Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулга: Цогцос алга болоогүй, харин солигдсон нь үнэн
Шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Бид энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодруулсан юм.
-Танай байгууллагын харьяа шүүх эмнэлгээс цогцос алга болсон гэх мэдээлэл олныг гайхашруулаад байна. Чухам юу болсон талаар албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй болов уу?
-Шүүх эмнэлгээс цогцос алга болсон биш солигдсон асуудал гарсан нь үнэн. Солигдсон хоёр цогцсын тухайд наймдугаар сарын 10-нд манайд ирсэн байсан. Нэг нь гэртээ нас барсан, нөгөөдөх нь Хан-Уул дүүргээс харицах эзэнгүй нэр хаяг тодорхойгүй гэж ирсэн байсан. Тухайн үедээ хоёуланг нь задлан шинэжилгээнд оруулж, нэгнийх нь оршуулга наймдугаар сарын 13-нд явагдсан. Нөгөөдөх нь сүүлд нь эзэнгүй гэдгээр оршуулагдсан.
Гэтэл нэг ар гэрийнхэн нь есдүгээр сарын найманд манайд ирж, цогцос солигдсон гэсэн гомдол гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг гарч шалгахад үнэхээр цогцос солигдсон болохыг тогтоосон. Ингээд бид удирдлагын хэмжээнд хоёр айлаасаа уучлалт хүсээд оршуулгын ажил өнгөрсөн долоо хоногт явагдаж дууссан.
-Тэгэхээр энэ бол танай ажилтнуудын хариуцлагаас болжээ. Хариуцлага алдсан ажилтнуудад ямар хариуцлага тооцох вэ?
-Бид энэ талаар тухайн үед нь Хуульзүйн яаманд мэдэгдэж, тэндээс ажлын хэсэг гарч албаны шалгалт явуулж байна. Мөн дотоод аудитын газраас албаны шалгалт явуулахад гэмт хэргийн шинжтэй байсан учраас Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн үед ажлын хариулага алдсан ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийг шалгах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд яваа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ