Хэвлэлийнхний итгэлтэй түнш болсон Америк Нострадамус

1979 онд Ираны шахыг АНУ-ын ерөнхийлөгч Картер Ойрхи Дорнодын тогтвортой байдлын цамхаг гэж хэлэхийг сонсоод Gerald Celente хэмээгч эр түүнтэй санал эс нийлжээ.

Тэрээр Иранд хувьсгал гарна гэж тооцсон бөгөөд бүх мөнгөө алт, нефть хоёрт оруулжээ. Үнэхээр л Иранд хувьсгал гарч шахыг унасны дараа алт, нефтийн үнэ цовхчиж эхлэв. Херальд үнэ ханшийн зөрүүгээс олсон мөнгөөрөө Өөрчлөлт судлах хүрээлэн байгуулсан нь өнөө ч ажилласаар, бас чамгүй ашигтай байгаа аж.

Тэрээр 2012 он гэхэд 1929 оны “Их хямрал”-аас хавьгүй илүү хямрал Америкт нүүрлэнэ гэж мэдэгдэн айдас төрүүлж байна. Ажилгүй, орон гэргүй, эд хөрөнгөгүй олон олон хүмүүс эсэргүүцлийн жагсаалд нэгдэнэ. Өлсгөлөн эхэлнэ. Хувьсгал болно. Эцэст нь АНУ хэт их гүрний байр сууриа алдана гэж тэрээр хэлж байна.

Хүн хүнээ барьж иднэ гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ л идэх юм шинэ жилийн хамгийн үнэтэй бэлэг болж хувирна гэж Америкийн “Нострадамус” маань зурагтад ярилцлага өгөхдөө хэлжээ.

Түүнийг мэдрэл муутай хүн гэж бодож байна уу? Тэгвэл АНУ-ын нөлөө бүхийн мэдээллийн хэрэгслийн хөтлөгчид юу гэж байна вэ?

CNN: "Бид гол чиг хандлагын талаар мэдэхийг хүсэхээрээ Херальд Селентед ханддаг".

CNBC: "Түүнээс илүү таамаг дэвшүүлэгч байхгүй. Тэр бол юу хэлж буйгаа мэддэг хүн".

New York Post: "Хэрвээ Нострадамус өнөөдөр амьд байсан бол Херальдын хаана ч хүрэхгүй л байх байсан даа"

The Wall Street Journal: "Тулхтайхан таамаглал сонсъё гэсэн хүн Өөрчлөлт судлах хүрээлэн рүү очдог".

Херальд 1980 оноос тус хүрээлэнг толгойлж, сар тутмын сэтгүүл гарган эдийн засгийн гол шинжээчээр нь ажилладаг. Тэрээр ЗХУ-ын задрал, 1987 оны хөрөнгийн зах зээлийн хямрал, 1997 оны Азийн мөнгөний хямрал зэргийг урьдчилан хэлсэн бөгөөд жижиг сажиг таамаг гэвэл үй түм бий.

Зөнч маань 2006 онд л Америкт эдийн засгийн хямрал нүүрлэнэ, үүний шалтгаан нь америкчууд дунд, дундаас доогуур орлоготой атлаа өр зээл ихтэй явдал, дундаж давхаргынхан ядуурна хэмээж байсан нь төд удалгүй батлагдаж эхэлсэн билээ.

Үнэхээр 2008 оноос эхэлсэн эдийн засгийн хямрал зөвхөн АНУ төдийгүй дэлхийн олон орныг хамраад байна.

Селенте юуг үндэслэж ийм таамаг дэвшүүлж байгаагаа хэзээ ч хэлдэггүй учраас түүний үгийг хэр бодитой гэж хүлээж авахаа олон хүн мэддэггүй.

Мөн судалгаа шинжилгээний үндсэн дээр дүгнэлт хийв үү, аль эсвэл зөн билгийн хүчээр хэлээд байна уу, яагаад хэлсэн бүхэн нь оноод байна гэдгийг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин