Оршин суугчдын жаргах замд Орчлон констракшн садаа болжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II, III хрооны оршин суугчид бидэнд хандсан юм. Иргэдэд тохиолдоод байгаа асуудлыг товчхондоо төр нь оршин суугчдынхаа эрх ашгийн эсрэг, хөрөнгө мөнгөтэй компанийн талд зогсжээ хэмээн тодорхойлж болно.

Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг уншигчид сайн мэднэ. Тэдгээр байрнуудыг энэ жилээс дахин төлөвлөлтөд хамруулан нурааж буурин дээр нь цоо шинэхэн орон сууцнуудыг сүндэрлүүлэх болсон юм.

Гэтэл иргэдийн хүсэн хүлээж байсан зүйлд дүүргийнх нь засаг дарга болон төрийн түшээдтэй харьцаад сурчихсан ичих нүүрээ элгэндээ наасан компани саад болсоор удсан байна.

Шинэ орон сууц барих тендерт Фүжи Холдинг ХХК, Орчлон констракшн ХХК өрсөлдөж байгаа аж. Фүжи Холдинг нь монголчуудад хэдийнэ шалгарсан чанар болоод буй япон технологиор орон сууцнуудыг барина, тэр хугацаанд Нэхмэлийн шарын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон түрээсийн байрны мөнгийг олгон, улмаар орон сууцуудаа барьж дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байрыг нь хүлээлгэж өгөхөө санал болгожээ.

Тэгвэл тэдний өрсөлдөгч Орчлон констракшн ХХК-ийн зүгээс албан тушаалтнуудтай л учраа олж байвал иргэдийн юу гэх нь хамаагүй гэсэн байдлаар харьцаж эхэлсэн нь Нэхмэлийн шаруудын оршин суугчдын дургүйцлийг хүргэжээ.

Тэд өрх бүрт 3.5 метр квадрат талбай нэмж өгөхөөр амласан ба үүнийгээ тэнгэрийн хишиг мэт иргэдэд хүчээр ойлгуулах гэж оролдохдоо элдвээр дарамталж, доромжилж иржээ. Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг саяхан нэхмэлийн шаруудын байрны дарга, оршин суугчдыг цуглуулж хуралдахдаа Орчлон констракшнаар л байраа бариул хэмээн ятгах загнахын хооронд баахан хашгичиж байгаад явсан байна.

Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын байр болох олон давхар өндөр байрыг Орчлон констракшн барьж хүлээлгэн өгсөн. Гэтэл Засаг дарга нь нэг л компаниас зүүгдээстэй байгаад нь иргэд цаана нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна хэмээн хардаж байгаагаа бидэнд хэлсэн юм. Ингээд тэдний сэтгэгдлийг уншигчдадаа хүргэе.

-Орчлон констракшныхан иргэдтэй хэт доромжилж дээрэлхсэн өнгө аясаар харилцаж та нар наад өмхий юмнаасаа салахдаа юун дургүй юм гэдэг бол дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг хоёр компанийн хооронд сонгууль шиг л юм болж байна гэж бидний 40 50 жил амьдарсан гал голомтыг, үр хүүхдүүд маань дахиад 40, 50 жил амьдрах орон байрыг маань дөрөвхөн жилийн хугацаатай хар хор дүүрсэн сонгуультайгаа жишиж байна.

- Одоо Орчлон констракшн хотын лавтай 2, 3 байршилд том барилгууд барьж байгаа ч тэд нь ямар нэг зөрчил буруу ажиллагаанаас болоод зогсчихсон, царцаагдчихсан байгаа. Урдах ажлаа хийж чадахгүй байж энэ олон байрны энэ олон иргэдийн гэр орныг царцаачих вий гэж бид их санаа зовж байна.

-Дахин төлөвлөлтөд орж байгаа байрнуудын ихэнх оршин суугчид мэдээж хэрэг 3.5 биш 8 метр квадрат талбай нэмж амласан компанид л санал өгч байгаа. Нийслэлийн дарга Э.Бат-Үүл “Иргэд өөрсдөө эвлэлдэн нэгд ээ, тэгээд компаниа сонгоод ир бид албажуулаад өгье” гэж байсан. Тэгсэн мөртлөө ингээд хот, дүүргийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах нь битгий хэл эсрэг талд нь зогсод байгааг юу гэж ойлгох вэ.

- Хүн бүр л Япон технологиор орон сууцаа бариулахыг хүсэж байна. Бид Орчлонгийн өмнөх байрнуудын чанар чансаа, ямар муу барилга барьдаг олон асуудал но-г бүргдийг мэдээд татгалзаад байхад хүчээр бидэнд шахаад байна.

- Иргэд биднийг залхаад бууж өгнө гэж Орчлонгийнхон бодож байгаа байх. Бид эрх ашгийнхаа төлөө тэмцэнэ ээ, бидний юмыг бидний зөвшөөрлөөр өөрчилж барих гэж байгаа байж тулган шаардсан, төрийн түшээдтэй нийлж дарамталсан байдлаар харьцаж байгаад бид гомдолтой байна.

-Дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг яагаад нэг компанийн менежер мэт аашлаад байгаа юм бэ. Дүүргийнхээ тамгын газрын байрыг Орчлонгоор бариуллаа, болоо юм биш үү. Иргэд тэгвэл Орчлонг хүсэхгүй байна шүү дээ.

Гэх мэтээр II хорооны Б.Халиун, П.Доржсүрэн, С.Нарантөгс нарын тэргүүтэй иргэд, оршин суугчид бидэнд гомдоллосон юм. Төр нь яагаад заавал иргэдийнхээ эрх ашгийн эсрэг зогсоод байдгийг учрыг мэдэх хүмүүс тайлбарлах байх хэмээн тэд горьдож сууна. Тэд өөрөө өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол өөрийн гараараа нэрийг нь дугуйлж сонгуулиар сонгосон эрхтэн дархтнууд хэзээ ч тэднийг тоохгүй болохыг ойлгосон байна.

Ингээд тэд Орчлон констракшны өмнө нь ашиглалтад оруулсан байрны зургуудаас бидэнд өгсөн юм.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин