Гурилын үнийг тогтоолоо
ҮХААЯ–наас гурилын үнийг тогтоосон талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр ҮХААЯ, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Тариаланчдын холбооны удирдлагууд уулзаж, улаан буудайн үнэ, урамшууллын талаар гурван талт хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн үед тариаланчид урамшууллыг нэмж өгөх хүсэлт тавьж, удтал ярилцсаны эцэст 450 төгрөгийн урамшуулалтайгаар жишиг үнийг тогтооё гэж ярилцжээ. Ийнхүү нэгдүгээр гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй барихаар тохиролцсон гэв.
Гурилын үнийг барихад нөлөөлдөг гол хүчин зүйл бол импортын гурил. Тухайлбал, ОХУ-д гэхэд жилд 70-80 сая тонн улаан буудай хураадаг аж. Хойд хөршөөс орж ирсэн хямд гурил нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг гэлээ. Ямартаа ч “Алтан тариа”-ны нэгдүгээр гурил нэг кг нь 810 төгрөгөөр үйлдвэрээсээ гарахаар болжээ. Өөрөөр хэлбэл, гурилын үнэ өсөхгүй юм байна.
Мөн хэвлэл мэдээллээр дамжуулан иргэддээ хандан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал "ҮХААЯ нь үнэ тогтоодог байгууллага биш юм. Энэ талаар иргэд ташаа ойлголттой байдаг" гэдгийг цохон тэмдэглэхийг хүслээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ