Улаанбаатар Өвлийн Универсиад наадмыг 2033 онд зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөнө
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авах бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Монголын Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан танилцуулсан юм.
1923-1949 онд Дэлхийн Оюутны Спортын хөдөлгөөн эхэлсэн бөгөөд 1949 онд анхны Универсиад наадам болж, Олон Улсын Оюутны спортын холбоо байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар 173 гишүүнтэй, 60 орчим Олон Улсын спортын холбоодтой хамтран ажилладаг байна.
Олон Улсын Оюутны спортын холбоо нь удирдах зөвлөлийн 8 гишүүнтэй, Ерөнхий Ассемблейгээс Гүйцэтгэх хорооны 23 гишүүнийг сонгодог журамтай. Тус холбоо нь сондгой жил бүр өвөл, зуны Универсиад наадам, тэгш жил бүр оюутны ДАШТ-ийг зохион байгуулдаг.
2013 оны Өвлийн Универсиад наадам Итали Улсын Трентино хотод болсон бол 2015 онд Испанийн Гранада хот, 2017 онд Казахстаны Алма-Ата хот, 2019 онд ОХУ-ын Красноярск хотод болно. Универсиад наадмыг зохион байгуулах эрхийг 6 жилийн өмнө олгодог байна. Харин энэ эрхийг авахын тулд тусгай босго, нөхцөлийг тус хот нь бүрдүүлсэн байх шаардлагатай.
Тухайлбал тэмцээнд зохион байгуулах барилга, байгууламжийн шаардлагыг хангасан байх, нээлт, хаалтын арга хэмжээ, проткол, мандат, тамирчдын тосгон, сайн дурын ажилтнууд, эрүүл мэндийн үйлчилгээ, допингийн хяналт, тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоог өндөр түвшинд бэлтгэж, аюулгүй байдал байдал, ослын үеийн ажиллагаа, кэйтэринг, хоол, спонсор, маркетинг, зар сурталчилгаа, соёл, нийгмийн болон тусгай зочдод зориулсан хөтөлбөр, ёслолын арга хэмжээг тусгайлан зохион байгуулах ёстой.
Заавал зохион байгуулах 12 спортын төрлийн хүрээнд нийт 60 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг тул мөсөн байгууламж, талбай төрөл бүрт 2-оос доошгүй, цасан дээрх спортын арга хэмжээ явуулах нийт 10 байгууламж, талбайтай байх бөгөөд эдгээр байгууламжийн хооронд зам тээвэр, холбоо харилцаа хангалттай байх шаардлагатай юм.
Тус наадам төлөвлөгөөний дагуу 11 өдөр үргэлжилдэг бөгөөд 50 орны 3000 гаруй оролцогч оролцдог.Энэ наадмыг зохион байгуулсанаар олон улсад спортын арга хэмжээ зохион байгуулах чадавхтай гэдгээ харуулах, олон улсын спортын талбарт нэр хүндээ өсгөх, аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлэх, спортын үйл ажиллагаанаас ихээхэн орлого олох, цаашлаад дэлхийн анхаарлыг татах маш том боломж гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Зохион байгуулах эрх авахын тулд болзол, нөхцөлийг хангаснаар Улаанбаатар хот нь эрүүл, ухаалаг шийдэл бүхий хот болно.
Энэ наадмыг зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөх, бэлтгэл ажлыг хийх нь Монгол Улсад зуны олимпийн наадмыг зохион байгуулах томоохон зорилгод хүрэх хамгийн чухал алхам болно гэдгийг Монголын Оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан онцолсон юм.
Наадмыг угтаж Улаанбаатар хотод орчин үеийн хотын дэд бүтэц, Универсиадын тосгоны цогцолбор, их дээд сургуулийн техникийн бааз суурь, орчин үеийн зардал багатай, спортын цогцолборууд, нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, хурдны зам, тээврийн дэд бүтэц зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэх учиртай.Нийслэл УИХ-аар “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн нь тус наадмыг зохион байгуулах эрх авахын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгааг албаныхан онцолж байна. Бусад орны жишгээр Өвлийн Универсиадад барилга байгууламж, тэмцээн уралдааны зардалд 200-300 сая орчим евро зарцуулдаг гэх тооцоо байгаа.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Өвлийн Универсиад наадмыг2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг нь мөрөөдөл биш. Тооцоо, судалгаа, боломж, нөхцөлөө харвал энэ зорилтод бид хамтдаа хүрч чадна” гэдгийг тодотгон хэллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд энэхүү томоохон зорилтод хамтдаа хүрэхийн тулд наадмыг зохион байгуулах эрх авах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийгМонголын Оюутны спортын холбоотой хамтран байгуулах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ