Зорчигчдын амиар дэнчин тавих автобусны жолооч нар
Автобусны жолооч нар соёлгүй нь байсан. Зүгээр явж байснаа доторхи хүмүүсээ шигшиж зай гаргахын тулд огцом тоормос гишгэх, эсвэл хүмүүс бууж амжаагүй байхад хаалгаа хаагаад хэн нэгний гар хөлийг хавчих гэх мэтээр бүдүүлэг авирладаг жолооч зөндөө л байдаг. Гэхдээ сүүлийн үед арай хэтэрхий бүдүүлэг авирладаг болоод байх шиг санагдана.
Үүнийг бичигч би саяхан нэг автобусанд суусан юм. Миний суусан “Хайлааст УБИС” гэсэн автобус 84-ийн гэж нэршсэн буудал дээр “Хайлааст хархорин” гэсэн хаягтай ногоон өнгийн автобустай урд хойноо орон уралдаж “Формула” уралдаанд оролцож байгаа юм шиг л дуут дохиогоо хангинуулсаар очиж зогслоо.
Буудал дээр байгаа хүмүүсийг түрүүлж ачихын тулд ийнхүү хоорондоо уралдаж байгаа нь ойлгомжтой байлаа. Яг л микро автобуснууд зорчигчдоо булаалдан машин сүлжин давхилддаг шиг. 84-ийн буудал дээрээс хөдлөх үед миний суусан автобус “Хархорин” гэсэн хаягтай автобусанд хаягдаж , ард нь хоцорсон юм.
Гэвч автобусны жолооч шартай эр бололтой түрүүлж давхисан автобусны араас мөшгин элдэж буудал дээр араас нь гүйцэж очоод шууд хажуу талаар нь гараад давхих гэтэл “Хархорин” гэсэн хаягтай автобусны жолооч өмнүүр нь хөндөлсөн зам хаачихав. Үүнээс болж хоёр жолооч сөргөлдөн, ана мана ач тач хэрэлдэнбөөн юм боллоо.
Микроны жолооч нар л ингэж хэрэлддэг дээ гэж бодож байтал нэг их удалгүй хоёр жолооч амаа хамхиж автобуснуудаа хүр хийтэл асаагаад цаашаа ахиад л буудлаас буудлын хооронд дамжин уралдах нь тэр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ