Хэйгтэй өрсөлдөж, 7:3-ын харьцаагаар яллаа.
Энэ төрөлд БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд БНСУ-ын гурван тамирчин шигшээ буудлагад шалгарсан ч IV-VI байрт шалгарлаа.
Манай мэргэн бууч бүсгүйчүүд багийн дүнгээр БНСУ, БНХАУ, Энэтхэгийн багийн ард 1727 оноогоор 4-р байрт шалгарсан юм. Энэ дасгалд ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Б.Мөнхзул нар 570 оноогоор 23, 24-р байрт шалгарлаа.
Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг хүрэл медаль хүртэж, "Инчён-2014" Азийн наадмын анхны медалийг авчирсан. Өнөөдөр 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд онч сорьсон мэргэн буучид маань багаараа IV байр эзэлж, О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү Монгол баг жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль, нийт 9 медаль хүртсэн амжилттай явна. Энэхүү амжилтаараа БНХАУ (15+11+12), БНСУ (13+11+10), Япон (7+8+11) улсын ард дөрөвдүгээр байрт жагсаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ